Ч.Сумъяа: Гурван улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хоёр хөрш зарчмын тохиролцоонд хүрч байна


3-р сарын 24
12 цаг 00 минут

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар олон улс судлаач Ч.Сумъяатай ярилцлаа.

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчлаад буцлаа. Судлаачийн хувьд энэ айлчлалын олон улс, геополитикт үзүүлэх үр нөлөөг хэрхэн харж байна?

-2013 онд Ши Жиньпин анх БНХАУ даргаар сонгогдоод гуравдугаар сард анхны айлчлалаа Москвагаас эхэлж байв.

2017 онд хоёр дахь удаа БНХАУ даргаар сонгогдоод долдугаар сард Москвад айлчлахад Путин Ши Жиньпинд баяр хүргэж "Гэгээн Андрея" төрийн дээд одонгоо хүртээж байжээ.

Путин уламжлал ёсоор 2023 онд Москвад ирсэн Ши Жиньпинд БНХАУ даргаар гурав дахиа сонгогдсонд баяр хүргэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ши Жиньпин, В.Путин хоёр 40 гаруй удаа албан ёсны уулзалт хэлэлцээ хийсэн байгаа нь хоёр улс төрийн тэргүүний түвшинд яриа хэлэлцээний давтамж өндөртэй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл өндөр түвшинд байгааг харуулж байна.

 

-Ерөнхийдөө ямар ач холбогдол, үр дүнтэй айлчлал болов. Ялангуяа БНХАУ-аас гаргасан энх тайвны төлөвлөгөө хэр үр дүнтэй байх бол. Орос, Украины сөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөө хэрэгжих үр дүнд хүрч чадах болов уу?

-БНХАУ Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах энх тайвны төлөвлөгөө саналаа Гадаад хэргийн яамныхаа цахим хуудсанд Украины хямралын нэг жилийн ой дээр нийтэлсэн.

Санал нийтлэгдээд cap хүрэхгүй хугацаанд сөргөлдөгч талуудтай ярна хэлэлцээ өрнүүлж Хятадын тал идэвхтэй ажиллаж, Ши Жиньпин дарга Москвад айлчилж байна.

 

Гуравдугаар сарын 21-нд хоёр орны удирдагчид гаргасан шинэ эринд Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийн 9 дүгээр зүйлд заахдаа, "НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, олон улсын хуулийг хүндэтгэх ёстой гэж хоёр тал үзэж байна. Украины асуудлаарх Хятад улс бодитой, шударга байр суурьтай байгааг Оросын тал нааштай үнэлэв.

Хоёр тал цэрэг, улс төрийн болон бусад ашиг сонирхолд нийцүүлэн бусад улс орны аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах аливаа улс орон, бүлэг улс орныг эсэргүүцэж байна.

Оросын тал энхийн хэлэлцээг аль болох хурдан сэргээх амлалтаа дахин нотолсон бөгөөд үүнийг Хятад улс сайшааж байна. Украины хямралыг улс төр, дипломат арга замаар зохицуулахад Хятад улс идэвхтэй оролцох хүсэлтэй байгааг Оросын тал сайшааж, "Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь" баримт бичигт тусгагдсан бүтээлч саналуудыг сайшааж байна.

Украины хямралыг зохицуулахын тулд бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны санаа зовоосон асуудлыг хүндэтгэж, өөр хооронд талцаж сөргөлдөөн үүсэх "гал дээр тос нэмэхээс" зайлсхийх хэрэгтэй гэж талууд онцлон тэмдэглэж байна.

Хариуцлагатай яриа хэлэлцээ нь асуудлыг тууштай шийдвэрлэх хамгийн сайн арга зам гэдгийг хоёр тал онцоллоо. Үүний тулд олон улсын хамтын нийгэмлэг холбогдох бүтээлч хүчин чармайлтыг дэмжих ёстой. Хоёр тал хямралыг улам хурцатгах, бүр хяналтаас гарахаас сэргийлэхийн тулд хурцадмал байдлыг өдөөж, дайныг хойшлуулах бүх үйлдлээ зогсоохыг талуудад уриалж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөөгүй ганц талын хориг арга хэмжээг хоёр тал эсэргүүцэж байна" гэжээ.

