А.СОЛОНГО: ХӨӨРӨЛ, ГУТРАЛЫН "ХОЁР ТУЙЛТ СЭТГЭЛ ЦОЧИРДОХ ЭМГЭГ" КОВИДЫН ДАРАА ОЛНООР БҮРТГЭГДЭЖ БАЙНА


3-р сарын 28
15 цаг 52 минут

/Эх сурвалж: Тусгал цахим сонин/

ДЭМБ-аас 2021-2022 онд хийсэн судалгаагаар дэлхий дахинд "Хоёр туйлт сэтгэцийн эмгэг"- ээр 48 сая хүн оношлогдсон гэх тоог мэдээлсэн. Хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэгийн эхний хоёрт "сэтгэл түгших эмгэг", "сэтгэл гутрал" орж байгаа бол эдгээрийн араас "хоёр туйлт сэтгэцийн эмгэг" оржээ. Ялангуяа “ковид-19” цар тахлын нөлөөгөөр энэ эмгэгийн сэдрэл маш их тохиолдох болсонг сэтгэл судлалын салбарынхан онцолсон. Уг сэтгэцийн эмгэгийн эмчилгээг амжилттай хийж буй “Аръямед” сэтгэл заслийн эмнэлгийн захирал, сэтгэл засалч эмч А.Солонготой хийсэн ярилцлагаа хүргэе. 

"Хоёр туйлт сэтгэцийн эмгэг"-ийн талаар та эхлээд ерөнхий ойлголт өгөөч. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хэр судлагдсан эмгэг вэ?  

Bipolar affective disorder /BPAD/ буюу Монгол албан ёсны нэршил нь “Хоёр туйлт сэтгэл цочирдох эмгэг”.  Маш их хөөрч, унтахааргүй эрч хүчтэй болж, бусдаас илүү мэт бодогдохоос эхлэн летарги буюу ямар ч идэвх, сонирхолгүй болохоос гадна амиа авах тухай бодогдтол хоосон мэдрэмж төрдөг туйлын эерэг ба сөрөг сэтгэл хөдлөлийн төлөв байдалд үечлэн ордог архаг сэтгэцийн эмгэг гэж хэлж болно.  

Уг эмгэгийг МЭӨ үед меланхоли гэж нэрлэн гадарладаг байсан, харин албан ёсоор 1860-аад онд Францын Бейярже сэтгэцийн эмч уг эмгэгийг  “2 үе шаттай сэтгэцийн эмгэг” гэж тархины түвшинд судлах эхлэлийг нь тавьсан. Одоо ч бүрэн судалж дуусаагүй.

Хоёр туйлтай хүн дараах 4 төрлийн сэтгэл цочирдох үетэй тулгардаг. Үүнд:

  • Mania буюу хэт хөөрөх үе (цаашид мани гэж нэрлэх)
  • Depression буюу сэтгэл гутралын үе 
  • Hypomania буюу бага хөөрлийн үе (цаашид гипомани гэж нэрлэх)  
  • Холимог үе. 

Хоёр туйлт эмгэгтэй хүмүүс хэдэн ч долоо хоног, сар, жилээр үргэлжлэх сэтгэл гутралд автаж байгаад яваандаа хэт хөөрөх, бага хөөрөх үе рүү шилждэг. 

Ингэхдээ хэт их эрч хүчтэй, хурц ааштай, хэт өөртөө итгэлтэй, нойргүйтэх гэх мэт шинжээр илэрнэ. Ийм үечлэлийн хугацаа нь хүн бүрт янз бүрээр тохиолддог. Эдгээрийн аль ч үед нь эмнэлэгт хандлаа гэж бодоход эхний удаад оношлогдохгүй байх тохиолдол практикт их гардаг. Ялангуяа өсвөр насанд оношлогдохгүй өнгөрөх нь элбэг. Тиймээс эмгэг нь архагшиж, эмэнд тэсвэртэй болох магадлал ихэсдэг.

Ийм эмгэгтэй хүмүүсийн нийтлэг нэг онцлог нь сэтгэл гутралын үеэ эмгэг гэж үздэг. Харин хөөрлийн үе рүү шилжиж байгаагаа хэвийн болж, буцаад өөртөө итгэлтэй сайхан үе рүүгээ орж байна гэж боддог. Иймээс оношоо хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа хөөрлийн үедээ эмчилгээгээ хаядаг байдал нь эмгэг хүндрэх,  дэмийрэх, хэвтэн эмчлүүлэх байдалд хүргэдэг. Оношлуулахгүй цаг алдах тусам архаг явцтай болох, үечлэл нь ихсэх, хоёр туйл руу хэт савлах, дам эмгэг үүсэх, ажлын чадвараа алдахад хүргэдэг аюултай. 

Хоёр туйлт эмгэг яагаад, ямар шалтгаанаар үүсдэг вэ? Хэн ч ийм эмгэгтэй болох эрсдэлтэй юу? 

