ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГТОЙ ХОЛБООТОЙ 5 БАРИМТ


3-р сарын 24
14 цаг 47 минут

Нас насны эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой шинж чанар, тулгардаг асуудлуудын талаар сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд юу хэлэв? 

Аав нь ээжид нь хүндэтгэлтэй харьцдаг гэр бүлд өссөн эмэгтэй хүүхэд өөрийгөө зөв илэрхийлж авч явах чадварт суралцсан байдаг

Алдарт сэтгэл судлаач Фрейдийн үзсэнээр эмэгтэй хүүхдэд ээжийн, эрэгтэй хүүхдэд аавын нөлөө илүү байх ёстой гэдэг. Аав нь ээжид нь хүндэтгэлтэй харьцдаг, зөв уур амьсгалтай гэр бүлд өссөн эмэгтэй хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, авч явах чадварт суралцсан байдаг. Эсэргээрээ аав нь ээжийнх нь эсрэг ямар нэгэн хүчирхийлэл үйлддэг гэр бүлд өссөн эмэгтэй хүүхэд "Ээж маань ийм зүйлийг олон жил тэвчиж ирсэн юм чинь би яагаад тэвчиж болохгүй гэж" хэмээн бодож,  найз залуу, нөхрийнхөө хүчирхийллийг тэвчээд амьдардаг тал бий. Тиймээс ээж нь өөрийн алдаагаа давтуулахгүй тулд "битгий залуучуудтай нийлээд гадуур яваад бай" гэх маягаар санаагаа буруу илэрхийлэхээс болгоомжилж охиндоо зөвөөр хэлж тайлбарладаг байх нь чухал. Харьцангуй сөрөг уур амьсгалтай, хүчирхийллийн орчинтой гэр бүлд өссөн охид өсч том болоод эрэгтэй хүнтэй хамаагүй дотносохоос айж зүрхшээдэг, болгоомжлох хандлагатай болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. /PPC" сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч, АУ-ны доктор Б.Жаргал/

Хосын харилцаанд хүйсийн ялгаатай байдлаас илүүтэй хувь хүний сэтгэл зүйн онцлог чухал нөлөөтэй

Өөр орчинд өссөн, өөр зан араншинтай хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсэх нь мэдээжийн асуудал. Хоёр хүний хоорондын харилцаанд үүсч буй асуудлуудын гол шалтгаан нь эрэгтэй эмэгтэй гэсэн хүйсээс илүүтэй ихэнхдээ хувь хүний сэтгэл зүйн онцлогтой холбоотой байдаг. Тиймээс миний хань /эхнэр, нөхөр/ ямар сэтгэл зүйн онцлогтой, юу хүсч мөрөөддөг вэ гэдгийг нь чин сэтгэлээсээ ойлгож харьцвал асуудлыг шийдвэрлэхэд хялбар болно. Өөрийгөө хайрлаж, өөртөө аз жаргалтай байснаараа бусдыг хайрлаж чаддаг. Хүн бүр дотоод хайр, дотоод энэрэнгүй сэтгэл гэдэг зүйлийг өөртөө бий болгож, төлөвшүүлэх учиртай.

Орчин үед монгол эрчүүд манлайлагч, тэргүүлэгч байр сууриа алдах болсноор эмэгтэйчүүдэд ирэх ачаалал нэмэгдэж, нийгэм, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага нь ихэссэнээр эмэгтэйчүүд илүү их стрессдэх болсон гэж хэлэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, тэнцвэргүй байдал бухимдлыг төрүүлнэ. Улмаар гэр бүл салалтанд тодорхой хэмжээгээр нөлөөлж буй. Тиймээс гэр бүлийн оролцоонд эрэгтэй, эмэгтэй хоёул эрх тэгш, тэнцүү байх нь зүйтэй. Хэн нь илүү санхүүгийн орлоготой байх ер хамаагүй. Магадгүй нөхөр нь эхнэрээсээ бага мөнгө олдог байсан ч гэр бүлийнхээ бүх асуудалд эрх тэгш оролцож, адилхан үүрэг хариуцлага хүлээдэг байж болно. Заавал эрэгтэй хүн илүү орлого олох ёстой гэсэн юм байхгүй. 

 Эмэгтэй хүн хатан ухаантай байснаар тэр гэр бүл сайхан болно гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй 

