Архангай аймгийн нийт нутгаар өчигдөр болон урд шөнө цасан шуурга шуурсан.
Аймгийн ОБГ-т 12 дугаар сарын 4-ний 09.00 цагаас 5-ны 09.00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд найман сумаас 10 дуудлага иржээ. Эдгээр дуудлага нь Хангай, Тариат, Эрдэнэмандал, Хайрхан, Хашаат, Цэнхэр, Булган, Эрдэнэбулган суманд хүчтэй салхи шуурганы улмаас төөрсөн, тээврийн хэрэгсэл цасанд суусан, хөлдөж, амь нас эрсдэх эрсдэлтэй дуудлагууд байв.
ОБГ-аас яаралтай арга хэмжээ авч, 5 сумын удирдлагуудтай холбогдон үүрэг чиглэл өгч, 8 дуудлагад сумын мэргэжлийн ангийн 32 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэй ажиллаж, 25 хүний ам нас, 5 машиныг авран хамгаалжээ.
Харин ОБГ-ын аврах ангийн алба хаагчид Цэнхэр сумын Алтан овоо багийн Тээлийн ам хэмээх газар Өлзийт сумаас аймгийн төв рүү зорчиж явсан 4 машинтай, 16 иргэн цасанд суусныг, Тариат сумын Хорго багийн Босго хэмээх газар Хангай сумаас Ихтамир сум руу зорчиж яваад цасанд суусан байсан нэг иргэнийг машины хамт аюулгүй газар хүргэж, авран хамгаалжээ.
Сэтгэгдэл бичих