Үүнээс харвал, Хятадын тал цаашид ч сөргөлдөгч талуудтай яриа хэлэлцээ өрнүүлж асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллах төлөвтэй байна.

-Манай улсад ямар байдлаар үр дүн нь харагдах бол. Хийн хоолойн асуудлыг шийдэлгүй хэвээр үлдлээ гэсэн мэдээлэл бий. Энэ талаар?

-Энэ сарын 21-нд Хятад, Орос хоёр орны удирдагчид гаргасан шинэ эринд Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийн гуравдугаар зүйлд, "2015 оны "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал" болон 2016 оны “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байна.

 

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт багц хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн тулд бид энэхүү ирээдүйтэй механизмыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг бүс нутгийн байгууллага, механизмтай цаашид холбох ажлыг идэвхтэй дэмжинэ.

Хоёр тал Хятад-Монгол-Оросын байгалийн хийн хоолойн шинэ төслийн судалгаа, зөвлөгөөний ажлыг ахиулахад хамтран ажиллах болно" гэсэн байна.

Үүнээс харвал, Гурван улсын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр Орос, Хятадын тал зарчмын тохиролцоонд хүрч байгааг харж болно.

-Ши Жиньпин даргын Москвад хийж буй айлчлалтай зэрэгцэн Японы Ерөнхий сайд Украинд айлчилсан нь тохиолдол биш гэж хэвлэлүүд бичиж байна. Та үүнийг хэрхэн дүгнэх вэ?

-Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Мягмар гарагт буюу энэ сарын 21-ний өдөр Киевт хүрэлцэн ирж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийсэн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад хийх айлчлалтай давхцаж байгаа бөгөөд Украины хямрал Евразийн геополитикийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлж байна гэж харж байна.

Хятадын дарга Москвад айлчилдаг өдөр Японы Ерөнхий сайд Украинд айлчилсан нь зүгээр нэг тохиолдлын хэрэг байж болох ч нөгөө талаар энэ нь олон улсын хуваагдал хагарал улам бүр нэмэгдэж буйн дохио ч гэж үзэж болохоор байна.

Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас үүдэлтэй Хятад, Орос улсуудтай газар нутгийн маргаантай байдаг. Тиймээс Москва, Бээжингийн харилцаа олон салбарт улам бүр ойртож, сүүлийн үед хоёр улс Японы усан хил орчимд хамтарсан цэргийн сургуулилалт хийх давтамж нэмэгдсэн нь Токиог айдастай, туйлын түгшүүртэй болгож байгаа болов уу.

Хэвлэлийн мэдээллээр, 2023 онд "G7"-ын ээлжит даргаар ажиллаж буй Япон улс, Ерөнхий сайд Фүмио Кишида нь долоон орны дундаас Киевт хараахан очиж амжаагүй цорын ганц удирдагч байсан бөгөөд Японы дотоодод өргөн хүрээний олон нийтийн дарамт шахалтаас болж айлчилж байна гэж харж байна. Үүнтэй ижил шалтгаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Орос-Украины дайн эхэлсний нэг жилийн ойн өмнөхөн Киевт айлчилсан.

Япон улс үндэсний хэмжээнд энх тайвныг эрхэмлэгч байр суурьтай байгаа тул Украинд үзүүлэх дэмжлэг нь зөвхөн үхлийн бус тоног төхөөрөмж, хүмүүнлэгийн хангамжаар хязгаарлагдаж байгаа. Украинд долоон тэрбум гаруй ам.доллар хандивлаж, өөрсдийн цагаачлалын хатуу бодлогыг үл харгалзан дүрвэсэн 2,000 гаруй украинчуудыг хүлээн авсан байдалтай байгаа.

Судлаачийн зүгээс харахад, "10, 20 жилийн өмнө Азийн гол хоёр том эдийн засаг болох Япон, Хятад улс геополитикийн тоглоомоос ангид байх хүсэлтэй байсан бол одоо тэд энэ тоглоомд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэхийг хүсэж байна. Учир нь алдах онох үнэ цэн хэтэрхий өндөр байхаар байна гэж харж байна. Цаашид ч мөн олон асуудалд хоёр орон өөр өөрийн байр сууринаас өрсөлдөх, сөргөлдөх төлөвтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.