Шүүхийг ӨМӨӨРӨХҮЙ, ХАРААХУЙ?!


9-р сарын 28
21 цаг 18 минут

Шүүхийг ӨМӨӨРӨХҮЙ, ХАРААХУЙ?!

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгоны шийдвэрээр иргэн Т.Гомбосүрэнгийн амийг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэг 11 жилийн ял шийтгэл авсан Б.Махбал хугацаанаасаа гурван жил, зургаан сар, нэг хоногийн өмнө суллагджээ.  Түүний хорих ялаас нэг жил 11 сар 21 хоногийг нь өршөөлд хамруулах шийдвэрийг  Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамга У.Хүрэлсүхэд шилжүүлж өгөхөөс яг нэг хоногийн өмнө гаргасан байдаг.  Ингээд хүн амины онц ноцтой хэрэгтэн Б.Махбал зургаан жил, хоёр сар шоронд хоригдоод эрх чөлөөт иргэн болж байна.

Атал түүний амийг нь егүүтгэсэн Т.Гомбосүрэнгийн үр хүүхдүүдийн өнчрөл хагацлыг ямар ч мөнгө, ямар ч нөхөн төлбөр эдгээж чадахгүй, эргээд босгохгүй. Тэдний өнгөрсөн зургаан жилийн гашуудал, зовлонг шүүх амсаагүй.  Эндээс нийгэмд нэг ойлголт төрж байна, эрх мэдэлтнүүдтэй ойр хэн боловч хүн алсан ч, хүрээ талсан ч ял шийтгэл багатай үлддэг юм байна гэж.

Харамсалтай нь, энэ хэрэг улс төрийн бүлэглэл хоорондын зөрчлөөс эхтэй. Б.Махбал  нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын, талийгаач Т.Гомбосүрэн нь экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хүн байсан гэдэг. Тэднийг хэн нэгнийхээ амийг хөнөөх хүртэл хэмжээнд аваачсан улс төр дэх бүлэглэл хоорондын хэрүүл өнөө ч  арилсангүй, энэ харамсалтай хэргээс Монголын улстөрчид сургамж авсангүй. Эцэст нь хуулийн дагуу байлаа ч,  өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг гэх жишиг нь, шийдвэр нь Монголын шүүхийг муухай харагдуулж байна. Учир нь хуулийн цоорхойг овжин ашигласан нь тэдний алдаа, энэ нь тэднийг хараахуйн шалтаг, шалтгаан ч болж буй.

-1-

Шүүдэгч, оролцогчдынхоо болон шүүх хурал болсон хоногийн тоогоор Монголдоо анхных гэх тодотголтой Хөгжлийн банкны шүүх хурал “чоно цатгалан, сүрэг бүтэн” гэгч болоод өндөрлөснийг улсаараа шууд харсан, үзсэн. Хэргийн зүйлчлэл нь тусдаа, учруулсан хохирол, сэдэл санаа нь огт өөр обьект, субьект, обьектив, субьектив талуудыг бүгдийг нь нэгтгээд нэг дор шүүсэн шүүх хурлаас шударга шийдвэр гарна гэдэг нь анхнаасаа эргэлзээтэй байсан. Хэн нэгнийг хэлмэгдүүлсэн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ хэн нэгэн ял завшихад хүргэсэн байхыг үгүйсгэхгүй, бид хардах эрхтэй.

Хөгжлийн банкны шүүх хурлын өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг нээлттэй сонсгол хийж, Монголын улстөрчид, бизнес эрхлэгчдийн бодит байдал, үнэн төрхийг илчилсэн. Магадгүй Хөгжлийн банкны нийт активын тал хагас нь “ор сураггүй” болсон талаар Н.Мандуул анх “шүгэл үлээгээгүй” байсан бол Монгол Улс дефолт зарлахад хүрсэн биз.