Одоогоор хоёр туйлт эмгэг үүсэхэд нөлөөлдөг тархины гурван гормон хамааралтай болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Холин, глутамат, допамин гэх гурван нейротрансмиттер хамааралтай. Маш товчхон тайлбарлавал,

  • Холин, глутаматын хэмжээ нь идэж буй хоол тэжээлийн найрлага болон тархины цусан хангамж муудахад багасдаг. Улмаар мэдрэлийн эсүүдийн хооронд даамжуулж буй процесс алдагдаж сэтгэл гутрал сэдэрдэг. 
  • Допамины хувьд тархины урамшууллын төв допаминд хэт мэдрэг байдаг учраас хөөрлийн процесс явдаг.

Үүсэл гаралын хувьд энэ эмгэг маш их удамших хандлагатай гэж хэлж болно. Хоёр туйлт эмгэгт нэрвэгдэх шалтгааны 80 хувь нь генетиктэй холбоотой. 

Хамгийн их судлагдсан генийн нэг л жишээг дурдахад, Хүний 11 дэх хромосомын DRD4 /dopamine D4/ гэх генийн код мутацид орж олон хувилбар үүсгэснээс хоёр туйлт эмгэг илрэх магадлал ихсэнэ. Энэ мутацитай генийг тээсэн хүн бүр хоёр туйлт эмгэгээр өвдөхгүй ч, генийн кодыг сэдрээх хүчин зүйлд автвал эмгэг илрэнэ гэсэн үг.

Удамшил буюу генийн бус шалтгаанд, янз бүрийн халдварт өвчин тусах, тархины гэмтэл авах, тархины бүтцийн өөрчлөлт, стресс, хавдар өвчин зэрэг нь хоёр туйлт эмгэг үүсгэх хүчин зүйл болдог. 

Тэгвэл уг эмгэгийг үүсгэгч генийг тээсэн хүнд ямар хүчин зүйлийн нөлөөгөөр эмгэг болон сэдрэх вэ? 

Хамгийн их мэргэжлийн хэллэг оролцдог салбар бол генетик судлал. Тиймээс маш энгийн хэллэгээр тайлбарлаад үзье. Эцэг эхээс мутацитай ген өвөлж болно. Хоёр туйлт эмгэгийн ген тээгч хүн үүнийгээ мэдэхгүй, хэвийн амьдраад байж болох нь. Эрүүл агаар, тайван нийгмийн орчинд, сөрөг стресст автахгүйгээр амьдарвал эмгэг илрэхгүй өнгөрөх боломжтой юм. Харин гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр уг генийн код эвдэрч эмгэг нь илэрдэг.

Гадаад хүчин зүйлд нь амьдралын нөхцөл байдал, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх өөр бусад хүчин зүйлс болох ажлын стресс, ажлаасаа халагдах, салалт гэх мэт хүнд үйл явдлууд орно. 

Дотоод хүчин зүйлийн нэг сонирхолтой нь DRD4 генийн өөрчлөлттэй хүмүүс ихэвчлэн донтох, эрсдэлтэй үйлдэл хийх, архи уух дуртай талдаа байдаг.  Энэ нь хоёр туйлт эмгэгийг сэдрээх томоохон хүчин зүйл болдог. Хоёр туйлт эмгэгээр оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь аливаа нэгэн донтолтот эмгэгтэй хавсардаг. Үүнээс болж донтолт гэсэн оноштой удаан явах, хоёр туйлт эмгэгийг ялгаж харахад хэцүү байдаг.

Хожуу оношлогдох тусам архаг явцтай, хүнд хэлбэрээр илэрдэг гэсэн. Хоёр туйлт эмгэгийн ген тээгч гэдгийг хамгийн эртдээ хэзээ оношилж мэдэх боломжтой вэ? 

Удамшлын чанартай учраас дийлэнхдээ өсвөр насанд илэрдэг. Энэ үед нь “манай хүүхэд нөгөө талаа дуурайсан олон ааштай, эмзэг, үг авч чаддаггүй, дураараа, их идэвхтэй, жоохон гутранги” эсвэл “өсвөр насны өөрчлөлт нь биз, тэгэж байгаад ухаан суугаад гайгүй болчихно” гэж их цаг алддаг.  Ер нь энэ далимд хэлэхэд,

Өсвөр насны хүүхдийн тархи маш их өөрчлөлтөнд ордог учраас сэтгэцийн эмгэгийн 40 гаруй хувь нь энэ насанд илэрч идэвхэждэг. 

Эрт оношлох тусам эмчилгээ сайн авдаг тул нийгмээс тусгаарлагдахгүй, ажил хөдөлмөрийн чадвараа алдахгүй бусад хүмүүстэй адил амьдарна. Мөн  хөөрөл гутралын үечлэл нь ч хүнд, удаан үргэлжилдэггүй.

Энэ төрлийн эмгэг нийт хүн амын 3-5 хувьд илэрдэг гэж үздэг байсан. 2022 оны хувьд их онцгой зүй тогтол ажиглагдлаа. Идэр насныхан дунд хоёр туйлт эмгэгийн шинээр илрэх тохиолдол олноор бүртгэгдсэн. 

