Газрын тосны үйлдвэрийн хоёр, гурав дахь шатны бүтээн байгуулалт эхэллээ


5-р сарын 1
12 цаг 36 минут

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Дорноговь аймагт өрнөсөн томоохон үйл явдлын нэг нь газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хоёр, гуравдугаар шатны ажил буюу үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон түүхий тос дамжуулах хоолойн механик угсралтын ажил байлаа.  

Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр стратегийн чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсний дагуу үйлдвэрийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг БНЭУ-ын нефть-химийн салбарын тэргүүлэгчдийн нэг, төрийн өмчит “Инженерс Индиа Лимитед” компани 2019 онд боловсруулж, Итали улсын “Кинетикс Текноложи”, “Прометиус” компаниуд тус ажилд хөндлөнгийн хяналт тавьж, захиалагчийн зөвлөхөөр ажилласан.

Манай улсад нефть-химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл одоогоос таван жилийн өмнө цаасан дээрээс бодит ажил руу хэрэгжиж эхэлсэн байдаг.

Тухайлбал анхны дэд бүтцийн ажлууд болох Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэлх 27 км төмөр зам, 17 км хүнд даацын авто зам, эрчим хүчний агаарын шугамыг монголчууд өөрсдөө 2018-2019 онд барьж дуусгаж байлаа. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл нь цар тахалтай холбоотойгоор бий болсон үнийн өсөлт, тээвэр ложистик зэрэг хүндрэлтэй үеийг даван туулж, тасралтгүй хэрэгжсээр эдүгээ төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас бүтээн байгуулалт, барилга угсралтын шатанд шилжээд байгаа юм.

Үйлдвэрийн байгууламж тус бүрийн төвөгшил, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй. Эхний багц ажил технологийн бус барилга байгууламж (EPC 01)-ийн барилга угсралтын ажил буюу ган хоолойгоор цэвэр усны нөөц татах, үйлдвэрийн доторх зам, галын барилга, агуулах сав зэрэг барилга байгууламжийг барих ажлын нээлт 2021 нэгдүгээр сард Алтанширээ суманд болж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани бүтээн байгуулалтын ажлыг эхэлж байв. EPC 01 багц ажлын үлдсэн хэсгийг тус компани энэ онд гүйцэтгэж дуусгана.

EPC 02 багц ажлын хүрээнд атмосфер ба вакуум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн байгууламжууд, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламжууд, түүний дотор 49 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг байгууламжууд баригдана.

EPC 03 багц ажлын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц баригдана. ДЦС-ын уурын турбин генераторыг ХБНГУ-ын “Siemens” компани, уурын зуухыг тус улсын “ThyssenKrupp” үйлдвэрлэж байгаа  аж.

Дээрх хоёр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын "Megha Engineering Infrastructure Limited" компани шалгарч 2022 оны сүүлээр гэрээ байгуулан ажлаа эхэлсэн байна.

Энэ онд эхэлж байгаа гурван төрлийн ажил бол тус бүртээ өөр өөр гэрээт хугацаатай бөгөөд түүхий тос дамжуулах хоолойг 26 сарын хугацаанд, хоёрдугаар багц ажил 32 сар, гуравдугаар багц ажлыг 28 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: 

Газрын тос боловсруулах үйлдвэр манай улсад нефть-химийн аж үйлдвэрийн салбарын суурийг тавьж буй гэдгээрээ цоо шинэ бүтээн байгуулалт болж байна

 

-Газрын тос боловсруулах үйлдвэр бол манай улсад нефть-химийн аж үйлдвэрийн салбарын суурийг тавьж буй гэдгээрээ цоо шинэ бүтээн байгуулалт болж байна. Үйлдвэрийн төлөвлөлт, процесс ба технологийн горим, инженерчлэл, нарийвчилсан зураг төсөл, барилга угсралт, хууль, гэрээ эрхзүй, санхүү эдийн засаг гээд өөр хоорондоо нарийн уялдаа холбоо бүхий олон салбар дамнасан цогц  ажлыг төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК,  Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компанитай хамтран амжилттай гүйцэтгэж байна.

