"Ямар үндэслэлээр 126 байх ёстой талаар шинжлэх ухаанч тайлбар алга"


5-р сарын 18
15 цаг 03 минут

Улс төр судлаач Д.Бумдарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-д суудалтай намууд зөвшилцөлд хүрч гишүүдийн тоог 126 байхаар тогтож байна. Өмнөх 152 гэх тоог хүн амын тоотой харьцуулж гаргаж ирсэн гэсэн. Тэгвэл 126 гэх тоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн юм бэ. Ажлын хэсгийнхэн энэ талаар мэдэж байсан уу?

-Байнгын хороодын хурлыг та бүхэн ажиглаж байгаа байх. Тооны хувьд өөрчлөлт оруулъя гэж байна. Өчигдөр өглөөний мэдээллээр 126, 60:40 гэсэн мэдээллийг хийсэн. Энэ нь шинжлэх ухааны үүднээс ямар үндэслэлээр гарч ирсэн юм бэ, 152 болоход ямар үр дүн гарах, нөлөөлөл нь юу байсан бэ гэдгийг гишүүд тойргийнхоо иргэдэд төдийлөн ойлгуулж чадаагүй юм байна. Иргэдтэй уулзалтууд хийж байхад үндэслэл нөхцөл байдал, улс төрийн шинжлэх ухаан талаас нь парламентын засаглалтай улс оронд улс төрийн шинэчлэл ямар үр дүнтэй байх вэ гэдгийг хамтдаа зөвшилцөхөд ойлгож байсан. Тэгэхээр, энэ зүйлийг хэр ярьсан бэ гэдгийг хувь судлаачийн үүднээс асуумаар байна. Улс төрийн шинжлэх ухааны үүднээс нэг дүр, бодит улс төр гэдэг дүр төрх байгаа учраас энэ хоёрын дундын вариантыг харж байгаа болов уу. Хэрвээ нэг гишүүн 30 мянга орчим хүнийг төлөөлнө гэж үзэх юм бол одоогийн тоо гарч ирэх боломжтой.

Ямар үндэслэлээр 126 байх ёстой талаар шинжлэх ухаанч тайлбар байхгүй байна.

Нэг ёсондоо бид нар бодлого, шийдвэр гаргахдаа ямар байр суурь барьдаг, хөөсөрдөг эсэх нь харагдаж байна.Үнэхээр нийгмийн амьдрал, инфляци үнийн өсөлт иргэдэд дарамт болж байгаа нь бодит үнэн. Засахын тулд бид цаашдаа ямар хэлбэрээр засаглалыг үргэлжлүүлэх ёстой юм бэ.

Ямар байдлаар иргэд хяналт тавих ёстой юм бэ гэдгийг бодитоор харах ёстой. Тэгтэл “иргэд дургүйцэж байгаа болохоор, манай тойргийнхон дургүй байна” гэх тайлбар харамсалтай сонсогдлоо. Тиймээс дараа, дараагийн шийдвэрийг гаргахдаа яагаад нийгэмд энэ асуудлыг зөвшилцөж чаддаггүй юм гэдгээ өөрөө, өөрсдөөсөө хариулт нэхэх цаг үе ирсэн байна.

Шинжлэх ухаанчаар хандаж ирсэн улс орны хөгжил өөр байдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Магадгүй гишүүд тайлбарлахаас илүүтэй судлаачид, нийгмийн асуудалд чин сэтгэлээсээ санаа зовдог хүмүүс дуу хоолойгоо илэрхийлэхгүй бол өнөөдрийн нийгэм гаргаж ирсэн асуудлыг нэг бол дэмжих, нэг бол эсэргүүцэх гэсэн хоёр вариантаар хувааж байна.  Ажлын хэсгийн хувьд 152-оос 126 руу “унагаж” байгаад бага зэргийн санаа амарч байна. Гэхдээ 60:40 гэдэг харьцаа аюултай.

-Яагаад.  Сөрөг хүчний зүгээс санал болгож байгаа хувилбар шүү дээ. Эрх баригчид 50:50 гэж байсан, эцэстээ АН-д буулт хийж байх шиг байна?

