“ТАЛЫН САЛХИ” ХУИЛРАН ШУУГИЖ, ДЭЛХИЙД СҮР ХҮЧЭЭ ГАЙХУУЛАХ ЦАГ АСУЙ...


4-р сарын 10
10 цаг 42 минут

Зорилгоос буцах зам мянга, гагцхүү зорилгодоо хүрэх зам ганц. Тэр ганц замаар зогсолтгүй зүтгээд л байх хэрэгтэй.

Данаагийн БАТГЭРЭЛ

 Арав гаруй насны болов уу гэмээр тэрсхэн хөвгүүд машины тэвшин дээр хөгжилдөн явсаар сумын төвөөс холгүйхэн голын тохойд ирэв. Хүргэн ахын зараалаар элсэнд яваа нь энэ. Эхэндээ хөвгүүд өсч яваа насны эрч хүчээр урам зоригтой хүрзэдсэн ч төд удалгүй түрүүчээсээ эцэж цуцан нэг нэгээрээ хүрзээ чулуудаад амсхийхээр суугаад өгөв. Хүүхдүүд л болсон хойно тоглож наадан, барилдах нь барилдаж ноололдсоор цаг явж, нар хэвийснийг анзаарсангүй. Харин тэдний дундаас нэг жаахан бор хүү хөлсөө шудран тасралтгүйгээр элсээ ачсаар нэг мэдэхэд ганцаараа тэвш дүүргэчихсэн инээвхийлэн зогсов. Энэ шөрмөслөг бор хүү бол өдгөө дэлхийн хамгийн том мэргэжлийн холимог тулааны холбоо болох UFC-д Монгол Улсаас хүч сорьж буй анхны бөгөөд цор ганц холимог тулааны мэргэжлийн тамирчин Данаагийн Батгэрэл байлаа. 

No description available.

Түүний хүүхэд нас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, тэр дундаа Хилийн цэргийнхний амьдрал дунд өнгөрчээ. Аав Ж.Данаа ХЦ-ийн 0146 дугаар ангид жолоочоос Нууцын албаны шифрийн ахлагч, офицер хүртэл хийж явсан бол ээж Н.Ариунаа мөн л ХЦ-ийн арын албанд угаагч, оёдолчин, халуун усны эрхлэгч гээд олон ажлыг нугална. Д.Батгэрэл гурван хүүтэй айлын отгон нь. “Миний хүү сэргэлэн цовоо ч яагаад ч юм их л хожуу хэлд орж билээ” хэмээн ээж нь хуучлан сууна. Аав нь хоёр хоёр насны зөрүүтэй тэрсхэн гурван хүүгээ чөлөө зав л гарвал барилдуулж тоглоно. Отгон хүүгээ өхөөрдөн цуутай бөхчүүдийн нэрээр цоллож байгаад л хоёр ахтай нь ана мана үзэлцүүлнэ. Хүү их шөрмөстэй, барагтай л бол унахгүй. Бас их хор шартай. Энэ дурсамж хөвгүүдийнх нь сэтгэлд тод үлдсэн гэгээн дурсамжуудын нэг. Учир нь аав Данаа нь отгон хүүгээ сургуульд орохын урьд жил цэл залуухан 34 насандаа тэнгэрт хальжээ.

No description available.

Ид насандаа ханиасаа хагацаж, хоргол шиг гурван хүүгээ хөтлөөд хоцорсон залуу бүсгүй ХЦ-ийн цаг наргүй их ажилд өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл зүтгэхийн зэрэгцээ урлаг уран сайхны ажлаар хилийн заставаар явах нь их. Энэ үед гурван хүү гэрээ сахин үлдэж, том нь багыгаа халамжлан эрт бие даан хүн болцгоожээ. Отряд, сумын сургууль хоёр нэлээд зайтай. Хүүхдүүд өдөр бүр цас, бороо, салхи шуургатайд ч гэр, сургуулийн хооронд ажралгүй алхана. Өвлийн хүйтэнд уулын ам өөд км хэртэй явж, Сталин голоос чарга чирээд усанд явах хамгийн хүнд даваа. Ах дүүс хичээл таруут Отрядаас найман км зайд зусах өвөө эмээ дээрээ очиж зуны гурван сарыг үднэ. Өглөө эрт босч, зарчимч өвөөгийн хатуу хяналтан дор үхрийн баас цэвэрлэж дуусаад, өдөржин тугал үхэр хариулж, бяруу тугалтай ноцолдон, өөр хоорондоо дээлийн сугаа ханзлалцаж гол дээр наадан өнжинө. Багаасаа энэ мэт эгэл борог амьдрал, хүнд хүчир хөдөлмөрт чийрэгжиж хатуужил суусан нь түүний өнөөгийн амжилтын нэг үндэс байж болох юм.

