Цэцэрлэгт хамрагдалтыг 95 хувьд хүргэсэн нь бүсийн хэмжээнд өндөр үзүүлэлт


5-р сарын 1
13 цаг 51 минут

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар иргэдийн төлөөлөгчдөд танилцуулав.

Тухайлбал, боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны талаар онцолсон юм. Боловсролын салбарт хийж буй ажлууд, авах арга хэмжээ үр дүнтэй байх гол үндэслэл нь гүйцэтгэлийн үнэлгээ гэдгийг тэрбээр тодотгов. “Уг үнэлгээг хийхэд боловсролын чанарын үнэлгээг хийх шаардлагатай. Монгол Улсын боловсролын чанар, тэр дундаа хөтөлбөрийн тухайд дээд эрэмбийн ур чадварыг эзэмшүүлэх талд сул байна. Мөн математик, англи хэл зэрэг хичээлийн хоцрогдол их байгааг Дэлхийн банкнаас хийсэн судалгаа харуулсан” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, шалгалтад бэлдэж сургадаг хөтөлбөрөөс амьдралд бэлддэг хөтөлбөрт шилжих нэн шаардлагатай байгаа юм.

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах, боловсролын салбарт цахим шилжилтийг хурдасгах арга хэмжээ авч буй. Тухайлбал, сурагчдад зориулсан “Eduten”, “Pearson”, “Suraad”, “Medle”, цэцэрлэгийн насныханд зориулсан “Elf” платформуудыг туршиж буй.

Энэ салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхээр Засгийн газар, нийслэлийн удирдлага хамтран богино хугацаанд оновчтой шийдэл гарган, санхүүжилтийг шийдэн хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн хэмээн тэрбээр онцолсон юм. Тухайлбал, хамрах тойрогт цэцэрлэгт бүртгэхдээ сугалаагаар шийддэг байсныг халсан. Ингэхдээ бүртгэлийг цахимаар хийж, хамрах тойргийг зарлахдаа улсын болон хувийн цэцэрлэгүүдийг багтааснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 95 хувьд хүргэж чадсан байна.

Тэрбээр "Богино хугацаанд авсан энэ арга хэмжээний дүнд сургуулийн өмнөх насны 141 мянган хүүхдээс 120 мянга гаруйг нь цэцэрлэгт хамруулсан. Энэ бол бүс нутгийн хэмжээнд өндөрт тооцогдох үзүүлэлт. Энэ хүрээнд улсын төсвөөс гаргасан 100 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хувьсах зардлыг санхүүжүүлсэн бол нийслэлээс баталсан 82.7 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн өргөтгөл, нэг давхрын цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, томоохон хотхон, хороололд түрээсийн цэцэрлэг бий болгох, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжих, мөн ачаалал ихтэй улсын цэцэрлэгийг өргөтгөх, засвар үйлчилгээ хийх арга хэмжээ авсан" хэмээлээ. 

Харин ЕБС-ийн хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг тэрбээр тэмдэглэсэн юм. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 296 сургуульд 364 орчим мянган хүүхэд суралцаж буй. Цаашид сургуулиудын ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллэхийг халах боломж бүрдүүлэх нь чухал байна. Гэвч 2023-2024 оны хичээлийн жилд 54 сургуулийн 669 бүлэг, 33 мянга гаруй сурагч гурван ээлжид шилжин хичээллэхэд хүрээд байгаа юм. Тиймээс сургуулиудын ачааллыг бууруулахад Засгийн газар, нийслэлийн удирдлага, иргэдийн төлөөлөгчид анхаарч бодлогын шийдэл гарган, дэмжиж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд уриаллаа.

Түүнчлэн боловсролын чанар, хүртээмжийн асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэн манлайлж ажилласан СХД-ийн иргэдийн төлөөлөгч Н.Баярчимэг, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч Ү.Оюунзул нарт тэрбээр талархал илэрхийлэв.

Цаашид боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд тулгамдаж буй асуудлыг шийдэх гарцуудын талаар тэрбээр танилцуулав. Тухайлбал, газар зүйн мэдээллийн систем (School Mapping)-д суурилсан төлөвлөлт хийх, хамран сургах тойрог тогтоох нэгдсэн аргачлал баталж хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, багшийг компьютержуулах, боловсролын байгууллагын цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг шийдлүүд бий. Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг оролцоог дэмжих, байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, цэцэрлэг болон сургуулийн зориулалттай барилгыг урт хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр эзэмших боломжийг бий болгох нь чухал байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй7 цаг 29 минутын өмнөББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ7 цаг 30 минутын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов7 цаг 32 минутын өмнөХүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ7 цаг 33 минутын өмнө"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"7 цаг 33 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно7 цаг 35 минутын өмнөАжилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ7 цаг 35 минутын өмнөЭнхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно7 цаг 36 минутын өмнөУвс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна7 цаг 36 минутын өмнөС.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан7 цаг 37 минутын өмнөБ.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.