-2012 онд 60:40-ийг оруулсан ч эффект төдийлөн гараагүй. Ямар асуудал гарсан бэ гэхээр тойргийн 60 хувь нь нөгөө 40 хувиа "бонус"гэж харна. Бидэнд өгсөн саналаар “энэ” гарч ирсэн гэдэг зүйл үүснэ. Гэхдээ яах вэ, Үндсэн хуульд тоог тусгачих юм бол арай өөр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаана нь тэр үзэл оршсоор байна.  Хувь тэнцүүлсэн элемент олон давуу талтай. Улс төрийн хөгжилд хамгийн их нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, ямар улс төрийн нам байгаад хэн түүнд итгэж болох уу, улс төрийн үзэл баримтлалаар түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж бодитоор ярьж байна уу, үндэсний хэмжээний бодлого ярихуйц ямар хүнийг жагсааж байна гэдэг нь намтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр, одоогийн оруулж ирж буй саналаар явбал  намын хөгжил дахиад л саармагжина гэсэн үг. Ийм зүйлийг бид шаардах ёстой. Улстөрчид мэтгэлцэж сурах ёстой. Ямар асуудлыг юу гэж ярьж байгааг үндэслэл, логиктой нь шинжлэх ухаанчаар практикт мэтгэлцэж сурах чухал.

Миний хувьд өмнөх өргөн барьсан төслөөр яваасай гэж хүсч байсан.  Хамаг мөн чанар, өөрчлөлт 50:50-д байсан.

-Гишүүдийн тоог улс төрийн намууд нэгэнтээ тохирсон болохоор хөдлөхгүй байх. Харин 50:50 байх ёстой гэдэгт та хатуу байр суурьтай байгаа бололтой?

-Тийм, дахиад задалъя гэвэл 50:50 хувь байх ёстой. Энийг иргэд ойлгох ёстой. Эцсийн дүнд кноп дарах хүмүүс чинь гишүүд байхгүй юу. Гишүүдийн ямар эрх ашиг байна вэ гэдгийг харж байх ёстой. Өнөөдрийг хүртэл 76 тойрогтоо яваад бид 33 жил яаж хөгжсөн юм бэ. Нийгэм хэцүү, ядуу байна гэж бүгд ярьдаг мөртлөө яаж өөрчлөх вэ гэдэг дээр яагаад эргэцүүлэн тунгаах зүйл хийхгүй байна вэ. Тиймээс дахиад тойрогтоо ажиллахдаа 126 тоог өөрчлөхгүй байх, 50:50 гэдгээр орж ирэхийг иргэдэд зөвөөр, бодитоор нь тайлбарлаж хамтын хэлэлцүүлэг хиймээр байна. Хамтдаа сайн муугаа ярих ёстой.

"МӨНГӨТЭЙ ХЭСЭГ НЬ ДУУ ЗАХИАЛДАГ БАЙДЛЫГ БОЛИУЛАХ ЁСТОЙ" 

-ҮХНӨ-ийг гишүүдийн тоог нэмснээр төсвийн зардал өснө гэж иргэд болгоомжилж байх шиг. Үнэндээ тойрогтоо ажилласан гишүүд үүнийг иргэдэд ойлгуулж чадсангүй юу эсвэл ойлгуулах хүсэл төрсөнгүй юу, мэдэхгүй. Нөгөөтэйгүүр гишүүдийн нэр хүнд унасан энэ үед иргэд тэдний үгийг сонсохыг хүсээгүй байх. Тиймээс ажлын хэсгийн гишүүний хувьд гишүүдийн тоог нэмснээр Монголын улс төр, эдийн засагт ямар эерэг үр дүн үзүүлэх вэ гэдгийг тайлбарлаж өгөөч? 

-152, 50:50 орж ирж буй төсөлд 76 гишүүн түүний ажлын алба нийтдээ 384 хүн байгаа шүү дээ. 380 хүний цалин хөлс 10 тэрбум орчим байгаа. 152 боллоо гэхэд 380 гэдэг тоог өөрчлөхгүй. 152 дээр нэмэх нь ажлын албыг багасгах зарчим явж байгаа. Жагсаалтад нэг хүн нарийн бичгээр, тойргоос орж ирж буй хүнд хоёр хүн ногдох байдлаар төлөвлөсөн нь төсөв дээр дарамт үзүүлэхгүй байхаар оруулж ирсэн. Үүнээс гадна улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан. Хуулийн төсөлд санхүүжилтийн асуудал нь төрийн санхүүжилт буюу намыг дэмжих зохицуулалт орж ирж байна. Ер нь мөнгөтэй хэсэг нь дуу захиалдаг байдлыг болиулах гэсэн үг. Мөнгөтэй нь давуу байдал олдог, тэгш бус гарааны байдлаа зогсоохыг ярьж байгаа. Үүний эхлэл нь улс төрийн намын тогтолцоо байхгүй юу. Тэндээс хууль, эрх мэдлийн хуваарилалт хийгдэж байгаа учраас улс төрийн тогтолцоог эрүүл болгох ёстой. Судлаач хүний хувьд онолын хувьд яаж явах ёстойг ярина. Гэхдээ бодит улс төр өөр зүйл. Энэ хоёрын дундхыг сонгох гээд байна. Илүү олон судлаачид үгээ хэлэх хэрэгтэй байна. Зөвхөн, өнөөдөр маргаашийг харж болохгүй. Маргаашаа харсан  хавар болж байна.