Өсвөр насанд түүнээс ч өмнө хоёр туйлт эмгэгийн суурьтай хүүхэд гэдгийг нь мэдэж чадвал олон жил энэ өвчнөөр шаналахгүй эрүүл амьдарч болох юм байна. Эрт илрүүлэхэд юу чухал вэ? 

Чадвартай сэтгэл зүйч, сэтгэцийн эмч эмнэлэгт хандаж чадсан хүмүүс харьцангуй эрт үедээ оношлуулах боломжтой. Учир нь хоёр туйлт эмгэгийг сэтгэл гутрал, дэмийрэлтэт эмгэгтэй андуурч оношилж, тохирохгүй эмчилгээ хийн цаг алдаж, улам даамжруулах тохиолдог нэлээдгүй гардаг. Зөв ялган оношлоход тухайн сэтгэцийн эмчийн чадвар ихээхэн нөлөөтэй гэж боддог.

Зарим эцэг эхчүүд санаандгүй тохиолдлоор хүүхдээ дагуулж ирээд хоёр туйлтай гэгдийг нь мэддэг. Бүр бага насанд нь ч анзаарах боломжтой. Тухайлбал цэцэрлэгийн насанд нь зураг зуруулах аргаар таньж мэдэж болно. Хоёр туйлт эмгэгийн суурьтай хүүхдээр мод зуруулахад дандаа хоёр мод зурдаг. Тиймээс аrt therapу-аар дамжуулан сэтгэл зүйн төлөвийг нь шинжиж мэдэх боломжтой юм. 

Гадаадын улс орнуудад сургуулийн сэтгэл зүйч нар  сэтгэл зүйн тестүүдийг сурагчдад тогтмол хийж асран халамжлагч, багш нарт нь чиглэл, зөвлөгөө өгдөг. Их дээд сургуулиуд мөн зөвлөгч нар ажиллаж стандарт оношилгооны тестүүд байнга хийдэг. Хэн нэгэн сурагч, оюутан сэтгэл зүйн хувьд “сонин” санагдвал тэр даруй тест бөглүүлээд л анхан шатны илрүүлэг хийж, цааш нь мэргэжлийн тусламж авахад нь тусалдаг. Тиймээс эрт илрүүлэг харьцангуй хөгжсөн. 

Харин манай улсад энэ талын тогтолцоо, эрт илрүүлэг дутмаг санагддаг. Тиймээс ихэнхдээ хоёр туйлт эмгэгээр өвдөөд хэд хэдэн удаа сэтгэл гутрал, хөөрөл нь үечилсний дараа ханддаг. Саяхнаас л боловсролын сэтгэл зүйчийн орон тоог баталлаа. Цаашид сэтгэцийн эмгэгийн эрт ирлүүлэгт анхаарч ажиллана гэдэгт найдаж байгаа. 

Ковид-19 цар тахлын жилүүдэд энэ эмгэгийн сэдрэл нэмэгдсэн шалтгааныг хэрхэн судалсан байдаг вэ? 

Дэлхийн томоохон эмнэлэг, их сургуулиуд коронавируст халдварын Sars-Cov-2 вирус нь  тархи цусны хамгаалалтыг нэвтэлж тархины мэдрэлийн эсийн гадаргууг гэмтээж байна гэж нотолгоонд суурилан мэдээлж байна. Практикт тархины дүрс бичлэгт өөрчлөлтүүл илэрч байгаагаар ч батлагдаж байна. 

Нэгдүгээрт, энэ вирус судас гэмтээж, цусны бөөгнөрөл үүсгэдэг. Иймээс тархи, зүрх болон бусад эрхтнүүдэд судас гэмтэж, бөглөрч цусан хангамж алдагдсанаар тархины төвүүдийн үйл ажиллагаа алдагдаж байна. 

Хоёрт, Sars-Cov-2 вирус нь үнэрийн мэдрэлийг гэмтээж, хамгийн ойрхон байрлах гиппокампыг гэмтээж байгаа нь тогтоогдож байна. Хүмүүсийн мартамхай болоод байгаа нь үүнтэй холбоотой юм. Гиппокамп нимгэн байх нь энэ эмгэгийн бас нэг том шалтгаан нь болдог юм. Тиймээс ковид хэмээх мутацлаж дуусдаггүй энэ өвөрмөц, аюултай вирус нь наагуураа хөнгөн ханиад мэт харагдаж байгаа боловч тархинд асар хүнд цохилт үзүүлж байна. 

Сэтгэцийн эмгэг ихсээд байгаагийн нэг шалтгаан нь Sars-Cov-2 вирус гэдгийг онцгой анхаарч, судлах болсон. 

Зөвхөн манай эмнэлэгт гэхэд ковидын жилд 1000 гаруй хүн үйлчлүүлсний дотор хоёр туйлт эмгэгээр оношлогдсон 60 гаруй тохиолдол гарсан. Энэ бол урьд жилүүдээс хамаагүй өндөр тоо. Хоёр туйлт эмгэг дэлхийн хүн амын 3-5%-д илэрдэг гэж үздэг байсан бол зөвхөн манай эмнэлгийн хувьд 6 хувь гаруйтай болсон байна. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн анхаарлын төвд орохоос өөр аргагүй эмгэг болоод байгаа юм.

