Манай улс сансрын анхны хувийн хиймэл дагуулыг маргааш хөөргөх гэж байна.
Анхны хувийн гэдэг нь үүний өмнө Монгол Улс “Мазаалай” нэртэй хиймэл дагуул бүтээн хөөргөсөн бол энэ удаа “ONDO” группийн “ONDO SPACE” компанийн залуучууд Монголын анхны хувийн, арилжааны хиймэл дагуулыг бүтээснээ маргааш буюу гуравдугаар сарын 5-ны өдрийн үүрээр АНУ-ын сансрын хөлгийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд хөөргөн гаргах гэж байна. Энэ үйл явдлыг шууд дамжуулах аж.
“ONDO SPACE” компанийн бүтээсэн хиймэл дагуулыг Япон улсын “Кюүшү” технологийн дээд сургуулийн тусгайлсан лабораторид угсарч бэлэн болгожээ.
Өнөөдөр дэлхий нийт, олон улс орон сансрын уудам орон зайг ашиглан бизнес-эдийн засгийн нэгэн шинэ салбарыг эхлүүлээд байна. Монгол Улс, Монголын залуучууд үүнээс хоцролгүй өөрийн хиймэл дагуулыг бүтээн хөөргөж буйг “ONDO” группийн гүйцэтгэх захирал Б.Мандуул хэллээ. Ингэхдээ сансрын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан нэвтрүүлж буйг онцоллоо.
“Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд оролцсон Монголын эрдэмтэн мэргэжилтнүүд “ONDO SPACE” компанийн сансрын аппаратыг бүтээж хөөргөхөд мөн оролцож буйг тэрбээр мэдээллээ.
“ONDO SPACE” компанийн бүтээсэн ONDOSAT OWL-1, OWL-2 хиймэл дагуулыг Япон улсын “Кюүшү” технологийн дээд сургуулийн тусгайлсан лабораторид угсарч байгаа нь. Дээрх хоёр хиймэл дагуул нь бага оврын боловч орчин үеийн шинэ технологиор бүтээснээр онцлог. Монгол Улсын нутаг дэвсгэрээр маргааш дамжин хөөрөх үед газар зүйн болон бусад салбарын холбогдох олон бичлэгийг эх орондоо илгээх юм.
Сэтгэгдэл бичих