Монгол Улс хорт хавдрын бие даасан үндэсний хөтөлбөргүй байгаа нь үнэн


9-р сарын 15
13 цаг 12 минут

Монгол Улс хорт хавдрын бие даасан үндэсний хөтөлбөргүй байгаа нь үнэн

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.


-Хавдар судлалын салбарт тулгамдаж байгаа асуудал эрдэм шинжилгээний хурал жил бүр зохион байгуулагддаг. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын хүрээнд ямар асуудлууд яригдаж байна вэ?

-Хамгийн гол нь тусламж үйлчилгээ тэр дундаа эмчилгээний үр дүнг хэрхэн сайжруулж, тухайн иргэний амь насыг хэрхэн уртасгах, эмчилгээг дангаар нь хийх үү, хосолсон байдлаар хийх үү, эмчилгээний арга барилын үр дүнгүүд ямар байгаа талаар судалгааны үр дүнг танилцуулж байна. Сэргээн засах үеийн эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлснээр өвчтөнүүдийн амьдралын чанарт, хугацаанд нь ямар өөрчлөлт үзүүлж байна гэх мэтчилэн тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж байна.  Эмчилгээнд  эмийн болон бусад шинэ төрлийн эмчилгээг оруулахад ач холбогдол нь ямар байх, үйл ажиллагаандаа юуг анхаарах талаар судалгаа хийж, үр дүнгийн талаар бусаддаа танилцуулж Монгол Улсын 21 аймгийн хавдар судлаач эмч, сувилагч нар оролцож байна.

-Жил бүр хавдраар өвдөх иргэдийн тоо өсөх боллоо. Үүний шалтгаан нөхцлийг юу гэж харж байна?

-Монгол Улс төдийгүй дэлхий дахинд хавдраар өвдөх иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Учир нь, хүн амын нас уртасч байна. Нас уртасхын хэрээр хүний бие мах бодид гарч байгаа эдийн эсийн өөрчлөлтийн тоо нэмэгддэг. Тийм учраас хавдрын өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Үүнээс гадна хавдрын тоо нэмэгдэхэд маш олон хүчин зүйл нийгэмд байна. Тухайлбал, тамхидалт, архидалт, таргалалт гэх мэт амьдралын буруу хэвшил, дадал зуршлуудын улмаас хавдрын тоо өсч байна. Тийм учраас хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлэгт хамрагдах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээнүүдийг авах ёстой. Энэ чиглэлээр бид хангалттай ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Учир нь Монгол Улс хавдар судлалын хөтөлбөргүй, төлөвлөгөөгүй. Зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд суурилсан нэгэнт үүссэн хавдарт хэрхэн тусламж үйлчилгээгээ хүргэх вэ гэдэг тал дээр хичээж ажиллаж байна. Х

авдрын өвчлөл дэлхий нийтэд харанга дэлдэж байна. Монгол Улс хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Тийм учраас дэлхийн улс орнуудын эрдэмтэн судлаачид эрүүл мэндийн тогтолцоо ирээдүйд хавдрын өвчлөл, хавдрын тусламж, үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцоо болж хувирч байгаа талаар ярьж байна. Монгол Улсад хавдар өвчлөлийн, нас баралтын тэргүүн эгнээнд орж ирж байгаа асуудлыг нийгмийн хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллаж чадахгүй байна. Хэдий тийм боловч Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас эрт илрүүлгийг орон даяар зохион байгуулж байна. Эрт илрүүлгийн үйл ажиллагаа заавал нийт массыг хамарсан байх ёсгүй. Тодорхой өвчлөлийг бууруулах чиглэлээр зохион байгуулдаг байгаасай гэж бодож байна.

Хавдраар өвдсөн болоод нас барсан иргэдийн статистик мэдээллээс хуваалцвал?

-Өмнөх жилүүдэд 6200-6400 орчим иргэн шинээр өвдөж байсан бол 2022 онд 6885 хүн шинээр өвчилсөн байна. Харин нас баралтын тоо тогтмол хэмжээнд буюу жил бүр 4500 орчим иргэн хавдраар нас барж байна.  Өвчлөл нэмэгдэхийн хэрээр нас баралтын тоо нэмэгдэнэ. Хэдий тийм боловч нас баралтыг багасгах үндсэн шалтгаан бол хожуу илэрч байгаа хавдрын тоог багасгах ёстой. Хожуу оншлогдож байгаа өвчлөлд үзүүлэх тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах гэх мэт олон зүйлсээс нас баралтын тоо хамаарна.  Нас баралтыг бууруулахын тулд эрт илрүүлж, оношилж, эмчилгээний чанарыг сайжруулах ёстой. Дэлхий дахинд нэвтэрсэн үр дүн сайтай эмчилгээнүүдийг оруулж ирэх ёстой, хими, туяа эмчилгээний тусламж үйлчилгээний хүртээмжийг сажруулах ёстой. Та бүхний мэдэж байгаачлан хавдар судлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг улсдаа ганц эмнэлэг 1980 онд байгуулагдсан байр орон сууцандаа өнөөдрийг хүртэл тусламж үйлчилгээг үзүүлсээр байна.

-Зарим иргэд үзүүлэх дарааллаа хүлээсээр нас барж байна гэх асуудал яригддаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад тулгамдаж байгаа асуудал юу байна?