Эл төсөл нь улс орны эрчим хүчний бие даасан байдлыг хангах, Монгол Улсад нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавих, өөрийн орны байгалийн баялгаа боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, говийн бүсэд аж үйлдвэрийн нэгэн шинэ төвийг бий болгох зэрэг нийгэм-эдийн засгийн тал бүрийн ач холбогдолтой.

Монгол-Энэтхэг хоёр улсын өнөө үеийн хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй хамгийн том төсөл юм. БНЭУ-ын төр засгийн байгууллагууд, Экспорт-Импортын банк төслийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, байнга дэмжлэг үзүүлж ажилладаг.

Аливаа томоохон бүтээн байгуулалтыг  цогцоор нь хийж бүтээхэд урт хугацаа, төлөвлөлт инженер зайлшгүй  шаардагддаг. Энэ нарийн түвэгтэй ажлын ард бид гарч байна. Эдгээр нь бүгд өндөр төвөгшилтэй, нарийн мэргэжил мэдлэг, туршлага шаардсан өргөн цар хүрээтэй ажлууд.

Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 530 км газрын тос дамжуулах хоолой нь Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл баригдана. Уг дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд  манай улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болно.

Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны билэг тэмдэг болсон өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтад Энэтхэг, Хятад, Итали, Франц, Герман, АНУ, Нидерланд, Испани, Канад зэрэг улс орны олон зуу, мянган инженер мэргэжилтнүүд оюун ухаан, хүч, сэтгэлээ шингээн ажиллаж байгаа.

Монгол Улсад нефть химийн шинэ аж үйлдвэрийн суурийг тавих газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжийг бидэнд олгож төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш бүх талаар дэмжиж тусалж байгаа БНЭУ-ын Засгийн газарт БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  М.П.Сингх таниар дамжуулан гүн талархал илэрхийлье.

Манай оронд төдийлэн хөгжөөгүй мэдлэг туршлагаар дутмаг, нарийн технологийн өндөр төвөгшилтэй энэхүү хүнд аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд олон жилийн турш бидний гараас хөтөлж зааж сургаж техник эдийн засгийн үндэслэл, инженерчлэлийг хийж гүйцэтгэн өдий хүртэл бидэнтэй хамт байгаа БНЭУ-ын төрийн өмчит “Engineers India Limited” компанийн хамт олон, үйлдвэрийн технологийн барилга байгууламж буюу EPC I багц ажлыг 2021 онд эхэлж үйлдвэрийн талбайд хүний нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалтыг хийж чадсан Энэтхэг Улсын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, манай орны эрчим хүчний бие даасан байдалд онцгой аж холбогдолтой энэхүү үйлдвэрийн барьж байгуулахаар хүн хүч, машин техникээ дайчлан алс холын нутгаас зорин ирж өнөөдрийн бүтээн байгуулалтыг эхэлж байгаа БНЭУ-ын “Megha Engineering Limited” (Мега Инженеринг Лимитед) компани, БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation”    компанид  ч талархал дэвшүүлье.

Энэхүү том бүтээн байгуулалтыг өөрийн орондоо хэрэгжүүлэхэд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа Засгийн газар, УИХ-ын гишүүд, төр засгийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд, хамтран зүтгэж буй баг хамт олондоо  ч талархал илэрхийлье гэв.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  М.П. Сингх: 

Бид Дорноговьд хоёр дахь энергийн төвийг барина

-БНЭУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах томоохон төсөл хэрэгжиж байна. Дорноговь аймагт баригдах газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг манай улсын компани 2021 оны нэгдүгээр сард -35 градусын хүйтэнд эхэлж байлаа. Нэгдүгээр үе шатны ажлаа дуусгаад хоёр дахь шатны ажил буюу технологийн дагалдах байгууламжийн ажлаа эхэлж байна.

