Ул болсон ч зул болгох улстөрчдийн хэргүүд…


6-р сарын 7
14 цаг 42 минут

С.Зориг агсны хэрэг одоо хэр нь шийдэгдсэнгүй. Энэ хэргийг илрүүлнэ гэж өнөөгийн МАН сонгуульд ялж, мөрдөн байцаагчаас хууль тогтоогч болсон түүх тэднийх. Харин гурван шатны шүүхээр тогтоогдсон энэ хэрэг АН-ын үед илэрч, гурван шатны шүүхээр алуурчдыг тогтоосон ч МАН-ын үед “суллав”. Захиалагч замхарав. Хэрэвзээ алуурчид захиалга авсан нь үнэн бол амь нас нь эрсдэлд оров. Үүнийг захиалагчаас өөр хэн хүсэх билээ…

Энэ хэргийг илүүлэхдээ эрүүдэн шүүсэн, хилсээр ял тулгасан гэж дуугарсан хүмүүс ардчилагчдын эгнээнээс гарсан юм. Ардчилагчид унав. МАН засаглав. Урвагчид шагнуулав. Үүнээс гадна Ардчилсан намыг унагаах арга нь бондоор дамжуулан гадаад өрийг нэмэгдүүлснээр Монголд хүүхэд хүртэл төрөхдөө сая саяын өртэй төлж байгаа гэхэд л хангалттай байв. Даарин дээр давс гэгчээр үе үеийн дарга нарын тусгай хэрэгцээг хангаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан гэхэд л хангалттай байв. Монголчууд итгэв. Хувь нь хувьд шилжсэн үйлдвэр урьд өмнө нь байгаагүйгээр ашигтай ажиллаж эхлэв. Угжаа үгүйлсэн эрх баригчид ард түмний нэрийг барин буцаан авав. Буцаад шахаа нэмэгдэв. Банкаар дамждаг ЖДҮ-ийн зээлийг яамны мэдэлд авчирч байгаад хувааж авцгаан иргэдээ хүүлэв. Хэрэг нь илрэв. Хариуцлага тооцохоо амлав. Зуун жилийн өмнө Хятадын пүүсүүд монголчуудыг хүүлдэг байсан бол өнөөдөр улстөрчдөөр солигдсноос бусдаар ялгаагүй. Ковид гарав. Хилээ хаав. Сонгууль болов. Бусдаас дэндүү хамааралтай хэр нь хилээ хаачихсан эрх баригчид иргэдэд баатар харагдав. Бас дахиад сонгов. Эдийн засаг унав. Эрх баригчид цар тахлын гэх тодотголтой хуулиа сунган татвар төлөгчдийн, хандив, зээл, тусламжийн мөнгийг дураараа зарцуулах эрхийг, иргэдийн эрх чөлөөтэй хамт энэ хуулиар авав. Муу хэлээд байсан бондоо бүр өндөр хүүтэйгээр дахин босгожээ. Эдийн засаг хямрав. Хувийн өмчийг булааж эсвэл ажиллуулахгүйгээр хэдэн мянгаар тоологдох аж ахуйн нэгжийг дампуурахад хүргэв. Цэргээр төмөр зам бариулж, бадрангуйгээр хуучнаа дурсав. Нээв, тууз хайчлав. Мухар төмөр зам байв. Дахиад төмөр зам барих хэрэг гарав. Зургаан жил 230-хан киломерт зам барьж байгаа бид хэддүгээр зуунд төмөр зам шиг төмөр замтай болохыг бүү мэд. Дахиад мөнгө. Дахиад луйвар…

Иргэд бухимдав. Татвар, торгууль, зээл тусламжаар олсон мөнгөнөөс эргүүлэн тарааж амыг хамхив. Дахиад залуус гарч ирэв. Гадны гар хөлүүд гэж цоллов. Тэмцэгчийн дүрд тоглосон жүжигчин гэр бүлийн хүчирхийлэгч болов.

Муу хэлсэн их хааныхаа бондоос ч илүү мөнгөөр цар тахлын үед  улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд гараа угаасан ил болж эхэлжээ. МАН зуун нас хүрэв. Ойн тэмдэгийг нь бус дагуулж буй мөнгийг авах гэсэн иргэд ой гутсан ч энгэртээ зүүж, эхнэр хүүхэддээ идэх хоолны мөнгө залгуулжээ. Нийтэд ил болгоогүй, утсандаа хадгалсан зуун жилийн ойн медальтай иргэд олон болжээ.

Төрийн банкууд бий болов. Нэг нь иргэдийн цахилгаан, дулааны хураамжийг авах гэж интернэт хөгжсөн үед оочерлуулж тамирыг нь бардаг болов. Улстөрчдөд үйлчилдэг өөр нэгэн банк бий болсон нь Хөгжлийн банк. Иргэдэд хаалттай, эрх баригчдад нээлттэй энэхүү банкны хэргийн шүүх хурал 37 дахь өдрөө үргэлжилж байна. Өмнөх 1937 оны Онц бүрэн эрхт комиссын хэлмэгдүүлэлтийг эс тооцвол ийм олон оролцогчдтой, үзвэрийн заалыг дүүргэсэн шүүх хурал Монголд болж байсангүй. Шүүх хурал хэзээ дуусах нь сонин биш. Хэн ч тоохоо болих нь тэдний зорилго. Тиймээс өөр хоорондоо хамааралгүй 80 оролцогчийг нэг дор хүчээр шүүж байна.