Хөөрөл гутралын эмгэг илэрсэнг өөрөө болон эргэн тойрны хүмүүс нь хэрхэн анзаарч мэдэж болох вэ? Хүнд, хөнгөн явцтай илэрдэг гэж байна? 

Хоёр туйлт эмгэгийг bipolar I, bipolar II, циклотим зэрэг төрөлд ангилдаг.  Хоёр туйлт эмгэгтэй гэдгээ тухайн хүн өөрөө таньж мэдэх боломжтой. Гэхдээ аль хэлбэрийн хоёр туйлт эмгэгээр өвдсөнг нь дараах байдлаар ялгана. 

  • Bipolar 1-р хэлбэр нь ихэвчлэн маш хүчтэй мани буюу хэт хөөрлийн байдлаар явагдах бөгөөд хөөрлөөсөө хүнд сэтгэл гутралд ордог. 
  • Bipolar 2-р хэлбэр нь  гипомани буюу бага хөөрөл, сэтгэл гутрал хоёр ээлжилж, зарим тохиолдолд сэтгэл гутрал давамгай илрэх хэлбэрээр явагддаг.

Хөөрлийн үе шатандаа байгаа хүнийг уг нь танихад  амархан. Ийм хүнтэй тааралдлаа гэж бодвол дүр төрхийн хувьд нүд нь хурц, гялалзсан, дуу чанга, хурдан яриатай, ганган тод өнгөтэй хувцас өмссөн, эмэгтэйчүүдийн нүүр будалт нь маш тод, уруулаа тод будсан байх, үнэртэй ус хэтрүүлж хэрэглэсэн байх ба зан төлөвийн хувьд биеэ хэт чөлөөтэй авч явах, өөртөө хэт итгэлтэй, өөрийгөө хэт дөвийлгөж ярих, хэт хөөрүү, аливаа зүйл хийх санаа маш ихээр орж ирэх, маш их санаачлагатай болох, нэгэн зэрэг олон ажил эхлүүлж дуусгахгүй хаях, бэлгийн дур хүсэл хэт ихсэх, санхүүгийн хэт замбраагүй хэрэглээтэй, архи, мансууруулах бодис хэрэглэх дур ихсэх, хэрэгцээ огт байхгүй үед хүнд болон өөртөө хэт үнэтэй хувцас авах, хэт тансаглах, хэт их “шоудах”,  олон нийтийн газар зориуд хүмүүсийн хажууд хүмүүстэй муудалцах, зодолдох зэрэг эрсдэлтэй үйлдэл хийх,  огцом ууртай, хэт шүүмжлэмтгий болохоос гадна грандиоз болох буюу өөрийгөө бусдаас илүү, цорын ганц гэж төөрөлдөх, цаашилбал аугаа ихийн дэмийрэл, хардах, мөрдөх дэмийрэлд орох  тохиолдол ч  бий.   

Хүчтэй болон бага хөөрлийн аль ч үед дээрх бүх шинж тэмдгүүд илрэх боловч шинж тэмдгийн хэтийдсэн байдал, үргэлжлэх хугацаагаараа арай ялгаатай.

  • Мани (хэт хөөрөл)-д орсон хүнд дээрх бүх шинж тэмдэг илүү хүчтэй илэрдэг. Зарим тохиолдолд аминд аюултай эрсдэлтэй, хууль бус зүйл хийх зэрэг тохиолдол ч гардаг. 
  • Гипомани (бага хөөрөл) нь богино хугацаанд, бага далайцтай өнгөрдөг. Хүмүүс хөндлөнгөөс хараад яасан мундаг эрч хүчтэй юм бэ л гэж боддог. Энэ эрч хүчээр цэнэглэгдсэн хөөрлийн үе нь өөрт нь ч таалагддаг.

Ингээд хөөрлөөс сэтгэл гутрал руу эсвэл хэвийн үе рүү уруудах явцдаа сэтгэл түгшилт ихээр мэдрэгдэнэ. Энэ завсрын үед түгшилт их, ядарсан, олон цагаар унтах төлөвтэй байдаг. Энэ байдал нь мөн л дунджаар 2 долоо хоног явагдана.  Завсрын үед нь эмчилгээг нь зөв тааруулж өгөхгүй бол ядарсан тархи ихэнхдээ сэтгэл гутрал руу унаад өгнө.  

Хөөрлийн үедээ эхлүүлсэн олон ажлаа  харахаар зарим нь хийх боломжгүй, хэт төсөөллийн байдаг. Эхлүүлж амалж хаясан ажил хэт их байх боловч гутралын үе рүү орсон байхдаа ажлаа хийх ямар ч эрч хүчгүй, сонирхолгүй болж ажлаас гарах, ажлаа солих хүсэл төрнө. 