EPC 02 багц ажлын хүрээнд атмосфер ба вакуум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн байгууламжууд EPC 03 багц ажлын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын ажлыг гүйцэтгэхээр ажлаа эхэлж байгаадаа баяртай байгаа.

Бид энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Дорноговь аймагт хоёр дахь энергийн төвийг байгуулах болно. Хамтран ажиллаж байгаа Монгол Улсын засгийн газар, энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хичээн зүтгэж ажиллаж байгаа орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлье.

Дээрх зураг бол газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг агаараас авсан зураг. Үйлдвэрийн төлөвлөлт, дагалдах байгууламжууд энэхүү хашаалсан газарт өрнөнө.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол түүхий эд болох түүхий нефтийг Дорнодоос хоолойгоор татахаар төлөвлөсөн. Түүхий тос дамжуулах хоолойг Дорнод, Сүхбаатар, Дорноговь  аймгийн найман сумыг дайруулж нийт 530 км газар  татахаар зураг төслийг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Матад сумын “Тосон уул-XIX”, “Тамсаг XXI” талбайгаас  гарсан түүхий нефтийг хоолойгоор дамжуулж дээрх маршрутаар тээвэрлэнэ.

Дорнод аймгийн Матад сумаас нааш Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Өргөн, Алтанширээ  сумыг дамжсан газрын тос дамжуулах хоолойн ажлыг БНХАУ-ын "Norinco international” компани гүйцэтгэж байна. Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд тус компани ажлын нарийвчилсан зураг, түүхий тосны шинжилгээ, суурь судалгааны ажлууд, технологийн зам зэрэг дэд бүтцийн ажлаа дуусгаснаар дамжуулах хоолойн барилга угсралтыг эхлэхэд бэлэн болжээ.

Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons” компани хийж буй бол үйлдвэрийн хоёр, гурав дахь багц ажлын нарийвчилсан зургийн ажлыг ерөнхий гүйцэтгэгчээс гадна Испанийн “Intecsa”, Италийн “STF Termotechnica” компаниуд гүйцэтгэж байна.

Үйлдвэрийн ажилчдын  орон сууцанд гадаад мэргэжилтнүүд байрлаад эхэлжээ

Сайншанд хотын баруун дүүрэг буюу шинэ суурьшлын бүсийн орчим газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын  хэрэгцээнд зориулсан 549 айлын орон сууцны бүтээн байгуулалт 2019 оны наймдугаар сарын 14-нд эхэлж байлаа. Юун түрүүнд үйлдвэрийн  дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг угсрах гадаад мэргэжилтнүүд байрлах уг орон сууцны нэг блок болох 40 айлын орон сууц ашиглалт орж үйлдвэрийн барилга байгууламж дээр ажиллаж буй гадаадын компанийн ажилтнууд түрээсийн гэрээгээр ороод эхэлжээ.

Энэ намар дараагийн 95 айлын орон сууцыг ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа аж.Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууцны нэгдүгээр ээлж нь 262 айлын орон сууц байгаа бол үлдэгдэл нь  хоёрдугаар ээлжийн барилга  юм.  Эл орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьж буй бөгөөд зарим барилгын санхүүжилт удаашралтай байгаа тул барилгын ажил түр зогсоод байгаа гэж албаныхан мэдээлэв.

Үйлдвэр 1,5 сая тонн түүхий тос боловсруулж, 1,3 сая орчим тонн түлш шатахуун үйлдвэрлэнэ

Үйлдвэр нь 1,5 сая тонн түүхий тос боловсруулж, 1,3 сая орчим тонн түлш шатахуун үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүний хувьд дизелийн түлш 824 мянган тонн, автобензин 339 мянган тонн, онгоцны түлш 80 мянган тонн, шингэрүүлсэн шатдаг хий 43 мянган тонн, зуухны түлш 43 мянган тонныг зах зээлд нийлүүлнэ. Чанарын хувьд Евро 5 стандарт болон орчин үеийн MNS 0216-2017, MNS 0217-2017 стандартуудын шаардлагад нийцсэн байна.