Хөгжлийн банкийг тоносон, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан хэрэгт нэр устайгаа зарлагдаж, нээлттэй сонсголд “байцаагдаж” явсан “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн”-гийн Б.Мөнхтөр нарт шүүхээс оноосон ял нь шийтгэл биш шагнал шахуу. Ямар шийтгэл байтлаа, хувийн компанийн өнгөлөг, мөнгөлөг эздийг “төрийн байгууллагад найман жил ажиллахыг хориглох” гэх вэ дээ. Хэдэн зуун тэрбум зээл аваад түүгээр нь казино тоглоод эсвэл банк бусаараа эргэлдүүлж, хэчнээн тэрбумын ашиг олсон бол хэн ч энэ шийдвэрийг сонсоод “азны коля” гэж алга ташина биз дээ.

-2-

Нүүрсний хулгайн хэрэгт нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлж байсан Х.Нямбаатарын дуу намсаж, эсрэгээрээ 40 их наядын нүүрсний хулгайн гол сэжигтнээр есөн сар хоригдож байгаа Б.Ганхуяг хэлд оров. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг шүүхийн өмнө дуудсан агаад ямартай ч өнөөдрийн болж буй үйл явдал, Д.Амарбаясгалангийн тухай гадаадын хэвлэлд цацагдсан мэдээлэл, түүний эсрэг тайлбар сэлтээс харахад цагаан байрныхан үүрээ эвдэх дээрээ тулж байна.

АТГ-аас зарласан анхны 17 сэжигтнээс нэг нь шүүхийн өмнө дуудагдаж, бусдынх нь хэрэг хаана, хэрхэн шалгагдаж байгааг хэлээд өгчих хүн хуулийнхны дунд алга. Эндээс харвал нүүрсний хулгайн хэрэг нөгөө л “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлдээх магадлалын онол нь өндөр байна. Эхний ээлжинд Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр ял авах байх, давж заалдах байх. Ингэж байтал сонгууль дуусна, шоу дуусна. Эцэс нь Б.Махбалыг сулласан Монголын шүүх муу дээрээ муухай харагдаж үлдэнэ.

Ийм бүх шүүхийн шийдвэр алдаан дээр дөрөөлж эрх баригчид мэхээ хийхээр бэлтгэж байгаа. Үүний нотолгоо бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын “Шүүх эрх мэдлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг гаргалаа. Өнгөрсөн 2021 онд Шүүхийн тухай хууль батлагдсан.Дараагийн том зорилт бол шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болох юм. Төсөл нь бэлэн болсон, намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Шүүх байгуулах хуулийн төслийг өргөн барина. Шүүх эрх мэдлийн салбарын бүтцийн өөрчлөлтийг уг хуулиар хийхийг зорьж байгаа. Шүүхийн тогтолцоог өөрчилнө. ШШГЕГ-т бүтцийн өөрчлөлт хийх тухай Шүүх байгуулах тухай хуульд тусгана" гэх үг.

Хараат бус шүүхийн эрх мэдэлд халдах нь гэж хашгирахаас илүү Монголын шүүх томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үнэнч үлдмээр байна. Монгол Улс ардчилсан орон мөн бол шүүх нь хараат бусаар ажиллах ёстой. Атал Монголын шүүх нь Төрийн ордны хоёр, гурван давхраас даалгавар аваад ажиллаад байдаг! Жишээ нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн болон захиалсан хэргийг шүүх өөрөө хэрхэн замхруулсан билээ?!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Э.Оюунболд арслан энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй7 сар 10. 17:02Наадмын нээлтийн тасалбарыг өнөөдөр 20:00 цагаас www.ticket.mn сайтаар худалдана7 сар 10. 17:00“EZNIS AIRWAYS” ПРАГА ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ7 сар 10. 16:59Уяач нь өөрөө азаргаа унаж түрүүлэв7 сар 10. 16:58"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ7 сар 10. 16:58Хүннү рок урсгалыг үндэслэгч "THE HU” хамтлагийн эх орондоо хийх тоглолт өнөөдөр болно7 сар 10. 16:52Сэрэмжлүүлэг: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно7 сар 10. 16:51“Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв7 сар 10. 16:49Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Чингис хаан Үндэсний музейд зочлов7 сар 10. 16:48Төрийн далбааг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулах ёслол боллоо7 сар 10. 16:46ТЦА: Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна7 сар 9. 18:35УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авав7 сар 9. 18:34
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.