Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна


6-р сарын 14
14 цаг 07 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” Шангри-Ла зочид буудалд эхэллээ.

Чуулган нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлэхдээ, Ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн тодорхойлж, эрх зүйн орчныг сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцлов.

Монгол Улс нүүрстөрөгчийн зах зээлд идэвхтэй оролцон, нүүрстөрөгчийн татвар, ногоон санхүүжилтийн орчныг тодорхой болгож, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүдийг оновчтой нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллахын чухлыг тэмдэглэв.

Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудтай тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр улам эрчимтэй ажиллана гэдгийг тодотголоо.

“Ногоон бизнес-Олон улсын чуулган”-аар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж байна.

Мөн:

  • Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд шаардлагатай институтийн чадавхыг сайжруулах,
  • Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд эдийн засгийн салбаруудын уялдаа холбоо, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • Тогтвортой санхүүжилтийн өнөөгийн байдал, олон улсын хандлага, стандарт, шинэ арга хэрэгслүүд, дэвшилтэт технологи, инновац,
  • Ногоон хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбар зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн ярилцана.

Монгол Улсын хувьд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан.

Энэ хүрээнд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс багагүй хувьтай тэнцэх хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар зорин ажиллаж байна.

Мөн хувийн хэвшлийн байгууллагууд тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байна.

Тухайлбал, өнгөрсөн жилийн “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы үеэр Монгол Улс тогтвортой санхүүгийн замын зургаа баталж, санхүүгийн салбар 2030 он гэхэд ногоон зээлийг эрс нэмэгдүүлэхээр болсон юм.

Түүнчлэн тогтвортой санхүүжилтийн зарчим, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулаад байна.

Үүний зэрэгцээ арилжааны банкнууд олон улсын зах зээлд анхны ногоон бондыг амжилттай гаргасан бөгөөд “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ы үеэр дотоодын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бонд гаргахаар төлөвлөжээ.

“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, БНХАУ-ын Санхүү, тогтвортой байдлын институт, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын тогтвортой банк санхүүгийн холбоо, Худалдаа хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.