Зуухны түлшийг  үйлдвэрийн дулааны цахилгаан станцдаа түлш болгон хэрэглэнэ. Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон түүхий тос дамжуулах хоолойн механик угсралтыг эхлүүлэх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Засаг дарга О.Батжаргал, БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, төр засаг, орон нутгийн байгууллагын удирдлагууд, иргэд, их дээд сургуулийн төлөөллүүд, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” компани, Ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд, инженер мэргэжилтнүүд оролцсон юм.

Тэмээ туйлсан гэх Алтанширээ сум

Газрын тосны үйлдвэр баригдаж буй Алтанширээ сумын тухай түүх домог сонирхол татдаг. Дорноговь аймгийг эмхлэн байгуулах тухай асуудал хэлэлцсэн Ардын засгийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1931 оны тавдугаар сарын 20-23-нд одоогийн Алтанширээ сумын нутаг Сайн-Усны баруун дэнж дээр хуралдаж байжээ.

Өөрөөр хэлбэл Дорноговь аймаг байгуулсан анхны газар нь одоогийн Алтанширээ сумын нутаг Сайн-Ус гэх ус ундарга сайтай өргөн уудам нутаг. 1931 онд  Дорноговь аймаг анх байгуулагдаж тооноо өргөж, ханаа шийрлэсэн нутагт энэ зууны томоохон бүтээн байгуулалт газрын тосны үйлдвэр баригдаж буй нь  сонин тохиолдол. Бүр тодорхой түүх өгүүлбэл Алтанширээ сумын хошуу Тамгын газар тэмээн тэргээр нүүж явтал энэ нутгийн ойролцоо ачаатай тэмээ гэнэт туйлж ачаа бараагаа унагаж газраар  хөглөрүүлжээ.

Тэмээн хөсөг хөтөлж явсан хүн буун харайж  газраар унасан барааг цуглуулж явтал авдарны цоож нээгдэж хошуу Тамгын газрын тамга унасан байхыг хараад бэлгэшээн тэмээн тэргээ буулгаж сумын хошуу Тамгын газраа энд төвлүүлсэн гэх  түүхэн яриа, домог байна. Алт эрдэнэсийн нэрээр нэрлэгдсэн энэ суманд “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн  “Алтанширээт” үйлдвэр технологийн парк байгуулах төсөл хурдацтай явж байна.

Томоохон бүтээн байгуулалтыг дагалдсан бусад бизнес хөгжиж, хөдөө аж ахуйн салбар тэр тусмаа мал аж ахуйгаас гарах ашиг шимийг борлуулах, малчид малаа нэмүү өртөг шингээн борлуулах, шинэ бизнесийн гарц нэмэгдэж сумын хүн амын амжиргаа дээшлэх боломжтой  юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51"Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын усанд орох өрөөнд байрлуулсан камер бичлэг хийдэггүй нь тогтоогдсон" гэв3 сар 27. 16:50Х.Нямбаатар: Метрог эсэргүүцэгчид суухгүй гэдгээ илэрхийлмээр байна3 сар 27. 16:50Аккумулятор дахин боловсруулах анхны үйлдвэрийг ашиглалтад оруулав3 сар 27. 16:49Ши Жиньпин гадаадын бизнес эрхлэгчидтэй уулзав3 сар 27. 16:48Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна3 сар 27. 16:48Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр ирэх сараас 24 цагаар ажиллана3 сар 27. 16:47ХУУЛЬ: Хүүхдээ хайхрахгүй, дарамталсан бол эцэг, эх байх эрхийг зургаан сараар хасна3 сар 26. 15:19Халдлага үйлдсэн 4 этгээдэд ялын дээд хэмжээ ногдуулахыг шаарджээ3 сар 26. 15:17
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.