“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно


5-р сарын 18
15 цаг 05 минут

Монголын банкны холбоо, арилжааны банкууд болон Монгол банкны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан 34 төсөлд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо.

Нийт төслийн хүрээнд 37 га талбайд 105 гаруй мянган мод тарьж ургуулан, 20 мянган м.кв ногоон байгууламж бий болгох юм.

Мөн 70 гаруй ногоон ажлын байр бий болж, гурван төрлийн шинэ технологи, инновацын шийдэл нэвтрэхээс гадна төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 180 гаруй мянган хүүхдийг ногоон орчинд сурч боловсрох боломжоор хангана.

Түүнчлэн 800 орчим мянган хүнд тарьсан модоо арчилж тордох, ургуулах чиглэлээр экологийн боловсрол олгох юм байна.

“Тэрбум мод” сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэхээр өнгөрсөн оны 10 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм.

Нийслэл болон бүх аймгаас Нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламж, Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлт, мод тарих, Олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох гэсэн гурван чиглэлээр 200 орчим төсөл ирүүлсэн байна.

Эдгээрээс байгаль орчны хамгаалал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, агро-ойн аж ахуй, сургалт судалгаа, санхүү зэрэг 24 салбарын төлөөллөөс бүрдсэн хараат бус, мэргэжлийн Техникийн түр хороо 34-ийг нь шалгаруулжээ.

Сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийн чиглэлд гэхэд л 11 цэцэрлэг, есөн сургуулийн төсөл шалгарч, нийт дөрвөн мянга гаруй гоёлын мод, 10 мянга гаруй хайлаас тарьж, ургуулах юм.

“Тэрбум мод” сан цаашид шилдэг төслүүдийг санхүүжүүлэхээс гадна арилжааны банкнуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгох, ойн салбарт хувийн болон олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Шалгарсан төслүүдэд батламж гардуулах ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “Тэрбум мод” сангаас байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх, олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа нь чухал дэмжлэг болж байгааг тэмдэглэв.

Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан.

Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгох юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 10 сая гаруй мод тарьж, тарьц, суулгацын нөөцийг өмнөх оноос тав дахин буюу 10 саяар нэмэгдүүлж 44 сая гаруйд хүргээд байна.

зураг
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.