ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт Д.Отгонжаргал дэлхийн энтэй бөх


9-р сарын 22
12 цаг 42 минут

"Белград 2023" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ Долгоржавын Отгонжаргал энэ удаагийн ДАШТ-д Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор, олимпийн хүрэл, Дэлхийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж аваргын төлөө барилдах эрхээ авсан билээ.

 Харин алтан медалийн төлөө Япон улсын тамирчин олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Юи Сүсакид 10:0 оноогоор цэвэр ялагдсанаар ДАШТ-ээс 2 жил дараалан мөнгөн медаль хүртсэн амжилтыг тогтоож, Парисын олимпод зодоглох эрхээ авсан юм.

Тэрбээр чөлөөт бөхийн ДАШТ-ий 3 дахь медалиа хүртэж байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, МУГТ Д.Отгонжаргал 2021 онд Ослод хүрэл, 2022 онд Белградад мөнгө, 2023 онд мөн Белградад ийнхүү мөнгөн медаль хүртлээ.

Монголын чөлөөт бөхийн үе үеийн тамирчдын түүхэнд ДАШТ-ээс гурван медаль хүртсэн анхны бөх нь 20 дугаар зууны шилдэг тамирчин, Хөдөлмөрийн баатар, МУГТ З.Ойдов байсан юм. Тэр агуу бөх ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальтай хүн.

Хоёр дахь нь МУГТ Б.Шоовдор. Түүнд ДАШТ-ий гурван хүрэл медаль бий.

Харин 3 дахь нь 50-ын жинд хүч үзэж, өчигдөр мөнгөн медаль хүртсэн Д.Отгонжаргал болж байна. Энэ удаагийн ДАШТ-ий медалийн салхийг хагалж, араасаа 2 ч нядханыг аваргын төлөө барилдах замыг засч, урмыг сэргээж, гүүр болж өгсөн гавьяа яах аргагүй түүнийх.

Тэрбээр энэ удаагийн дэлхийн аваргад баруун хөлөндөө бэртэлтэй явсан. Тэр бүү хэл, дэлхийн дэвжээнд зодоглохын өмнө хагалгаанд орж, таягтай явж байсныг нь чөлөөтийнхөн хэлж байна. Үүнийг Японы өрсөлдөгч нь тун сайн судалж, дэвжээн дээр зөвхөн хөлд орох мэх хийж байсныг, тэмцээнийг үзсэн бүх хүмүүс харсан.

 Тэгвэл Д.Отгонжаргал гэж хэн бэ? 

Д.Отгонжаргал 2001 оны аравдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ.

Тэр эцэг эхээс долуулаа, гурван эгч, нэг ах, хоёр дүүтэй.

Д.Отгонжаргал 2020 онд “Сэтгэмж” цогцолбор сургуулийг төгсч, “Идэр” дээд сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр суралцжээ.

Түүний анхны багш нь Б.Оюунсүрэн юм.

Харин 12 настайгаасаа одоог хүртэл гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор “Женко” клубт чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилтаа хийж байна. 

Д.Отгонжаргалын анхны медаль бол 2016 оны өсвөрийн УАШТ-ий хүрэл медаль.

Тухайн жилдээ Саори Ёшидагийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, “Асашёорюү кап” тэмцээнээс алтан медаль хүртжээ.

Дараа жил нь буюу 2017 оны өсвөрийн УАШТ-д медалийн өнгөө хувиргаж, мөнгөн медальтан болсон байна.

Тэр жил Монгол туургатан хүүхдийн наадамд түрүүлж, Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

Өсвөрийн УАШТ-д түрүүлснийхээ дараа буюу 2018 онд залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль авч, Ч.Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлэн Өсвөрийн Азийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Түүний амжилт үүгээр зогсоогүй ахисаар л байв.

Үүний нотолгоо нь 2018 онд өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн явдал юм. Аваргын төлөөх шигшээ барилдаанд Японы бөхөд дийлджээ. 

2019 оноос насанд хүрэгчдийн ангилалд шилжиж, УАШТ-ээс хүрэл медаль зүүсэн төдийгүй УАШТ-ий өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд медаль хүртсэн түүний амжилт ирээдүйтэй бөх болохыг илтгэсээр. 

Дараа жил нь насанд хүрэгчдийн УАШТ-ээс дахин хүрэл медаль хүртэж, Залуучуудын УАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа зүүлээ. 

2021 онд Норвегийн Осло хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 50 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.Дэлхийн медальтан болж ирээд Монгол Улсын залуучуудын УАШТ-д түрүүлсэн юм.

2022 онд домогт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнээс хүрэл, Ясир Догугийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. 

Тухайн жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д аваргалж, Алматыгийн “Ranking Series” тэмцээний хүрэл медальтан болов. 

2022 онд Сербийн нийслэл Белград хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бөгөөд шигшээ барилдаанд Японы алдарт бөх Юи Сүсакид ялагдсан юм. 

Энэ удаа ч түүний учраа нь Японы Юи Сүсаки байсан юм. Тэд дэлхийн дэвжээнд түрүү булаалдахаар хоёронтоо таарсан нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37Шуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов3 сар 13. 15:36Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна3 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ3 сар 13. 15:33Менингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ3 сар 13. 15:32Nebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна3 сар 13. 15:26Мөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"3 сар 13. 15:23Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ3 сар 13. 15:22АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.