"Дэлхийн алдартай марафонуудад оролцож, зургаан одот медаль авсан"


3-р сарын 7
10 цаг 53 минут

Дэлхийн хэмжээнд алдартай зургаан марафон байдаг ажээ. Эдгээр зургаан марафонд бүгдэд нь амжилттай оролцсон оролцогчид зургаан одот медалийн эзэн болдог байна. Эдгээр медалийг Монголд анх удаа авч ирсэн хүмүүс нь нэг биш гурван эмэгтэй байдаг юм. Тэднийг Х.Алимаа, Б.Чимэдрагчаа, Б.Үйлсзаяа гэдэг билээ.

Дэлхийн хэмжээний алдартай зургаан марафон нь Нью Йорк, Бостон, Чикаго, Лондон, Берлин болон Японых юм. Тэднийг олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, олимпизмын үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Япон улс дахь марафон нь дууссаны дараа Монголын үндэсний олимпын хорооноос “Олимпын алдар” одонгоор шагнасан юм.

No photo description available.

Х.Алимаа- Биеийн тамир спортын тэргүүний ажилтан

Тэрбээр нэг жилиийн дотор дэлхийн алдартай зургаан марафоныг дуусгасан Монголын анхны хүн болсон онцлогтой. Нийт 20 марафонд гүйжээ. Заримаас нь дурдвал,

  • Нью Йорк марафон 2022
  • Чикаго марафон 2022
  • Лондон марафон 2022
  • Берлин марафон 2022
  • Бостон марафон 2022
  • Токио марафон 2022
  • Калифорниа ОУ-ын марафон
  • Ричмонд марафон /насандаа 10-р байр/
  • Семпер марафон /насандаа нэгдүгээр байр/ гэх мэтийг дурдаж болно.

Мөн Дэлхийн монголчуудын гүйлтийн сувгийн АНУ дахь төлөөлөгч юм байна.

May be an image of 1 person and standing

Б.Чимэдрагчаа- Чикагогийн марафонд гурван удаа оролцож байсан

Дэлхийн монголчуудын гүйлтийн сувгийн АНУ дахь гишүүн нь юм.

  • Чикаго марафон 2013, 2016, 2017 /3 удаа/
  • Парис марафон 2014
  • Лондон марафон 2014
  • Берлин марафон 2014
  • Нью Йорк марафон 2018
  • Бостон марафон 2021
  • Токио марафон 2023

May be an image of 1 person, standing and outdoors

Б.Үйлсзаяа- 12 хотын марафонд оролцжээ

Дэлхийн монголчуудын гүйлтийн сувгийн Ирланд дахь төлөөлөгч. Түүний оролцож байсан марафонуудаас дурдвал,

  • Дувлин марафон 2015
  • Амстердам марафон 2018
  • Парис марафон 2019
  • Лондон марафон 2019, 2020, 2022
  • Нью Йорк марафон 2020
  • Берлин марафон 2021
  • Манчестер марафон 2021
  • Ливерпүүл марафон 2021
  • Бостон марафон 2022
  • Чикаго марафон 2022
  • Нью Йорк марафон 2022
  • Токио марафон 2023 юм.

-Та бүхэнд баяр хүргэе. Зургаан одот медалийн эзэд болно гэдэг гайхалтай хэрэг шүү дээ. Бүр Монгол Улсын тамирчдаас эх орондоо эл шагналыг авч ирж буй анхны тохиолдол нь та гурав юм билээ. Анх хэрхэн марафоны тамирчин болж байсан талаараа хуваалцахгүй юу?

Х.Алимаа: Баярлалаа. Би 20 орчим наснаасаа эхэлж гүйсэн. Ингээд бодоод үзэхээр марафоны тамирчин болоод 20 гаруй жилийн өнгөрөөжээ. Цар тахлын үеэр хөл хорионы улмаас томоохон марафонууд цуцлагдаж байсан. Энэ үед марафон цахим хэлбэрт шилжсэн юм. Энэ нь жирийн марафон гүйгчдэд цахимаар дэлхийн томоохон марафонд гүйх боломжийг олгосон. Тиймээс энэ боломжийг ашиглаж, томоохон марафонд оролцсон юм.

Б.Чимэдрагчаа: Баярлалаа. Би 2013 оноос эхэлж гүйсэн болохоор энэ жил 10 дахь жилдээ гүйж байна. Их сургуульд байх үедээ бага зэргийн жин нэмсэн. Тиймээс эрүүл мэндээ дэмжиж, гүйлтээр хичээллэж эхэлсэн юм. Улмаар 2013 онд анх Чикаго марафонд оролцсоноос

Б.Үйлсзаяа: Баярлалаа. Миний хувьд 2015 оноос гүйж эхэлсэн. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй гүйгч Нью Йорк марафонд орсон түүхийг хараад урам зориг авч, гүйх сэдэл авсан юм. Анх гурван км гүйж эхэлж байсан. Үүнээс хойш гүйх зайгаа уртасгаж байв.

