Ж.Батсуурь: Энэ бол намайг нүүрстэй холбох гэсэн улс төрийн зорилготой гүтгэлэг


3-р сарын 28
12 цаг 24 минут

Ч.Үл-Олдох

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

 

-Таныг “Андын илч” хэмээх компанитай холбоотой, тухайн компани нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээллүүд гараад байна. Энэ талаарх бодит хариултыг таны амнаас сонсоё?

-“Андын илч” гэдэг компани Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг компани, Ж.Батсуурь гэдэг хүн Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн гэдгээс өөрөөр энэ хоёрыг хооронд нь холбох ямар ч үндэслэл байхгүй юм. Гэтэл өнгөрсөн баасан гарагт Zuv.mn мэдээллийн сайтад гүтгэлгийн чанартай мэдээлэл гарсан. Ж.Батсуурь гишүүн тэдэнтэй холбогдсон, тэдний аль нэг талд нь үйлчилсэн, зэвсэглэсэн дээрэм, тонуул хийсэн гэдэг мэдээллүүд ор үндэсгүй гүтгэлэг. Миний хувьд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “Андын илч” компанийн 49 хувийг орон нутгийн мэдэлд шилжүүлэх чиглэлээр ажиллаж байснаас өөрөөр тус компанитай холбогдсон түүх огт байхгүй.

-Нэгэнт таны нэр холбогдож байгаагийнх асуудлын мөрөөр судалж үзэв үү?

-Мэдээлэл цацагдсаны дараа “Андын илч” компани болон уурхайн талаар орон нутгаас иргэд, сонгогчид хандаж байна. Миний бие өөрөө бас энэ талаар судалж үзэхэд тухайн компанийн 51 хувийг Хятадын нэг компани эзэмшдэг, 49 хувийг нь орон нутаг эзэмшдэг, Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн хүний тавыг нь 51 хувийг эзэмшдэг Хятадын талаас томилдог. Дөрвийг нь 49 хувийг эзэмшдэг орон нутгаас томилдог юм билээ.

-Гарсан мэдээллээс харахад хоёр тал хоорондоо юм уу, дотроо маргаад байгаа юм уу, маргаан зөрчил гарч гэж анзаарагдсан. Энэ талаар мэдээлэл байх юм уу. Тэр компанид юу болоод байгаа талаар?

-Үүсээд байгаа маргааны тухайд, хувьцаа эзэмшигч БНХАУ-ын тал Төлөөлөн удирдах зөвлөлд суудаг, өөрийн төлөөллийг хэрэгжүүлдэг ТУЗ-ийн таван гишүүнийхээ хоёрыг нь сольсон. Үүнтэй холбоотой маргаан явж байгаа юм байна. Энд холбогдож байгаа, хувьцаа эзэмшигчийг төлөөлж ТУЗ-д нь ажиллаж байсан БНХАУ-ын иргэд хоорондоо маргалдаж, энэ маргаандаа улс төрийн зорилготойгоор УИХ-ын гишүүн миний нэрийг хавчуулж байна гэж харж байна.

-Та Сүхбаатар аймгийн Засаг даргаар найман жил ажилласан хүн. “Андын илч” компани байгуулагдсан цагаасаа эхлээд орон нутгийн хөгжил, нийгмийн хариуцлагын чиглэлээр хэр үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлдэг байгууллага юм бол?

-Намайг аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед бидэнд ямар мэдээлэл байсан гэхээр “Андын илч” компани болоод уурхайг Хилийн цэргийн 0146 дугаар анги эзэмшиж байсан. Сүүлд ямар замаар, ямар учиртайг мэдэхгүй БНХАУ-ын нэг компани 51 хувийг нь эзэмшдэг, Хил хамгаалах ерөнхий газар, хилийн цэргийн байгууллага 49 хувийг нь эзэмшдэг болсон байсан. Үүнийг би аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2014 оноос хөөцөлдөж, орон нутаг 49 хувийг нь эзэмших ёстой гэсэн байр суурийг баримталж, нэлээд идэвхтэй ажилласан. Түүний үр дүнд 49 хувь нь орон нутгийн өмчлөлд шилжсэн байдаг юм. Түүнээс хойш энэ уурхайн үйл ажиллагаа хэрхэн явсныг би мэдэхгүй. Түүнээс хойш энэ уурхайтай өнөөдрийг хүртэл холбогдсон, сонирхсон зүйл байхгүй. Тиймээс тэр талаар холбогдох байгууллагууд, 49 хувийн төлөөллийг хэрэгжүүлдэг орон нутгийн удирдлага, гааль, татварын газруудтай холбогдож мэдээллийг авсан нь зөв байх аа.

-Олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээлэлд нэг хүний нэр дурдагдаж байгаа. Тухайлбал, Лутбаяр гэдэг тэр залууг аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан гэсэн. Тэгэхээр тэр талаараа таныг холбоотой гээд байгаа юм биш үү?

-Тэр Лутбаяр бол 51 хувийг эзэмшдэг БНХАУ-ын компанийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм байна лээ. Түүнээс өөр мэдээлэл надад байхгүй. Лутбаяр гэдэг хүн аймгийн орлогч даргаар ажиллаж байсан. Би 2008 онд аймгийн Засаг дарга болоод тэр хүнийг  аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан.

- “Андын илч” компани дээр тухайн асуудал гарах үед таныг Сүхбаатар аймагт очсон, тухайн компанийнхантай уулзсан гэсэн мэдээллүүд гарсан. Үүнд тайлбар өгнө үү?

-Миний бие УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо байнга ажилладаг. Сүхбаатар аймагт иргэд, сонгогчидтойгоо уулзах, төрийн бодлого, УИХ-ын үйл ажиллагааг тайлагнах, танилцуулах, хууль сурталчлахаар орон нутагтаа  тогтмол ажилладаг. Түүний нэг нь яриад байгаа хугацаатай давхцаж байгаа. 2022 оны есдүгээр сарын 30-нд Сүхбаатар аймагт “Чөлөөт нийгэм, залуусын хөгжил” сэдэвт залуучуудын сургалт, чуулга уулзалтыг Дарьганга зочид буудалд зохион байгуулсан. 400 гаруй залуус цугларч, Улаанбаатар хотоос нэр бүхий лекторууд очиж илтгэлээ танилцуулсан. Орой нь мөн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулагдсан. Би тэр үйл ажиллагаан дээр байсан. Түүнээс биш тэр хүмүүстэй уулзсан зүйл байхгүй. Тэр хүмүүсийг тэнд байсныг ч би мэдэхгүй. Ямар үндэслэлээр ингэж гүтгэж байгааг ойлгохгүй юм. Сүхбаатар аймаг руу явсан, Дарьганга зочид буудлаар орсон гарсан болгонтой намайг уулзсан гэж гүтгээд байж болохгүй биз дээ. Ер нь хэн ч байсан хүнийг ор үндэсгүй гүтгэж харлуулах бол байж боломгүй зүйл.

-Сүхбаатар аймаг хилийн бүс нутаг. Буу зэвсэг хэрэглэсэн гэхээр таныг бараг л дайн байлдаанд өдөөн турхирсан юм шигээр ойлгуулж байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг шалгуулах уу?

-Хувь хүн, УИХ-ын гишүүний нэр хүндэд ноцтойгоор халдаж, эрүүгийн маш ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа учраас өөрийн нэр төрийг сэргээлгэх, үнэн мөнийг олохын тулд худал мэдээллийг гаргасан, түгээсэн мэдээллийн сайтыг хууль хяналтын байгууллагад өгч үнэн мөнийг тогтоолгоно. Үнэн бол нэг байх ёстой. Ер нь бол гишүүдийг янз бүрийн хэрэгт холбодог асуудлууд нийгэмд газар авч, гаарч байна. Хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээллээ нягталж, үнэн бодит байдлыг нийтлэх ёстой. Тэр нь хэвлэлийн эрх чөлөөнөөс өөр ойлголт гэж би хувьдаа ойлгодог. Хэвлэлийн эрх чөлөө, бусдыг гүтгэх хоёр бол тусдаа зүйл. Сүүлийн үед нүүрстэй холбоотой асуудал олон нийтийн анхааралд байгаа. Энэ асуудлын хүрээнд дахин нэг гишүүнийг нүүрстэй холбох гэсэн улс төрийн зорилготой үйл ажиллагаа гэж харж байна.

 

 

 

Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.