Сэтгэл гутралын шинж тэмдгүүд нь бусад сэтгэл гутралтай ижил явагдах бөгөөд хөөрлийн үедээ хийсэн үйлдэл, зарцуулсан мөнгө зэрэгтээ харамсдагаараа онцлог байж болно. Явц нь хүн бүрт өөр байдаг ч ерөнхийдөө хөөрлийн үе хэдий чинээ хүчтэй илрэнэ гутралын үе тэр хэмжээгээр гүн байх хандлагатай.

Хүний амьдралд хөөрч догдлох, тэгээд дараа нь гэмших харамсах гутрах үе нэгээр зогсохгүй тохиолддог. Үүнийгээ эмгэг юм болов уу гэж эргэлзэн уншиж буй уншигчдад та ялгааг нь илүү тодорхой тайлбарлаж өгөөч? 

Хоёр туйлт эмгэгийн хөөрлийн үед ялангуяа Bipolar 1-р хэлбэр болох хэт хөөрлийн хэлбэрээр илрэх үед тухайн хүн “би шинэ өөрийгөө олчихлоо” гэх мэтээр төсөөлдөг. Хөөрүү, хэт өөдрөг, баясгалантай байгаагаа эмгэг гэж огт боддоггүй. Над дээр ирж хоёр туйлт эмгэг гэж оношлогдож байсан хүмүүсийн дунд "хөөрч догдлох нь яагаад эмгэг гэж"  хэмээн гайхан асууж, хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол ч гарч байсан. 

Учир нь эхний удаа хөөрлийн үеийг мэдрэхдээ өөрт нь гоё ч юм шиг санагддаг. Сүүлдээ  2-3 удаа хөөрөх-гутрах мөчлөгийг туулаад ирэхээр улам бүр хэцүү болж гутранги дэмийрэл, сөрөг бодлууд, айдас түгшүүрээр солигдохын цагт хүний баярлах, хөөрөх сэтгэл хөдлөлөөс маш их ялгаатай, эмгэг сэтгэл хөдлөл гэдгийг хүлээн зөвшөөрч оношоо ойлгож эхэлдэг. 

Хүний хэвийн үед мэдэрдэг баярлах, хөөрөх, гуниглах мэдрэмжээс эрч хүч, цаг хугацааны хувьд хэт их, гажууд байдлаараа ялгаатай. 

Тэгэхээр юуны түрүүнд эмчийн зүгээс хийх ёстой хамгийн чухал зүйл нь хоёр туйлт эмгэгийн талаар үнэн зөв мэдээллийг маш сайн тайлбарлаж өгөх явдал юм. Хөөрлийн үе нь ямар нэг арга хэмжээ авахгүй, эмчилгээгүй яваад байвал хэт хөөрөлд орж, дэмийрч болно. Энэ үед хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүй болно шүү дээ. Цаашлаад маш хүнд сэтгэл гутралын үе рүү орно гэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй байдаг. Хөөрлөөс уруудаж байгаа шинж тэмдэг маш онцгүй, тавгүй мэдрэмж төрүүлдэг. Үүнийг эмч нь маш сайн анхааруулан, урьдчилан хэлж өгдөг. Гэсэн хэдий ч хөөрлийн үедээ хайш яаш, анхаарал нь тогтож төвлөрөхгүй, жингүйдсэн мэт явахдаа эмээ уухгүй эмчлүүлэхгүй байх тохиолдол ч гарна. 

Ихэнхдээ учир нь олдохгүй зан характертэй хүнээс хүмүүс зайгаа барьж эхэлдэг. Хөөрөл, гутралын давлагаан дунд энэ эмгэгээр өвдсөн хүнийг нийгэм, бусад хүмүүс хэрхэн ойлгож хүлээж авах вэ? 

Тог тасарчихвал, эвэл интернет байхгүй болчихлоо гэж төсөөлье. Хэдийн ингэж амьдраад дадсан орчин үед бол нэг өдөр байтугай нэг цаг тог тасрахад маш тавгүй, хийцгүйрнэ, асуудлууд үүснэ. Гэтэл хэсэг хугацааны дараа маш хүчтэй хэлбэлзэлтэй тог ирэхэд зарим чийдэн хагарч, цэнэглээд орхисон гар утас халж, шарах шүүгээ доголдлоод байдаг даа. Ойр ойрхон, байнга тог тасарч ирээд байвал бид нар тав тухаа алдаад сүйд болох байх. Цахилгааны утаснууд нь ийм ачаалал дийлэхгүй, зарим муу чанарын утаснууд хайлсан байдаг шүү дээ. Үүнтэй ижил тархинд байнга тог ирж тасраад байвал бас л асуудалтай. 

Өөрөөр хэлбэл, допамин ялгаруулдаг эсүүд даавруудаа цэгцгүй, хэт их ялгаруулж байснаа нөөц нь дуусаад эс цуцна. Нэг хэсэгтээ буцаж сэргэх гэж хугацаа орно. Зарим эсүүд бүр эвдэрч, эсүүдийн хоорон дахь холбоо ч тасрана.  Тэгэхээр дунд тархи, мэдрэлийн эсүүд маш ихээр ядарч цуцсаар байдаг.  Яваандаа нас ахих тусам хөөрөл нь багасаж гутрал нь бүр гүнзгий хүнд хэлбэр лүү шилждэг. Хоёр туйлт эмгэгээ хүлээн зөвшөөрөөхгүй, ойлгохгүй байх нь ийм аюултай. 

Хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн онцлог нь эрсдэлтэй үйлдэл хийх, донтох. Тохиолдлын бэлгийн хавьталд нь орох их. Хэнтэй ч хамаагүй бэлгийн харилцаанд ороход ямар аюултайг хүн бүр мэдэж байгаа. Бас ааш нь байнга хувирч, хүмүүсийг дорд үзэж, өөрийгөө л хамгийн мундаг гэж бодох, хүмүүс маргаж муудалцах, гэмтээх, гэмтэх байдал ч үүснэ. Нийгэм болон өөрт нь маш сөрөг нөлөөтэй. Найзууд нь холдоод явах нь их. Ажил дээр ч ялгаагүй. Нэг бол өөрөө ажлаа их солино, эсвэл ажлаас халагдана.

Хөөрөл, уналт, завсарын аль ч үед нь архи ихээр хэрэглэж, хүн бүртэй уулзаж яриа өрнүүлж ууж хөгжилдөх авч, сэтгэл гутралын үе рүү шилжихэд цөхөрлийн ангал руу шидэгдсэн мэт харанхуй нөмрөн авч түүнээсээ хэрхэн гарах учраа олохгүй зовдог. 

Тиймээс эхний хөөрөх-гутрах мөчлөгийг анзаарсан л бол эмнэлэгт хандаж тусламж авах хэрэгтэй. 

Гутралын үе рүү уруудахдаа таагүй байдлаасаа зугтаах гэж архинд орж байгаа хэрэг үү? 

Зугтааж буй хэрэг биш л дээ. Сэтгэл гутрал, түгшилттэй, сэтгэл зүйн асуудалтай хүмүүс асуудлаасаа зугтаах, өөрийгөө сатааруулах зорилгоор архи уудаг байхад хоёр туйлтай хүмүүс хөөрлийн үедээ архинаас таашаал мэдэрч, гоё санагддаг учраас ууна. Тиймээс илүү хүчтэй донтож давхар хамааралтай болдог. 

Хоёр туйлт эмгэгээр оношлогдсон тохиолдлын 60 гаруй хувь нь архи, согтууруулах ундаанд донтох эмгэгтэй хавсарсан байдаг.  Энэ нь эмгэгийг улам л хүндрүүлдэг. Манай эмнэлэгт хандсан тохиолдлууд дунд ч тэр архидалтын асуудлаа эмчлүүлэх гэж хандсан хүмүүст эмчилгээ хийх явцад хоёр туйлт эмгэгийг илрүүлж байсан тохиолдлууд цөөнгүй бий. Тиймээс ялган оношилгоо маш чухал. 

Bipolar 2-р хэлбэрийн үед бага хөөрлийн байдал болон сэтгэл гутралын үе түлхүү явагддаг учраас өөрийгөө сэтгэл гутралтай гэж бодох хүмүүс байдаг. Гэтэл сэтгэл гутралын эмчилгээнээс өөр. Дан ганц сэтгэл гутралын үед сэтгэл гутралын эмийг хангалттай тунгаар ууж сэтгэл гутралаас нь гаргаж ирэх нь чухал байдаг. Харин хоёр туйлт эмгэгийн үед сэтгэл гутралын эмийн тунг болгоомжтой тохируулан уухгүй бол хөөрөлд оруулчихдаг.

Хөөрөх, гутрах, завсрын үеүүдийн үргэлжлэх хугацаа нь ямар байх вэ. Урт эсвэл богино хугацаанд үргэлжлэх нь юутай холбоотой вэ? 

Mania буюу хэт хөөрлийн үе нь ихэнхдээ 2 долоо хоногоос хоёр сарын хугацаанд үргэлжилдэг. Завсрын унаж байх үед нь сэтгэл гутрал руу оруулахгүйгээр эмээр хянаж чадвал хэвийн түвшинд барих үе нь мөн 2 долоо хоногоос нэг сар орчим үргэлжилнэ.

Хөөрөлтэй удаан явсан хүмүүс сэтгэл гутрал руу орох хугацаа нь илүү удаан байдаг. Жилд 2-3 удаа давтагдах магадлалтай. Зарим хүмүүст хугацааны хувьд үүнээс ч богинохон, олон давтамжтай байх гээд байдаг. Үүнийг рапид давтамжтай гэнэ.  

Ойр ойрхон давтамжтай сэдрэхэд юу нөлөөлөх вэ? 

Өдөр тутмын гэр бүл, найзуудын хүрээнд болдог баярт явдлууд, уулзалтууд гэхээсээ илүүтэй онцгой шинэ зүйл хийх нь нөлөөлдөг. Тухайлбал, ойн арга хэмжээ, олон жилд ганц нэг тохиолдох баяр ёслол ч юм уу урьд нь огт хийдэггүй байсан зүйлээ хийж өөр орчинд ороход өвчин сэдрэх нь их байдаг.