Араас нь нүүрсний, сангуудын, нийгмийн даатгалын, төрийн компаниудын хэрэг нэмэгдэв. Эндээс нэг л зүйл тодорхой болов. Монголд улс төргүй юу ч үгүй болов. Идсэн, уусан, завшсан, завхайрсан, хүчиндсэн гээд… Улстөрчгүй хэрэггүй  ч болов.

Авлигатай тэмцээд л байх тусам авлига гаарсаар л байх хараагдсан улс гэж Монгол болов. Хүний амьдрал уналт босолтоой, өгсөж, урууддаг жамтай бол улстөрчид үр удмаараа төрийн, түмний нэрээр зайдаг тийм л тогтолцоог бий болгожээ. Авлигатай тэмцэнэ гэх мөртлөө авлигын эх үүсвэр болсон төрийн өмчийн улам бүр нэмэгдүүлж, чөлөөт зах зээл, гадны хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэх атлаа гаднаас байтугай дотроосоо ч орох зайгүй болтол нь битүү шавчихсан тийм л тогтолцоо өнөөдөр Монголд бүрэлдэв. Хожим албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх, өнөөдөр бий болсон төрийн албаны ураг , төрлийн мод улам бүр саглайн ургасаар байна.

Нийгмийн давхаргад доошоо уруудахгүй гэвэл эрх баригчдыг шахаж, шаардаж, зөв зүгт өөрсдөө тэмүүлэх эс аваас гадагш дүрвэх сонголт үлджээ. Эхнийх нь бараг боломжгүй. Өнөөдөр хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд өөр зүйлд анхаарал хандуулах сөхөөгүй яваа дийлэнх олонход тийм зүйл хаанаас бодогдох билээ.

Удахгүй улам байдал хэцүүдэх нь. Зах зээлд дахиад хиймэл хөөсрөл бий болгох нь тодорхой болчихлоо. Тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэх шийдвэрээ тэд гаргачихлаа. Багахан хэмжээний нэмэгдэл үнийн өсөлт, төгрөгийн уналтаас өөр юуг ч авчирч байгаагийн элдэв онол бус бидний өнгөрсөн амьдрал харуулна.

“Авлигатай тэмцэхээр ажиллаж байгаа Засгийн газрыг авлигачид л шүүмжилнэ” гэж  троллуудын тогтсон посттой болсон. Гэтэл үнэндээ авлигатай яг яаж тэмцээд байна. Нэрс зарладаг. Нийтээр нь үзэн ядуулдаг. Өөрөөр юу хийж байна гэж. Хялбаршуулсан гэх гоёчлолоор хаацайлсан л байдлаар л шийдэгдэж байна. Одоо байгаад нийгмийн баялгийг тэгш хуваарилах талаар маш чанга дуугарч эхэллээ. Удахгүй аймгууд тэгш ойгоо тэмдэглэнэ. Жалганы жараахайнууд татвар төлөгчдөөс хулгайлсан мөнгөө түүгээр угаана. Бид баярлана. Нутаг нуга гэж хэсэгтээ хөөрсөөр нэг мэдэхэд намар. Түгжрэл, төрийн хүртээмжгүй үйлчилгээ, түүнийг хариуцлага эрх мэдэлтнүүд, тэгээд бид. Хараалын үгээ урсгаж амжаагүй байхад өдөр өдрийн тархийг нь эргүүлэх сенсаациа тэд бэлдчихсэн сууна. Дэлгэнэ. Дагаад шуугина. Арай гэж мартсан ой санамжаа сэргээсэн нэг нь ганц нэгээрээ дуугарч эхлэхэд дараагийн жүжгээ тавина. Бусад нь үл тооно. Бухимдаад үлдэнэ.

Удахгүй мартдагсан хэргүүдийг тэд өөрсдөө сэвж эхэлнэ. Эцэстээ бүгдийг мартуулах, шаардлага гарвал өөрсдөдөө ашигтайгаар гаргаж ирэх гэсэн ганцхан бодол тэдэнд бий. Зах зээлийн зарчмаараа явахгүй байж зах зээлийг шүүмжлэх сэтгэхгүй улам бүр газар авч байна. Авхуулж ч байна. Гэтэл дарга ангид үйлчилдэг тогтолцооноосоо бид одоо хэр нь салаагүй явна. Харин ч бүр улам бүр түүн рүү тэмүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 23. 15:35Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 23. 15:35"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"4 сар 23. 15:34Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна4 сар 23. 15:33X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна4 сар 23. 15:33Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 23. 15:31Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав4 сар 23. 15:29Л.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ4 сар 23. 15:28Ц.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй4 сар 23. 15:26Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна4 сар 23. 15:24Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.