ХОЁР БАЙРШИЛД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЧИГИЙГ НЭГ УРСГАЛД ОРУУЛЖ ТУРШИНА


3-р сарын 28
11 цаг 12 минут

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор түр хөдөлгөөн зохион байгуулалт хийх талаар Замын хөдөлгөөний удирдлагын ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа.

  • Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар 
  • Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Механик инженерийн сургуулийн уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг. Дээрх уулзварыг хойноос урагш чиглэлд цагт 2000 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 34.3 хувь нь буцаж эргэн, 15.4 хувь нь зүүн эргэж, 12.7 хувь нь баруун эргэсэн бол 37.6 хувь нь чигээрээ явсан судалгаа гарчээ. 

Иймээс Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна. Мөн Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал үүсэх нь багасаж, Ажилчны гудамжны хөдөлгөөний эрчим сайжирна гэжээ. 

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус зохицуулалтуудыг 21 хоногийн хугацаанд туршихаар болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.