Гэр бүлийн уур амьсгалд нөлөөлж болох хэдэн мянган шалтгааныг нэрлэж болно. Гэвч хамгийн ихээр нөлөөлдөг нь сэтгэл зүйн хүчин зүйл. Зөвхөн эмэгтэй хүн л гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлдэг. Бүх зүйл эхнэрээс л шалтгаална гэсэн хандлага хүмүүсийн дунд түгээмэл байдаг.  Хатан ухаантай эмэгтэй хүн л байгаад байвал гэр бүл батбөх сайхан болчихдог гэх нь утгагүй. Ийм үлгэр шиг зүйл байхгүй. Эмэгтэйчүүд гэр орныхоо тулга тойрсон асуудлыг шийддэг гэх ойлголт ард үлдээд олон жил өнгөрсөн. Харилцааны хандлага, жишиг ч цаг үеэ дагаад өөрчлөгдөх хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй хэн хэн нь чухал оролцоотой. Зарим нэг гэр бүлийн хувьд эмэгтэйчүүд нь карьераа хөөж, эрчүүд арыг нь даадаг тохиолдол олон бий. Үүнийгээ хоорондоо ойлголцоод хүлээн зөвшөөрчихсөн бол ямар ч асуудалгүй. Айл  гэр бүл бүхэн өөр өөр бүтэцтэй. Бусадтай харьцуулахгүйгээр, хоорондоо л ойлголцож чадвал болох нь тэр. /Сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин/

 Эмэгтэйчүүд "сэтгэл гутрал"-д илүүтэй өртдөг хэдий ч даван туулах чадвараараа эрчүүдээс сайн

Дэлхий нийтэд "сэтгэл гутрал" нь нас баралтын гуравдагч том шалтгаан болсон бөгөөд ирэх онуудад энэ тоо улам нэмэгдэнэ гэсэн ОУ-ын судалгаа бий. Уг судалгаагаар, 12 эрэгтэйн нэг, таван эмэгтэйн нэг нь "сэтгэл гутрал"-д өртдөг байна. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд сэтгэл гутралыг амжилттай даван туулж чаддаг бол, эрчүүд сэтгэл гутарлаасаа гарч чадахгүй даамжруулдаг талтай.  

Сэтгэл гутрал бүх насныханд тохиолдоно. Өсвөр үеийнхний хувьд "би хэн бэ" гэдгээ таньж мэдэх гэж яваа насан дээрээ аав, ээжээсээ хангалттай хайр халамж авч чадахгүй, өөрийг нь ойлгохгүй, чиглүүлэхгүй, санаа тавихгүй байгаагаас болж сэтгэлээр унах, сэтгэл гутрах эмгэг рүү хөтлөгдөх эрсдэл үүсдэг. Нөхөн үржихүйн идэвхтэй насандаа буюу жирэмслэх үед төрөхөөс өмнөх, төрсний дараах сэтгэл гурталтай нүүр тулна. Эмэгтэй хүн бүр энэ үедээ сэтгэл гутралд тодорхой хэмжээгээр өртдөг. 35 - 45 насны эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх байдал нь илүү өндөр. Ингээд харвал аль ч насандаа сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй байх нь. 

Гурван ээж тутмын нэг нь "сэтгэл гутрал"-д өртдөг

Жирэмсний үе, төрөх, төрсний дараах үеүүд бол эмэгтэй хүний хувьд бие махбод болон сэтгэл зүйн олон өөрчлөлтийг бий болгодог эмзэг нандин цаг хугацаа. Тухайн хүнд цоо шинэ зүйлсүүдийг хүлээн авах, дасан зохицох, өөрийн болгох гэх мэтээр шилжилт явагдаж байгаа учраас тодорхой хэмжээгээр хямрал явагддаг. Зарим эмэгтэйчүүд үүнийг хөнгөн байдлаар даван туулж байхад, заримд нь маш хүндээр тусаж сэтгэл гутралын хүнд хэлбэр лүү орох ч тохиолдол бий. 

Судалгаагаар гурван ээж тутмын нэг нь сэтгэл гутралд өртдөг гэжээ. Тиймээс жирэмсэн үедээ болон төрсний дараах сэтгэл зүйн хямралаа хэрхэн даван туулах, сэтгэл гутралд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй байх нь чухал юм. Төрсний дараа сэтгэл санааны байдалд өөрчлөлт орох нь элбэр тохиолддог хэвийн зүйл юм. Нийт төрсөн ээжүүдийн 80% нь сэтгэл зүйн хямралд өртдөг. Ялангуяа анхлан төрж байгаа ээжүүдэд илүүтэй тохиолддог байна. Учир нь жирэмсэн байх 10 сарын хугацаанд цусан дахь эм бэлгийн дааврын хэмжээ өндөр түвшинд байдаг. Төрсний дараа тэрхүү дааврын хэмжээ огцом буурснаар сэтгэл зүйд өөрчлөлт гардаг. Дааврын зохицуулга нь төрснөөс хойш 7-14 хоногт хэвийн байдалдаа буцаж ордог тул дааврын улмаас үүсч байгаа өөрчлөлтүүд нь эмгүйгээр засагддаг. Мөн төрсөн эмэгтэйчүүдийн хувьд түүнийг байгаагаар нь ойлгох, хүлээж авах орчин нөхцөл, хань, гэр бүл, ойр дотны хүмүүсийн хайр халамж туслалцаа маш их хэрэгтэй байдаг. Ийм харилцаа халамжийг мэдэрч байвал амьдралын энэ онцлог үе, хямралаа маш сайн даван гарч чадна.  /Focus on the Family байгууллагын сэтгэл зүйч Г.Эрдэнэтуяа/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.