Авлигатай тэмцэх нэрээр ардчиллаа тавьж тууж болохгүй!


12-р сарын 4
14 цаг 00 минут

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр АТГ байгуулахдаа наанаа авлигатай тэмцэнэ гэж бодсон байх. Цаанаа өөр зорилготой, өөрөөсөө өөр үзэл бодолтнуудыг намнахад ашиглана гэж тооцсон ч биз. Хамгийн хоржоонтой нь, тэрбээр авлигын хэргээр ял шийтгэл амссан анхны Ерөнхийлөгч болсон. АТГ түүний оймсыг нь гозолзуулаад баривчилж байсан нь бас л том дуулиан тарьж байлаа.

Монголчууд анх 1996 онд Авлигын эсрэг хуулийг, 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг, 2007 онд АТГ байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Үр дүн нь гэвэл авлигын индексээр арагшилж, авлига тогтмол өсч буй 10 орны нэг болжээ. “Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас гаргасан үзүүлэлтээр Монгол   2017 онд 103-т, 2018 онд 93-т, 2019 онд 106-д, 2020 онд 111-т, 2021 онд 110 байрт орсон, 2022 онд 116 байрт орсон.

Иймээс УИХ-ын чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын шүүх байгуулах шалтаг, шалтгаанаа танилцуулахдаа “Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй”, “Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна”, “Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай” гэхчилэн нөхцөл байдлаа тайлбарлав. Авчиг, авлигатай тэмцэх нэрээр ардчиллаа тавьж тууж болохгүй.  Х.Тэмүүжингийн “Авлигын шүүх байгуулах нь “Ах аа намайг бодоорой” гээд Ерөнхийлөгчид хонгил бэлэглэхтэй ижил” болохыг хэлээд яриад явааг анхаарч сонсчиход гэмгүй. Хожмоо “би юу хийчих вэ” гэж амаа барихгүйн тулд шүү дээ.

Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн 27 улс авлигын дагнасан шүүх байгуулсан тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэлдээ дурдсан. Тэдгээр нь Ази, Африк, зүүн Европын “улны” голдуу улсууд. Бангладеш, Индонез, Пакистан, Нигери,Тайланд гэх мэтчилэн…

Товчхондоо, эдийн засгийн хөгжил муутай, иргэдийнх нь амьжиргааны төвшин сул, хууль биш хувь хүн, гэр бүл засагладаг орнууд л авлигын дагнасан шүүхтэй байгаа нь анхаарал татна.  Хүний эрхийг дээдэлдэг, эдийн засгийн хөгжил сайтай улс орнуудад ийм шүүх байдаггүй талаар Ардын намынхан ч өөрсдөө яриад явна лээ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас эхлээд.

Авлига Монголыг сүйрүүлж байгаа юу гэвэл тийм. Хамгийн том авлигач, хулгайч нар нь Төрийн ордонд заларч, хууль батлаад явж байгаатай тэмцэх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ зорилго нь агуулга зөвтгөдөг үе өнгөрсөн.  Үнэндээ авлигын шүүх байгуулснаар авлига буурна гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрөө ч итгэж буй эсэх нь эргэлзээтэй.

“Шүүгчид санхүү, хөрөнгө оруулалт, татварын талаар мэдлэггүй байна л гэх. Энэ нь авлигын шүүх байгуулах үндэслэл болохгүй. Хэрэв шүүгчид нь санхүү, татварын мэдлэг муу байгаа бол тэр чиглэлээр нь мэргэшүүлэх  асуудал яригдах ёстой.  Тоо, таслал мэддэггүй, тэр чиглэлийн мэдлэг муутай шүүгч олон. Н.Учралын “Их засаг”-ийг дуулж, хуурдаж төгссөн хүмүүс л өнөөдөр хуульч, шүүгч хийхээр аргагүй шүү дээ. Ядаж хуульч, шүүгч бэлтгэдэг сургуулиудынхаа чанарт эхлээд анхаарах ёстой биш үү.

Хар ухаанаар бодоход авлигаар дагнасан шүүгтэй болсноор авлигачдын шүүгчид өгдөг мөнгөний хэмжээ нэмэгдэнэ үү гэхээс авлига буурахгүй ойлгомжтой. Авлига ямар тохиолдолд буурах вэ гэвэл аливаа салбарт төрийн оролцоо багассан цагт. Түүнээс Авлигатай тэмцэх газар байгууллаа гээд авлигачид нь айж, ичиж байгаа нь хаана байна.  Авлигын хэмжээ нь нэмэгдэж, авлигачдынх нь тоо өссөн байна. Төрийн хурган даргын гэрээс 10 тэрбум төгрөг “олдож” байгаа нь АТГ нэг бол ажлаа хийгээгүй, нөгөө бол авлигад автсан гэсэн үг.

Хоёрдож, авлигаар дагнасан шүүгчтэй болсноор эрх баригчид өрсөлдөгчөө намнах зэвсэг нь болох эрсдэлтэй. Х.Баттулгын захиалгын шүүхээр хэн, хэн намнуулсан билээ, бэлээхэн жишээ, сургамж байна.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр олны шүүмжлэлээс айсных уу, “Авилгын хэргийг анхан шатны шүүхээр шийддэгийг л болиулж байгаа юм” гэх тайлбарыг өгсөн.  Анхан шатны шүүхийн эрх мэдлийг булааж авч, давж заалдах шатны шүүх дээр төвлөрүүлэх нь эсрэгээрээ авлигыг нэмэгдүүлж магадгүй. Анхан шатны 30-40 шүүгчийн шийддэг асуудлыг давж заалдах шатны арав хүрэхгүй шүүгч хариуцаад эхлэхээр шүүхийн тэнцвэрт байдал алдагдаж болзошгүй. Монгол Улсын нэрийн өмнөөс бусдад ял өгдөг  нь анхан шатны шүүх. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан уу, буруу гарсан уу гэдгийг л хэлэлцдэг.

Хууль чангарах тусам хулгай нарийсдаг. Цөөн хэдэн шүүгч   авлигын хэргийг шүүлгэдэг болбол авлигачдад жинхэнээсээ ашигтай байдаг юм байгаа биз дээ. Тэгээд ч шүүгчид авлига аваад байгаа юм бол түүнийг нь таслан зогсоох ёстой болохоос авлига авах,өгөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч болохгүй биз дээ. Ер нь авлигын хэргийг шүүх шүүгчид авлига авахгүй гэсэн баталгаа хаана байна.  Товчхондоо, манаачийг хэн манах вэ гэдэг асуултын тэмдэг шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.