Ардчилсан Нам (АН) гишүүд намын дарга Л.Гантөмөрт хилийн хориг тавьж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.


Энэ талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат хэлэхдээ ”АН-ыг гэмт хэрэгтэй, хувийн ашиг сонирхолтой холбоотой хүн удирдаж байна. Аравдугаар сараас хойш бид өргөдлөө өгөөд огцор гэж шаардсан боловч өгөөгүй. МАН-ын даргатай л зургаа авхуулдаг болсон. Гишүүддээ олдохоо больсон. Сөрөг байр сууриа илэрхийлмээр байхад Л.Гантөмөр хориглодог.
Боловсролын зээлийн сангийн асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа. Хөгжлийн Банкны хэрэгтэй ч холбогдсон. МАН-д барьцаалагдсан хүнийг АН-ын даргаар ажиллуулахгүй гэж гишүүд өнөөдрөөс хүчтэй тэмцэнэ. Өнөөдөр Ардчилсан Намын дарга Л.Гантөмөрт хилийн хориг тавьж өгөхийг хүссэн бичгийг 14:00 цагт Авлигатай Тэмцэх Газарт өгнө.
Энэ хүнийг буулгаж байж Ардчилсан Нам сонгуульд орох ёстой гэж бүх гишүүддээ уриалж байна" гэв.


АН-ын Дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг “Л.Гантөмөр АН-ын дарга болсноосоо хойш гурван удаа хэвлэлийн өмнө гарч ирсэн байдаг.
- Намын дарга болчхоод “Баярлалаа” гэдгээ хэлэхийн тулд МАН-ы даргатай тэврэлдсэн.
- Сонгуулийн хуулийг хамтдаа хийлээ гэж тэврэлдсэн.
- Саяхан хэвлэлд гарч МАН-д бүр хайраа илчилсэн.
Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлөөс шийдвэр гараагүй байхад МАН-ын даргатай удаа дараа тэврэлдлээ.
Л.Гантөмөр гарснаас хойш намын ретинг унаад өнөөдөр 15 хувьтай байна. 2016, 2020 онд яг ийм 15-17 хувьтайгаар ес, арван суудал авсан. Өнөөдөр энэ байдал дахин давтагдах гэж байна.
Хоёрдугаарт АН-ын удирдлагууд жагсаалтыг зарж байгаа ноцтой мэдээг Уянга хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тэр жагсаалтад цэвэр ариун залуучууд орж болдоггүй юм уу" гэлээ.
Сэтгэгдэл бичих