Хоёр туйлт эмгэг ой санамжинд нөлөөлөх үү. Хөөрлийн үед хийсэн зүйлс, үйл явдлаа гутралын үедээ санахгүй байх ч юм уу тийм тохиолдол гарах уу? 

Байдаг. Хэт хөөрөх, хөнгөн хөөрөхөөс шалтгаална. Мани (хэт хөөрөл)-д орсон бол допамин маш их хэмжээгээр ялгарч яг л согтуу, мансуурчихсан юм шиг байдалтай болдог. Тэр үедээ юу хийж явснаа, хүмүүст юу гэж хэлснээ мэдэхгүй байх тохиолдол гарна.

Дараа нь гутралын үе рүү орохдоо үнэхээр л санахгүй. Байнга сэтгэл хөөрөх, гутрах  байдлаар сэтгэл цочирдоод байхаах гиппокамп гэх урт богино хугацааны ой санамж хадгалдаг тархины хэсэг их нэрвэгддэг. Хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн тархины MRI зураг дээр илэрдэг нэг онцлог бол гиппокамп нимгэрсэн байдаг. Анхаарал төвлөрөл, ой санамж муудаад байна гэх шинж тэмдгийг тухайн хүн өөрөө ч анзаардаг.  

Хоёр туйлт эмгэг бүрэн эдгэрэх боломжтой юу? Эсвэл насан туршдаа өвчний сэдрэлээс сэргийлж явах уу?  

Амьдралд нь  ганцхан удаа тохиолдоод дахиж сэдрээгүй хүмүүс байдаг. Маш ховор ч энэ тохиолдолд бүрэн эдгэрсэн гэж үздэг.

Харамсалтай нь хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн ихэнх нь амьдралынхаа туршид сэдэрч хөөрч гутрах мөчлөгт өртөж, эмчилгээгээ хийлгэж хянуулж явдаг. Хоёр туйлт эмгэгийн гол эмчилгээ нь хөөрсөн үед нь хөөрлөөс нь буулгаж хэвийн түвшинд авчрах, сэтгэл гутарсан үед нь сэтгэл гутралаас нь гаргаж хэвийн түвшинд авчрах явдал юм.

“За одоо хөөрлөөс уруудаж байна шүү” гэдгийг эмч нь хэлж ярилцана. Уруудах үед ямар шинж тэмдэг илэрдэг талаар эмч дахин дахин давтан байнга тайлбарлан хэлж сануулах ёстой. Өвчтөн ч нойр ихсээд байна, төвлөрөхгүй байна гэх мэт шинж тэмдгээ анзаарч эмчдээ хэлдэг. Шинж тэмдгийнх нь дагуу хэвийн түвшинд барих эмийг, тунгаа өөрчлөж хянаж уулгаад явна. Ингэснээр олон жилээр сэдрэхгүй хэвийн явах боломжтой.  Хоёр туйлт эмгэгийн үндсэн эмчилгээ нь ерөөсөө л эмийн эмчилгээ. Зүгээр л эм өгөөд уугаарай гээд орхичихгүй. Заавал араас нь хянаж,  холбоотой байж, тунг нь маш болгоомжтой зөв тохируулж уулгах ёстой байдаг. Эмч, өвчтөн хоёрын хамтын хичээл зүтгэл эмчилгээний үр дүнд маш чухал нөлөөтэй.

Эмийн эмчилгээний гаж нөлөө хэр байдаг вэ. Сэтгэцийн өвчний эмнүүдийг маш хүчтэй гэж ойлгодог. Дуучин Селена Гомез саяхан хоёр туйлт эмгэгтэй гэдгээ олон нийтэд зарлаж, хүүхэдтэй болох боломжгүй хэмээн ярьж байсан? 

Хоёр туйлт эмгэгийн хөөрлийн үед уудаг эм бөөрөнд ачаалал өгөх, хордлогод орох зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс өдөр бүр цусанд нь хэмжилт хийж эмийн тунг зөв барьж уулгадаг. Цусан дахь эмийн тунгийн хэмжээ нь хортой түвшинд хүрч ихсэхээс сэргийлж байгаа юм. Өөрт нь ийм нөлөө үзүүлж байхад хүүхэд тээвэл мэдээж сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг утгаар жирэмслэхийг хориглодог.

Харин сэтгэл гутралын буюу уналтынх нь үед уудаг эм гаж нөлөө харьцангуй багатай. Энэ үедээ жирэмслэх боломжтой. Үнэхээр хүүхэдтэй болохыг хүсвэл эмчийнхээ хяналтанд яваад, амьдралын хэв маяг, явдлыг цэгцтэй байлгаж, эмгэгийг сэдрээхгүйгээр гаднаас нөлөөлөх хүчин зүйлсийг аль болох бага байлгаж хэвийн түвшингээ хадгалаад явахад ямар ч асуудалгүй.

Манайд эмчлэгдэж байгаа залуу хүмүүс сэдэрчихвий дээ гэж болгоомжлоод “найзуудтайгаа уулзаж хөгжилдөж болох уу” гэж асуудаг. Мэдээж бололгүй яахав. Бүх зүйлийг хорино гэсэн үг биш. Инээж хөгжилдөж болно. Гэхдээ амьдралд цөөхөн тохиолддог үйл явдлууд сэдрээх эрсдэлтэй шүү гэдгийг нь би байнга хэлж сануулдаг. 