– Олон мэргэжилтнүүд хамтдаа шийдвэр гаргадаг учраас хавдрын тусламж үйлчилгээ тархмал байж болдоггүй. Олон мэргэжилтний тусламж үйлчилгээг нэг газар байрлуулж, тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх шаардлага тулгардаг.  Сүүлийн жилүүдэд дэлхий даяараа эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орж байна.  Чухал мэргэжилтнүүдээ олон улсад сургаж, тухайн ур чадвар, технологийг нь эх орондоо нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байна. Учир нь, санхүүгийн хувьд шинэ технологи оруулж ирэх боломж хязгаарлагдмал байна. Улс орны санхүүгийн чадамж муу байна. Түүнчлэн ажилчдын цалин хөлс, эрүүл мэндийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хувийг аваад үзэхээр дэлхийн түвшинд хүрэх болоогүй байна. Дор хаяж нийт ДНБ-ний  таван хувиас дээш хэмжээний хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт  оруулж, судалгаа шинжилгээний болоод шинэ технологийн хөгжлийг дэмжээд явбал эрүүл мэндийн салбарт хүсэл тэмүүлэлтэй, чадвартай хүмүүс ажиллаж байгаа.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас орж ирэх санхүүжилт зогссоны улмаас хавдарын тусламж үйлчилгээнд доголдол гарсан талаар мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөөч?

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-тай ХСҮТ гэрээ байгуулж, тусламж үйлчилгээг чанартай хүргэх юм. Иүүнийхээ санхүүжилтийг аваад явдаг. Тодорхой хэмжээний санхүүжилтийг ЭМДЕГ-аас авахаар байгаа нь үнэн. Гэхдээ энэ санхүүжилтийг аваагүйн улмаас ХСҮТ-өөс иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ доголдсон зүйл байхгүй. Гэхдээ энэ ондоо багтаж ЭМДЕГ-аас санхүүжилтээ бүрэн олгоно гэж найдаж байна.

Дэлхий нийтэд шинээр нэвтэрч байгаа эмчилгээний аргуудыг цаг алдагүй эх орондоо нэвтрүүлэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Дэлхийд нэвтэрсэн шинэ эмчилгээний арга барилаас хоцрохгүйн тулд бид бүхэн чармайн ажиллаж байна. Ковидын гурван жилд Олон улсын цөмийн агентлагтай хамтарч туяа эмчилгээний шинэ хоёр технологийг нэвтрүүлсэн. Удахгүй гуравдах технологи буюу SPRT хэмээх шинэ технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Түүнчлэн бай эмчилгээг оруулж ирсэн.Одоо дархлаа эмчилгээг оруулж ирэхээр ажиллаж байна. Дархлаа эмчилгээний тухайд хүний биеийн дархлааг идэвхжүүлсний үндсэн дээр хавдрын эсийг устгадаг. Гэхдээ 100 хувь үр дүн үзүүлэхгүй ч гэлээ амьдралын хугацааг тодорхой хэмжээгээр уртасгана. Энэ эмчилгээг мэс засал эмчилгээний өмнө  болон дараа хими, туяа, бай эмчилгээтэй хавсарч хийхэд хүний амьдралын насыг одоо байгаа байдлаас уртасгах боломжтой. Эдгээр эмчилгээнүүд дэлхийд нэвтрээд 10, 20, 30 жил болчихлоо. Олон жилийн дараа эдгээр эмчилгээг Монголдоо нэвтрүүлэхээс илүү аль болох эрт нэвтрүүлдэг байх бодлого барьж байна.

-Хавдар судлалын асуудалд тулгамдаж байгаа асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх алсын хараа, төлөвлөгөө байдаг уу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад шаардлага тавиад бид бүгд нэгдэн ажиллаж байна. Тухайлбал, 2030 он гэхэд умайн хүзүүний хавдаргүй улс орон болно, элэг, ходоодтой холбоотой нас баралтыг 20-40 хувь хүртэл бууруулах ёстой гэх мэт бодлого, зорилтууд бий. Эдгээр зорилтууддаа хүрэхийн тулд бодлого боловсруулдаг. Монгол Улсын Засгийн газраас нийт нас баралтын хэмжээг тодорхой түвшинд бууруулахаар он, оноор төлөвлөгөө гаргасан. Гэхдээ эдгээр төлөвлөгөө нь одоогоор биелэхгүй л байна л даа. Тухайлбал, 2020 онд хорт хавдарыг 100 мянган хүн амд 90 байхаар тооцоолж Засгийн газрын төлөвлөгөөнд оруулсан. Харамсалтай нь, энэ тоо өнөөдөр 185-д хүрч өсөөд байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын төлөвлөгөөнд хавдрыг бууруулах зорилт тавьсан ч бодит байдал дээр өссөн дүр зурагтай байна. Тиймээс хорт хавдартай тэмцэхийн тулд нийтээрээ нийгмээрээ цогц төлөвлөгөө боловсруулж байж үүний ард гарна. Хавдрыг бууруулахын тулд тухайлбал, тамхидалтын тоо буурах ёстой. Гэтэл дэлхий даяараа тамхинд хамгийн өндөр татвар ногдуулж байхад Монголд хамгийн бага татварын орчин үйлчилж байна. Гэх мэт энэ олон асуудлыг ярих ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Э.Оюунболд арслан энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй7 сар 10. 17:02Наадмын нээлтийн тасалбарыг өнөөдөр 20:00 цагаас www.ticket.mn сайтаар худалдана7 сар 10. 17:00“EZNIS AIRWAYS” ПРАГА ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ7 сар 10. 16:59Уяач нь өөрөө азаргаа унаж түрүүлэв7 сар 10. 16:58"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ7 сар 10. 16:58Хүннү рок урсгалыг үндэслэгч "THE HU” хамтлагийн эх орондоо хийх тоглолт өнөөдөр болно7 сар 10. 16:52Сэрэмжлүүлэг: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно7 сар 10. 16:51“Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв7 сар 10. 16:49Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Чингис хаан Үндэсний музейд зочлов7 сар 10. 16:48Төрийн далбааг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулах ёслол боллоо7 сар 10. 16:46ТЦА: Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна7 сар 9. 18:35УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авав7 сар 9. 18:34
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.