Ахлагч хүн жагсаалын урд гардаг болохоос ард нь үлддэггүй юм!


3-р сарын 29
14 цаг 30 минут

Л.Гантөмөр Монголын улс төр, Ардчилсан намд шинэ залуу хүн биш.  Анх түүнийг МҮДН-ын Да.Ганболд улс төрд хөтлөн оруулж байсан, Женко Баттулгаас ч өмнө Ардчилсан намд элссэн гэвэл улс төрийн насаараа “эртний” хүндээ тооцогдох биз.  Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөр улс төрийн хувьд туршлагатай ч, туг барих хэмжээний лидер мөн үү гэдэг нь өчигдрийн олон нийтийн шүүмжлэл дээр тавигдаж буй өнөөдрийн гол асуулт болж байна.

Түүнийг Улсын дээд шүүх албан ёсоор АН-ын дарга гэж бүртгэснээс хойш хэвлэлээр нэг хоёр удаа байр сууриа илэрхийлснээс өөрөөр сөрөг хүчин амь орсонгүй.

“Эрхэмлэж яваарай гэж машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэж Хорлоогийн Чойбалсан хэлсэн эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан МАН-ын пропаганда болох нь баараггүй үнэн. Худалч хүнд нүүрсний хэргээс болж шар шувталсан Ж.Мөнхбатын зохиол гэх юм билээ.

Харин Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар сонгосон хүмүүс түүнийг ардчиллыг хамгаалах манлайлагч болоосой гэж итгэсэн бас хүссэн. Гэвчиг түүнд нэг л юм дутуу байна. Тэр нь эр зориг.

Академич С.Нарангэрэл нэгэнтээ “Шударга ёсыг тогтооход эр зориг хэрэгтэй. Эр зориггүйгээр шударга ёсыг тогтоож чадахгүй. Эр зориггүй боол аймхай, амаа хамхисан, хов живд хөтлөгдсөн нийгэм бүрэлддэг” тухай хэлсэн байдаг.

1. Ардчилсан намын бүлэг “ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэхээ зарласан нь хоёр зорилготой харагдаж, хардагдаж байна. Д.Бат-Эрдэнэ Ардчилсан намын гол санхүүжүүлэгч. Тэр утгаараа АН-ыг хэтэвчгүй болгох сонирхол МАН-д бий ч байх. Нөгөө талаасаа АН-ын бүлэгт Д.Бат-Эрдэнэ авч үлдэх кноп байхгүй. АН хүссэн ч, эс хүссэн нь Д.Бат-Эрдэнийг явуулах үгүйг МАН-ын бүдүүн бүлэг шийднэ. Араас нь бүлгийнх нь ахиад нэг гишүүний хувь заяа дээсэн дөрөөн дээр байдаг. Иймээс бүлгээ бүтэн авч үлдэх нь АН-ын өнөөдрийн хүсэл байх. Гэвч өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги чухал. АН намаа бодохоос илүү ардчиллаа сонгохоос өөр аргагүй нөхцөл улс төр, нийгэм, эдийн засагт үүсчихлээ.

Т.Доржхандын гаргасан тооцоогоор нүүрсний хулгайн хэмжээ 40 их наяд,  МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийнхаар  4-5 их наядаар тоологдож байна. Энэ хулгай, луйвар “Эрдэнэс Тавантолгой” дээр гарсан. Төрийн өмч  ялсан намныхны хулгайн өмч болдгийн тод жишээ. 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш цагаан байрны хулгай луйвар цадигаа алдсан болохыг бид бүгдээрээ харж, сонсож байна.

Хэргийн гол эзэд нь МАН-ын цагаан, төрийн саарал ордонд сууж буй нь үнэн. Тэдний хулгай хийсэн үгүйг УИХ шийддэг газар нь биш. Хууль шүүх нь хулгай хийсэн эсэхийг хэн нэгнийг хэлмэгдүүлэлгүй, хэн нэгэнд ял завшуулалгүй шийдэх учиртай. Харин бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн байх ёс зүйтэй хүн мөн үү, үгүй юу гэдгийг парламент шийднэ.

2. АН-д дарга чухал биш ардчилалд манлайлагч, манаач хэрэгтэй байгаа. Авлига Монголын ардчиллын дайсан гэвэл авлигатай нэр холбогдсон болгон АН-ын дайсан байх учиртай, ардчиллыг автороо болгож ирсний хувьд. Тиймээс АН-ын хулгайч, МАН-ын авлигач гэж алагчлах аваас авлигатай тэмцэх ажил үр дүнгүй үлдэнэ.

Уг нь, улстөрч хүн мөн бол Л.Гантөмөр өдийд талбай дээр өнжиж, хонодоггүй юм аа гэхнээ, авлигын эсрэг тэмцэхийг Ардын намд өглөө болгон сануулж байх учиртай.

АН-ын даргад улс төрийн акц хийх сэдэв мянга, мянгаараа байна. Авлига, хулгайгаас эхлээд. Авлигын индексээр 16 байр ухарлаа. Ардчиллын индексээр зургаан байр арагшиллаа. Хэвлэлийн эрх чөлөө 22 байраар хойшиллоо. Үгээ хэлсэн үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг хууль, шүүхэд дууддаг болов. Улстөрчдийн тоноогүй сан, тонхиогүй мөнгө гэж алга.

Гэтэл “гэрчилгээ” байхгүй гээд “амаа үдүүлж” байгаа бол туг баригч биш гэсэн үг.  Асуудал нь гэрчилгээндээ биш АН-ын даргадаа байна. Ахлагч хүн жагсаалын урд гардаг болохоос ард нь суугаад удирдаггүй юм.

АН-ын дарга болоод удаагүй байхдаа Л.Гантөмөр “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орохдоо “Би ядуу улсын Ерөнхий сайд болмооргүй” байна гэсэн. Энэ нь улсаа баян болоосой гэх өнцгөөр хэлсэн үг болох нь мэдээж. Гэвч Монголын хөгжил хамгийн том тээг, далд эдийн засгийг хөлжүүлэгч нь авлига болсон. Авлигатай, авлигатай тэмцэхгүй бол улс нь ул амьдрахаас өөр яахав. Бүрэн улсын маань бүтэн байдал ч яригдахдаа тулна.

Ардчилсан нийгэмд ёс суртахуун хуулиас дээгүүрт тавигддаг нь үнэн аваас үүнийг  намууд өөрсдөөсөө эхлэж төлөвшүүлэх шаардлагатай. Улстөрчид төр гэх эзэн биегүй, хоосон зүйл руу асуудлаа чихэж, тогтолцоондоо алдаа мадаг, авлига, хулгайгаа тохож ханалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.