Эрх баригчид парламентын засаглалаа хамгаалах шийдвэр гаргалаа


3-р сарын 30
11 цаг 27 минут

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр найман цаг хаалттай хуралдаж, шийдвэрээ танилцуулав. Дэд хорооноос нүүрсний хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нүүрсний хэрэг бол УИХ-ыг ч “унагаж” мэдэх том хэрэг гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл эрх баригчид нүүрсчидээ явуулж, парламентын засаглалаа хамгаалж үлдэх шийдвэрийг гаргав. Хэрэв өмнөх түүхийг давтаж, гурван гишүүнийг хамгаалж үлдсэн бол өнөөдөр монголын улс төр хэрхэн “халах”-ыг тааварлах аргагүй. Учир нь нүүрсний хэрэг дээр олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрсэн. Энэ нь цаашлаад төрийн тогтворгүй байдалд хүргэж, ямар ч үр дагаврыг дагуулж мэднэ. Ямартай ч эрх баригчид дэд хороо, бүлгийн хуралдаанаасаа эхлээд парламентын талд шийдвэрээ гаргаж эхлэв. Дугаар шилжих мөчид МАН-ын бүлэг хаалттай хуралдаж гурван гишүүнийг түдгэлзүүлэх шийдвэрийг мөн гаргасан. Түүнчлэн Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар товлоод байв. Байнгын хороод нууцаар санал хураалт явуулж, шийдвэрээ өнөөдөр УИХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг нэгдсэн чуулганаар гаргах учиртай.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын байгууллагын үндэслэлд, Т.Аюурсайхан гишүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр шалгах шаардлага үүсжээ. Тус хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хязгаарлаж, нэг хүнийг яллагдагчаар татжээ. Нийт 119 хүнийг гэрчээр дуудсан байна.

Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг дөрвөн зүйлээр яллагдагчаар татжээ. Уг хэрэгт холбогдуулан 66 хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнийг яллагдагчаар татсан байна. Компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн яллагдагчаар татжээ. Нийт 16 эд хөрөнгийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудан асуужээ. Энэ талаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа учраас мөрдөх байгууллагад ажиллах боломжийг нь олгох нь зүйтэй. Гишүүнээс түдгэлзүүлэхгүйгээр ажиллагаа явуулах нь хэргийг шалгаж байгаа мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорт эрсдэл үүсгэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүний хамаарал бүхий объектод орвол хууль бус ажиллагаа болдог. Яагаад гэвэл гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлсөн гэж үздэг. Гишүүнийг албадан саатуулах, өрөөнд нь нэгжлэг хийхийг хориглох хуулийн заалттай. Мөрдөн шалгах байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахын тулд нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан" гэлээ.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Мөрдөн шалгах ажлыг шуурхай явуулж гэм буруутай гэж үзвэл шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг түргэн хугацаанд УИХ-д оруулж ирэх саналыг Ерөнхий прокурор болон хууль хяналтын байгууллагад хүргүүллээ. Дэд хорооны гишүүд санал нэгтэйгээр энэ шийдвэрт хүрсэн” гэсэн тайлбар өгчээ. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар багтдаг билээ.

Тэгвэл өчигдөр орой хуралдсан бүлгийн хуралдааны шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг бүлгийн хурлаар сонссон. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, чиглэл өглөө. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах нь зүйтэй талаар намын даргын хувьд байр сууриа илэрхийлсэн. Бүлгийн гишүүд Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжих шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг бүлэг дэмжсэн" хэмээв. Бүлгийн хуралдаанд 61 гишүүнээс 46 гишүүн оролцсон байна.

 Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.