 Батгэрэл хоёр ахаасаа арай л өөр. Сэргэлэн овсгоотой, хурдан шаламгай, сийрэг гүйлгээ ухаантай, аливаад тууштай, зорьмог шийдэмгий. Нэг зүйлд  зорьсон л бол хүрч байж санаа нь амардаг тэмцэгч чанартай нь бүр багаасаа л ажиглагдаад байж. Аливааг том зургаар харж, том сэтгэж, том мөрөөднө. Энэ түүний бас нэгэн тод чанар. “Дүү маань нүд нь гялалзаад их сэргэлэн. Энэ төрхөөс нь аавыгаа дахин олж хардаг. Харин хатуу чанга чанар нь ээжээс өвлөгдсөн болов уу” хэмээн түүний том ах Д.Баттулга ярьлаа. Багаасаа л олон зүйлийг сонирхож, хүч сорьж өөрийгөө ямагт хөгжүүлэхийг эрмэлздэг хүүхэд байв. Дунд сургуулиа төгсөөд Оюун ухааны академийн Х.Хатанбаатар багшид шавь орж оюуны спортоор шилдэг 50-д багтаж байсан удаатай. Ном их уншина, подкаст сонсоно. Өөрийн сонсож, уншсан зүйлээ дүү нартайгаа хуваалцана. Мөн жонглёроор хичээллэнэ. Баруунд ид байлдан дагуулж буй The HU хамтлагийнхантай үй зайгүй дотно нөхөрлөнө. “Хар аянга” дууных нь клипэнд хүртэл тоглоод авчээ. Тулаантай кинонд орлон тоглогчоор тоглосон тохиолдол ч бий гэнэ.

No description available.

9-р ангиасаа Улаанбаатар хотод шилжин ирж, Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуульд суралцах болов. Энд анх боксын секцэд явж байгаад тулааны урлагт хөл тавьж улмаар Монгол Улсын гавъяат тамирчин Ж.Нарантунгалаг багшийн шавь болсон түүхтэй. Аливаа амжилтад сайн багш, сайн чиглүүлэгчийн үүрэг маш чухал. Сайн багштай учирна гэдэг ерөөл тавилан. Ингэж багштайгаа учирч, өөрийнхөө хайсан зүйлийг олсон Д.Батгэрэл хүү эргэлт буцалтгүйгээр тулааны урлагт бие сэтгэлээ зориулахаар шийдэж, өмнөө том зорилго тавих болов. Тэр үеэс л дотроо өөрийгөө мэдэрч, хаа хүрэхээ төсөөлж, дэлхийд гарах мөрөөдлийг тээх болжээ. Ах дүүсдээ “би дэлхийд гарна” гэж хааяа бардам хэлэхэд нь тэд нэг их ойшоодоггүй байв. Үрээ гэх эхийн сэтгэл хориглож үзсэн ч дуртай зүйлдээ тэмүүлэх хүүгийн хүсэл мөрөөдлийг юу ч зогсоохоосоо өнгөрсөн байлаа. Анхны тэмцээндээ 2009 оны намар орж аваргын цомыг тэврээд баяр хөөртэй ээждээ ирсэн тэр мөч хамгийн сайхан дурсамжуудын нэг. Хүүгийнхээ тэр баяр хөөр, гэрэлтсэн зоримог нүдийг харсан ээж нь түүнээс хойш дахин хориглож зүрхэлсэнгүй, харин залбираад л хүлээдэг болж. Дэлхийн аваргын мөнгөн медальтай, мэргэжлээрээ олон жил тулалдчихсан хүмүүстэй тулалдаж байгаа дүүгээ дэмжихээр очсон хоёр ах нь энэ мундаг тамирчдаас ядаж нэгийг нь давчихаасай гэж бодож зогссоноо нуусангүй. Харин багш нь өөр бодолтой байв. Тэр шавиа түрүүлнэ гэдгийг баттай мэдэж байлаа. Ийнхүү анхны тэмцээнээсээ урам зориг авсан хүү өнөөдөр олон олон ялалтын эзэн болжээ.