-Зургаан их марафонд бүгдэд нь гүйсэн шүү дээ. Эдгээр тэмцээний талаар уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү?

Х.А: Дэлхийн хэмжээнд хамгийн алдартай зургаан их марафон гэж бий. Энэ сарын 5-ны өдөр Токиогийн марафон болсон. Дэлхийн олон орны тамирчид эл марафонд гүйсэн юм. Бид гурав Токиогийн марафонд гүйснээр дэлхийн зургаан том марафоныг дуусгасан. Зургаан том марафоныг бүгдийг нь гүйцээснээр Зургаан одот медалийг гардуулдаг. Бидний хувьд гурвуулаа уг медалийг хүртсэн онцгой, түүхэн явдал боллоо.

-Та бүхний хувьд хэр урт замыг туулж байв?

Х.А:  Бид бүтэн марафонд хичээллэдэг. Бүтэн марафон нь 42.2 км зайтай. Хагас марафон гэж бий. Энэ нь 21.1 км зайтай.

-Бүтэн марафоны тамирчид гэхээр бэлтгэл их хийдэг байх. Бэлтгэлийнхээ талаар хуваалцахгүй юү. Хэр их хугацааг зарцуулж байсан бэ?

Х.А: Марафоноор хичээллэж буй хүмүүс өөр өөрсдийн түвшин, биеийн байдал, ажил амьдралаас шалтгаалж харилцан адилгүй хугацааг зарцуулдаг. Дундаж хугацаа нь 16-20 долоо хоног буюу 4-5 сарын бэлтгэл хийдэг юм. Миний хувьд долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Марафоны ид бэлтгэлийн үед долоо хоногт 100-120 км гүйдэг. Харин марафоноос марафоны хооронд биеэ хадгалахын тулд долоо хоногт 60 м гүйдэг. Өдөрт 1-2 цагийн бэлтгэлтэй байдаг гэж хэлж болно.

Б.Ч: Би 16 долоо хоногийн бэлтгэл хийсэн. Ажлын улмаас би олон хоногийн бэлтгэл хийж чаддаггүй. Долоо хоногт хоёр удаа л бэлтгэл хийдэг. Хамгийн гол нь марафонд бэлдэх үедээ долоо хоногт нэг удаа уртын замд гүйх хэрэгтэй. Уртын гүйлтээ огтхон ч тасалж болохгүй гэж бэлтгэлээ хийж байсан.

Б.Ү: Миний хувьд марафоны бэлтгэлд 12-16 долоо хоногийг зарцуулдаг. Токиогийн марафонд 12 долоо хоногийн бэлтгэл хийсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нью Йоркийн марафонд сайн бэлтгэлтэй орсон тул Токиогийн марафонд богино хугацааны буюу 12 долоо хоногийн бэлтгэлтэй оролцсон.

-Та нарын хувьд хамгийн багадаа найман жил гүйсэн байна. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтэж байсан тохиолдол бий юү?

Б.Ч: Миний хувьд гүйлттэй холбоотой бэртэл авч байгаагүй. Гүйлтээс өмнө авч байсан бэртлээсээ болж зарим марафондоо төдийлөн амжилттай оролцож чадаагүй тохиолдлууд бий.

Б.Ү: Би ч гүйлтээс болж бэртэж байгаагүй. Харин бэлтгэлийн ачаалал нэмэгдсэнээс болж хөл гар, булчин шөрмөс өвдөх үе бий. Тиймээс гүйлтийн өмнө болон дараа нь бие халаалтаа сайн хийдэг.

Х.А: Миний хувьд гүйлттэй холбоотой бэртэл авч үзээгүй. Тамирчин хүмүүс ердийн хийдэг бэлтгэлээсээ их хэмжээний бэлтгэл хийх үед бэртэл авах тохиолдол бий. Энэ үеэр шилбэний ясандаа багахан бэртэл авсан ч бэлтгэлээ хэдэн сар, жилээр нь таслахуйц хэмжээний бэртэл биш юм. Харин бэлтгэлийн ачааллаа багахан бууруулж, эмчлүүлж, уг бэртлээ эдгээж байсан.

-Марафоныг та бүхэн юу гэж боддог вэ?