Хоёр туйлт эмгэгээр өвдөхөөс урьдчилан сэргийлж болох арга замуудыг хэлж өгөөч?

Нэгт. Тархи, мэдрэлийн эсээ гэмтээхээс сэргийлж аль болох халдварт өвчин тусахгүй байх, гэмтээхгүй байх, нойрны дэглэм чандлан сахих, сэтгэл зүйн эрүүл орчин нөхцөлд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь зөвхөн хоёрт туйлт эмгэг гэлтгүй бүхий л сэтгэцийн эмгэг өвчнөөс сэргийлэхэд эерэг нөлөөтэй.

Хоёрт. Магадгүй энэ ярилцлагыг уншаад ийм генетикийн кодтой, энэ төрлийн эмгэгээр өвчилж байсан хэн нэгэн хүн гэр бүл, хамаатан дунд нь байна уу гэдгийг лавлан асууж, мэргэжлийн эмнэлэгт хандан оношлуулах боломжтой. 

Гуравт. Хүүхдээ энэ эмгэгийн суурьтай байна гэдгийг мэдсэн бол бага, өсвөр насыг нь аль болох тайван өнгөрүүлэхийг хичээгээрэй. Тархи, сэтгэл зүйг нь эрүүл байлгаж чадвал сэдэрч илрэхгүй. Насан туршдаа эм уухгүй амьдрахаас хэд дахин илүү шүү дээ. Хүүхдээ ямар характертэй гэдгийг нь анзаарч ажиглаж, ойр дотно байж ярилцаж сонсож байгаарай.  Энэ эмгэгийн талаар мэдээлэл мэдлэгтэй болох нь урьдчилан сэргийлэх нэг арга зам юм.

Та амжилттай эмчилсэн тохиолдлоосоо хуваалцаж болох болов уу? 

Манайд эмчлүүлж буй хоёр туйлт эмгэгтэй хүмүүс маш сайн хяналтандаа ирдэг. Бид үйлчлүүлэгч нартайгаа байнгын холбоотой байхыг хичээдэг. Тоть шиг л ирэх болгонд нь эмгэгийн талаар мэдээллээ өгдөг учраас тэд маань өөрсдийгөө маш сайн хянаж сурдаг.  Өөрсдөө “Би одоо хөөрөх гээд байх шиг байна, яриа маань хурдсаад байна” гэх зэргээр шинж тэмдгээ ажиглан эмчдээ хэлдэг. Тэр даруйд нь арга хэмжээ авч сэдрээхгүй удаан барих эмчилгээгээ хийдэг. Хамгийн урт хугацаанд сэдрээгүй, шинжилгээгээ өгч, эмээ тогтмол ууж бариад явж байгаа нэг үйлчлүүлэгч бий. 2018 оноос хойш нэг ч сэдрээгүй. Энэ амжилттай эмчилгээний жишээ. Дунджаар 5-6 жил сэдрэхгүй явбал эмчилгээ амжилттай байна гэж үздэг.

Германы орчин үеийн нэрт туурвигч Томас Мелле “хоёр туйлт сэтгэцийн эмгэг”-ээр олон жилийн турш шаналж буй нэгэн. Тэрбээр өөрт тохиолдсон явдал хийгээд эрүүл мэнд удаан хугацааны турш хэрхэн сайжирч байгаа туйхайгаа дүрслэн бичиж, өвчтөний дотоод ертөнцөд юу өрнөдгийг гайхалтай хүүрхэн өгүүлсэн “Нуруун дээрх ертөнц” /The world at your back/ хэмээх намтарчилсан зохиолоо гаргасан билээ.  

Тэрбээр зохиолдоо “Намайг олж эргүүлэн авчрахыг байнга оролддог, оролдсоор байдаг хүмүүс бол зөвхөн миний найзууд. Итгэлтэй хүмүүсийн минь нэг хажууд байх нь надад үнэхээр тус болдог байлаа. Найзууд маань миний төлөө бол хэзээд бэлхэн. Надад санаа тавьж, хүний гэх хамаг л чанараа алдан “хоосорсон” намайг дагуулаад л явдаг байв” хэмээн өвчинтэйгөө тэмцэхэд нь найзууд нь түүнд хэчнээн дэмжлэг болж байсан тухай бичсэн байдаг.

Америкийн алдарт дуучин, жүжигчин Rosemary Cloone хоёр туйлт эмгэгтэй гэдгээ олон нийтэд илчилсэн анхны алдартан. Уг эмгэгээр өвдсөн гэдгээ олон нийтэд зарласан алдартнуудын жагсаалт жүжигчин Кэрри Фишер, комедиан Стивен Фрай, жүжигчин Кэтрин Зета Жонс, дуучин Мэрайя Кэри, Канье Уэст, Деми Ловато, Селена Гомез г.м үргэлжилнэ... 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.