-Улс төр судлаачийн хувьд ирэх сонгуулийн дүр төрхийг хэрхэн харж байна вэ. Гишүүдийн тоог нэмсэн ч төдийлөн өөрчлөлт гарахгүй байх вий гэдэг болгоомжлол нийгэмд байна?

-Төр барилцаж буй хүмүүст дүгнэлт хийх болсон. Өнөөдрийн нөхцөл байдалд биднээс үл шалтгаалах геополитик, үнийн өсөлт гэх мэт асуудал байгаа. Үүнийг ард иргэд төдийлөн ойлгохгүй байхыг үгүйсгэхгүй. Ойлгож хүлээж авч байгаа хэсэг нь байна. Бодит байдлыг хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас эрсдэлийн үед бид ямар менежмент хийх хэрэгтэй гэдгээ тооцоолж судлах ёстой. Иргэдийн хувьд өнөөдрийн амьдрал чухал. Үүнийг буруутгахгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд засаглалыг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа тухайн асуудлыг мэдэрдэг, ойлгодог, хүчээ зарцуулдаг хуулийн үйлчлэл эдийн засаг бусад зүйлд үр өгөөжтэйг гаргаж тавьдаг улстөрчид хэрэгтэй байна. Тэр утгаараа тогтолцооны шинэчлэл яригдаж байна. 2024 оны сонгуулийн хувьд янз бүрийн дүр зураг харагдаж байгаа. Тойргоо өөрийн болгож чадсан гишүүдийн хувьд асуудал байхгүй. Шинэ хүн тэнд очих боломж байхгүй. Мэдээж хүн ам ихтэй сөрөг хүчнийг хүсдэг газар иргэд өөр дүн тавина.

Ер нь ирэх сонгууль сонирхол татахуйц болох байх. Гэхдээ одоо байгаа гишүүдийн дүр төрх эрс өөрчлөгдөнө гэдэгт хувьдаа итгэлгүй байна.

-Пропорциональ тогтолцооны сул талыг юу гэж хардаг вэ?

-Сонгуулийн тухай нэмэлт өөрчлөлтөд жагсаалтыг хувь тэнцүүлэн тооцож эхэлнэ. Тэгэхийн тулд мажоритарт дор хаяж 50 хүн нэр дэвшүүлсэн байх ёстой. Тэгж байж жагсаалтаа бичиж тооцогдож эхлэх юм. Монголд хэдэн улс төрийн нам бүтэн хоёр мажоритар болон хувь тэнцүүлснийг бүтэн жагсааж оруулж ирэх нь вэ гэдэг нь статистик үзүүлэлтүүд өөрчлөгдөх байх. Дээрээс нь эвслүүд өөрчлөгдөх байх. Суудал авах, танигдсан байх гэдэг зарчим явах учраас аятайхан хүмүүсийг жагсаахыг үгүйсгэхгүй. Гэхдээ улс төр хийдэг, поп хэлбэрийн улстөрчид орж ирэхийг үгүйсгэхгүй. Парламент бол төлөөллийн ардчилал, ард иргэдийн төлөөлөл байдаг учраас нийгмийн ямар төлөөлөл байна ямар эрх ашиг байна, түүнийг ярьдаг төлөөлдөг төлөөлөгч орж ирэх нь зүй ёсных. Хэрвээ попордог, улс төрждөг байх юм бол тийм хэсэг маш их байна гэсэн үг. Бид иргэдийн өөрсдийн тусгалыг гаргаж ирж байгаа шүү гэдгээ бодох ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.