Түүний амжилтын нэг үндэс нь өөртөө 100 хувь итгэлтэй байх. Олон жижиг холбоод түүнийг авах санал тавьсан ч UFC-д орно гэсэн зорилгодоо тууштай байсаар 2015 онд хүсэл нь биелэж UFC-ээс санал хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл өндөр шалгууртай UFC Батгэрэлийг өөрсдөө дурлаж авсан гэсэн үг. Ийнхүү UFC-ийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдан энэ том дэвжээнд хөл тавьж, монгол хүү дэлхийн тулааны урлагийн ноён оргилд тулалдаж эхлэсэн түүхийн хуудсыг эхлүүлсэн юм. Өнөөдөр тэрбээр дэлхийн хэмжээнд мэргэжлийн холимог тулааны тамирчдын Bantamweight төрөлд чансаагаараа Топ 49-т жагсаад байна. Түүний энэ хүртэл явж гаргасан жим амар хялбар байсангүй, асар их хүч хөдөлмөр, хөлс урссан нь гарцаагүй. Шантрах, эргэж буцмаар үе байсан ч хүсэл тэмүүлэлтэй байсан цагт, юу ч түүнийг зогсоож чадаагүй билээ. Д.Батгэрэл өнөөдрийг хүртэл нийт 16 тулаан хийснээс 12-т нь ялж, үүнээс найман удаа нокаут буюу хүнд цохилтоор эхний үе дээр ялалт байгуулжээ. 2019 онд UFC холбооны анхны тулааныг хийж “Fight of the night” буюу шилдэг тоглолтын шагналын эзэн болсон юм. 2020 онд UFC-248 тэмцээний халз тулааны ялагч, 2021 онд UFC-261 тэмцээний халз тулааны ялагч, 2021 онд UFC Fight Night: Ladd vs. Dumont тэмцээний халз тулааны ялагч, мөн тус тэмцээний “Performance of the Night” буюу Шилдэг гүйцэтгэлийн шагналыг хүртсэн зэрэг амжилтыг үзүүлээд байна. Хамгийн анх Аргинтины тамирчинтай хийсэн тулаан дэлхийн тулааны урлагийн том дэвжээнд монгол хүний авчирсан анхны ялалт гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ийнхүү дэлхийн хамгийн том мэргэжлийн холимог тулааны холбоо UFC-д  орсноос хойш зургаан удаа тулалдсанаас гуравт нь хүнд цохилтоор ялж байв. Бага жинд 3 удаа хүнд цохилт хийнэ гэдэг тун ховор амжилт. Тэгээд ч тэгш сайн тулаантай, техникүүдийг маш сайн эзэмшсэн гэдгээрээ мэргэжлийн экспертүүдээс өндөр үнэлгээ авдаг тамирчин болжээ. Энэ бүхнээс тэрээр өөртөө боломж байгааг аль хэдийн олоод харчихсан хэрэг. Харин одоо UFC-ийн Bantamweight Champion буюу анхны Монгол /Ази/ аварга болох хүсэл мөрөөдөл түүний цээжинд буцалж буй. Энэ мөрөөдөлдөө эзэн болно гэдэгтээ ч итгэл дүүрэн байна.

No description available.

Түүний бас нэг хүсэл зорилго бол Монголын холимог тулааны урлагийг дэлхийн хэмжээнд хүргэн хөгжүүлэхээс гадна бүх мэргэжлийн спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, үүгээр дамжуулан хүн ардаа эрүүлжүүлэх юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд UFC GYM-ийг Монгол Улсад оруулж ирэх албан ёсны зөвшөөрлийг өөрийн хөлс хүч, хичээл зүтгэлээр авч чадсандаа баяртай байгаа юм. Одоо энэ зорилгоо бодитоор биелэл болгох нь цаг хугацааны л асуудал.

Мэргэжлийн холимог тулааны тамирчин Д.Батгэрэл өдгөө 14 дэхь жилдээ энэ урлагаар тууштай хичээллэж, дэлхийн холмиг тулааны ноён оргилд хүрэх жимийг хэдийнээ тавьжээ. Харин үүнийг зам болгон засаж араасаа олон залуусыг дагуулахын тулд өөрийн чадах бүхнийг хийхээр зорьж явна. Зорилгоос буцах зам мянга, гагцхүү зорилгодоо хүрэх зам ганц. Тэр ганц замаар зогсолтгүй зүтгээд л байх хэрэгтэй. Энэ түүний хэлэх дуртай үг, амьдралынх нь чиг шугам. Тиймээ, тэр өөрийн явах замаа хэдийнээ олж ухарч няцалгүйгээр зөвхөн урагш тэмүүлсээр байна. Энэ зам түүнийг амжилт, бахархал, алдрын оргилд хөтлөнө гэдэг эргэлзээгүй юм.

Тулааных нь өмнө зүүдэнд нь үзэгддэг талын чоно, өвөг дээдсийнх нь тахиж тайсаар ирсэн Хатагины хараа ихт хар сүлд ямагт түүнийг ивээж, өсөж төрсөн нутгийнх нь талын эрчит салхи хүч хийморийг хайрласаар байх биз ээ. “ТАЛЫН САЛХИ” хуулиран шуугиж дэлхийд сүр хүчээ гайхуулах цаг айсуй. Хурай хурай хурай.

Хатагин Намсрайн УЛАМБАЯР

2023.04.09

 Холимог тулааны тамирчдын мөрөөдөл болсон UFC холбоонд Монгол Улсаас нэгдсэн анхны бөгөөд цор ганц тамирчин, ТАЛЫН ШУУРГА хочит Данаагийн БАТГЭРЭЛ-ийн ээлжит тулаан 2023.04.23-нд АНУ-ын Лас вегас хотноо болно.

Уншигч, үзэгч та бүхэн түүний

  1. Инстаграм дахь

https://instagram.com/batgereldanaa?igshid=YmMyMTA2M2Y= хуудас,

  1. Фэйсбүүк дэх https://www.facebook.com/batgerelmma хуудсуудыг дагаж монгол тамирчнаа дэмжээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ2 цаг 9 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”2 цаг 10 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь2 цаг 10 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ2 цаг 11 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ2 цаг 12 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров2 цаг 14 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна2 цаг 15 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"2 цаг 16 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"2 цаг 17 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё2 цаг 17 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ2 цаг 18 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна2 цаг 20 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.