Сансрын аялалд хүнийг урт хугацаагаар унтуулах боломж ойрхон байгааг эрдэмтэд туршилтаар харуулжээ


5-р сарын 26
12 цаг 01 минут

Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд алс холын сансрын аялалд яваа хүмүүс ичиж буй амьтан шиг удаан хугацаагаар нойрсож буй тухай дүрсэлдэг.

Тэгвэл ингэх боломж ойрхон байгааг хэсэг эрдэмтэд саяхан туршилтаар батлан харуулжээ.

Тэд хэт авианы импульсээр хулганын тархинд нөлөөлж, зохиомлоор ичих горимд оруулж чадсан байна.

Хулгана нь байгалиасаа ичдэггүй амьтан тул уг аргыг хүн дээр ч хэрэгжүүлэх боломжтой гэж эрдэмтэд дүгнэжээ.

“Хэрвээ энэ арга хүмүүст бас хэрэгжих боломжтойг баталбал ирээдүйд сансрын нисгэгчдэд тусгай дуулга маягийн зүйл өмсгөөд урт хугацаагаар унтуулдаг болно” гэж АНУ-ын Сэнт Луйз дахь Вашингтоны Их сургуулийн дэд профессор Хон Чэн тайлбарлажээ.

Түүний удирдсан судлаачдын баг эхлээд тархины гүнд оршдог “hypothalamus preoptic area” хэмээх хэсгийн байрлалыг тогтоосон юм байна.

Энэ хэсэг ичилтийн үед биеийн температур, бодисын солилцоог зохицуулах үүрэгтэй ажээ. Ингээд хэт авиагаар тархины энэ хэсэгт нөлөөлж, ичих үйл явцыг зохиомлоор идэвхжүүлсэн байна.

Туршилтын үеэр хулганын биеийн температур Цельсийн 3 хэмээр унаж, бодисын солилцоо нь нүүрс ус, өөх тосыг хэрэглэх горимоос зөвхөн өөх тос шатаах горимд шилжжээ.

Мөн зүрхний цохилтын хурд нь 47 орчим хувиар багассан байна.

Үүний үр дүнд туршилтын хулгана Цельсийн 33 хэмийн биеийн дулаантайгаар 24 цагийн турш ичилтийн горимд оржээ.

Харин хэт авианы нөлөөг зогсооход хулгана буцаад сэрсэн байна.

Ижил туршилтыг хархан дээр амжилттай явуулснаа судлаачид “Nature Metabolism” сэтгүүлд нийтлэгдсэн тайландаа өгүүлжээ.

Чэний баг одоо илүү том амьтан дээр туршилтыг явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Энэ арга техникийг зөвхөн сансрын аялалд биш, бас зүрхний шигдээс, цус харвалтын үеэр өвчтөний бодисын солилцоог удаашруулах замаар эрсдэлээс сэргийлэхэд ашиглаж болохыг Чэн ярьж байна.

Стокхольмын Их сургуулийн профессор Мартин Ястрок туршилтыг “том нээлт” гэж магтаад энэ аргыг онолын хувьд хүмүүст хэрэгжүүлэх боломжтойг онцолжээ.

“Бидэнд байгалиасаа үлдэгдэл чадвар байж магадгүй юм. Энэ туршилтаас өмнө хэн ч үүнийг аюулгүйгээр турших талаар бодож байсангүй” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.