Алдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна


5-р сарын 20
17 цаг 07 минут

Энэ жил 11 294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байна. Энэ нь өмнөх оныхоос 526-аар их үзүүлэлт бөгөөд одон гардаж байгаа эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулсан юм.

 Олон хүүхэд төрүүлж өсгөн,  “Эхийн алдар” одон хүртсэн ээжүүдийн сэтгэгдлийг хуваалцлаа.  

“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой ээж Б.Золжаргал:

-Монголын бүх сайхан ээжид баярын мэнд хүргэе. Үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж байгаа ээжүүдийг хүндэтгэж Төрийн тэргүүн одон гардуулна гэдэг сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал. Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг тийм амар биш ч асар их жаргалтай, утга учиртай амьдрал байдаг. Манайх гурван хүү, гурван охинтой. Хүүхэд төрүүлж, төлөв төвшин сайн хүн болгон хүмүүжүүлэхэд сайн хань, сайхан аав ээжийн түшиг дэм асар их. Мөн хүүхдүүдээ эрүүл энх өсгөхөд эрүүл агаар, эрүүл хэв маягтай орчин их чухал. Тийм учраас ханьтайгаа ярилцаад хөдөө орон нутагт ажиллаж амьдрахаар шийдэн Сэлэнгэ аймгийг сонгон суурьшаад байгаа. Бидний энэ шийдвэр хүүхдүүдийнхээ төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэж боддог. Сайхан нутагт, өөрсдийн маллаж буй малын шим сүүгээр бэлтгэсэн эко хүнс хэрэглэж, хүүхдүүдээ эрүүл энх өсгөн, сэтгэл амгалан амьдрах үнэхээр сайхан.

“Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой ээж О.Анхтуяа:

-Ээжүүдийг “Эхийн алдар” одонгоор шагнана гэдэг үнэхээр сэтгэл хөдлөм сайхан үйл явдал байдаг юм байна. Үр хүүхэд төрүүлэн, эрүүл энх бойжуулж өсгөх нь ээж хүний өндөр хариуцлагатай алба гэдгийг төр засаг харж, урам өгч баярлуулна гэдэг сайхан юм. Эмэгтэй хүн хэдий чинээ сайн ханьтай байх тусам олон хүүхэд төрүүлж өсгөх зоригтой байдаг гэж ярьдаг. Хүүхдүүд маань хөдөлмөрч, хүн чанартай, эрдэм боловсролтой иргэн болоход ээж, аав бүхний хариуцлага их. Тэр хариуцлагаа манай гэр бүл аз жаргалтайгаар үүрч, биелүүлж яваа. Олон ээжтэй зэрэгцэн Эхийн одонгоо энгэртээ зүүх мөчид үр хүүхдээ эх орондоо хэрэгтэй сайн хүн болгож хүмүүжүүлэх хүндтэй үүрэгтэй хүн гэдгээ илүү их мэдэрдэг юм байна.

“Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой ээж Б.Халиун:

-Сайхан хүүхдүүд төрүүлснийхээ төлөө ийм сайхан одон энгэртээ зүүхээр их баярладаг юм байна. Хайртай гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдарч, үр хүүхдийнхээ төлөө ханьтайгаа хамтран зүтгэнэ гэдэг нь хүн болж төрсний хамгийн сайхан нь байх. Хүүхдүүдээ улс орондоо хэрэгтэй хүн болгож өсгөх маш эрхэм, маш нэр хүндтэй үүрэг ээж бүхэнд бий. Ээж хүний тийм сайхан үүргийг одон авах үед илүү их мэдэрдэг юм байна.“Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой ээж Б.Цасчимэг:

-Үрсээ эх орондоо ихийг бүтээх эрдэмтэй, сайн хүн болгон өсгөх сайхан мөрөөдөл ээж бүхэнд байдаг. Манайх гурван хүүтэй. Том хүү маань 11, бага хүүхэд маань нэг ой долоон сартай. Хөвгүүдээ эх орондоо ихийг бүтээх чадварлаг инженерүүд болоосой гэж хүсдэг. Охидоо өөрсдийнхөө хүсэл зоригоор ирээдүйгээ бүтээг гэж боддог. Энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд ээж хүний хариуцлагаа чанд ухамсарлаж, өөрөөс шалтгаалах бүхнээ хүүхдүүддээ зориулахыг хичээнэ. “Эхийн алдар” одон ээж хүний хүсэл мөрөөдөл, хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлийг улам илүү хүч оруулдаг сайхан одон юм. 

Хүн амын өсөлтийг дэмжих бодлогоор 1957 онд бий болгосон “Эхийн алдар” одонг олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд олгож ирсэн. Зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийг Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийг Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонгоор шагнана гэж хуульчилсан байдаг.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.