Х.А: Марафоныг спортын хаан хэмээн нэрлэдэг. Бүх спортын төрлүүдийн суурь бол гүйлт. Ямар ч спортоор хичээллэдэг байлаа гэсэн гүйлтээр бие халаалт хийдэг. Энэ спорт нь холын зайных тул хүнээс их хэмжээний тэвчээр, тууштай байдал, сахилга бат шаарддаг юм. 42 км зайг туулна гэдэг урт хугацааны бэлтгэл шаарддаг. Тиймээс марафонд дуртай хүний л хийх зүйл юм. Миний хувьд гүйлтээр дамжуулж сайхан дурсамжуудыг бүтээж байна. Залуу байхдаа ажлын шугамаар нийгмийн олон төрлийн харилцаанд орж байсан. Хүүхдүүдээ өсгөхийн тулд ажлаасаа гарч, нийгмийн харилцаанаас багахан хөндийрсөн ч гүйлтээр дамжуулж олон хүнтэй уулзаж, амьдралаа сонирхолтой болгосон. Эрүүл мэндийн ашиг тусыг нь тоочиж дуусахгүй. Би багш мэргэжилтэй хүн учраас өөрийн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах дуртай. Тиймээс MGL running channel буюу Дэлхийн монголчуудын гүйлтийн сувагтаа идэвхтэй мэдээлэл оруулж, олон нийтийг марафонд гүйхийг сурталчилдаг.

Б.Ү: Гүйлтээр хичээллэж эхэлснээс хойш надад эрүүл мэндийн хувьд өдөр тутмын ачааллаас гарах, стрессээ тайлах арга зам болсон түүхтэй спорт. Тиймээс гүйлт бол миний хувьд эрүүл мэндийн спорт.

Б.Ч: Бусад дасгалыг бодвол гүйлт нь нэг талаараа мөнгө зарлагадах шаардлагагүй спорт. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй спорт. Зайлшгүй зааланд очих шаардлагагүй. Та гүймээр байвал гараад л гүйхэд болно. Мөн эрүүл мэндэд сайн спорт. Тэр тусмаа хүний зүрхэнд сайн.

-Энэ жилийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу. Өөр ямар марафонд оролцох вэ?

Х.А: Бид дэлхийн алдартай зургаан марафоноо дуусгасан. Тиймээс хувь хүн бүр өөр өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа байх. Миний хувьд зургаан марафоны гурав нь миний амьдардаг АНУ-д болох тул заваараа бэлдээд оролцоно гэж бодож байгаа. Дөрөвдүгээр сард Бостон марафон болно. Цагийн болзлоо хангаад өргөдлөө батлуулсан. Мөн дэлхийн зургаан том марафоны аль нэгийнх нь шүүгч жил бүр урьж, 40-өөс дээш насныхны гүйлтэд урьж оролцуулдаг. Өнгөрсөн жил Лондонгийн марафонд уригдаж оролцсон. Энэ жил тэр гүйлтийн тэмцээн Чикагод болно. Б.Үйлсзаяа бид хоёрт урилга нь ирсэн.

Б.Ү: Би намар Ирланд дахь монголчуудаа гүйлтийн спортод урьж, олон марафонд явсан туршлагаасаа хуваалцана. Ирландын марафончид маань дөрвөн бүс рүү явна. Чикагогийн марафлнд Ирландын гурван гүйгч явах юм. Чикагогийн марафонд дэлхийн олон орноос “MGL running channel”-ынхан маань оролцоно. Энэ марафонд хурдан гүйх нь чухал бус олон орны монгол гүйгчидтэйгээ нөхөрлөх нь чухал тул уг марафоныг зорих юм.

Б.Ч: Миний хувьд энэ жил бүтэн марафонд орон төлөвлөгөө байхгүй байна. Хагас, эсвэл 10 км гэх мэтэд л гүйх байх. Одоогоор бол яг төлөвлөсөн зүйл байхгүй.

-Та бүхний эдгээр гавьяаг үнэлэн Монгол Улсаас шагнал гардуулсан юм билээ. Эх орноосоо шагнуулна гэж бодож байв уу?

Х.А: Япон улсын Токио хотод байдаг Монгол Улсаас Токио хотод суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Батжаргалаас “Олимпын алдар” медаль хүртсэн. Сэтгэгдэл өндөр байна. Бид гүйх дуртай болохоороо л эдгээр маарфонд оролцсон. Бидний хөдөлмөрийг үнэлж, том шагнал гардуулсан нь гэнэтийн бэлэг байлаа.

Б.Ч: Бид олон жил гадаадад амьдарсан. Эх орноосоо ийм том шагнал авна гэж бодож байсангүй. Үнэхээр их баярлаж байна.

Б.Ү: Бидний олон жилийн хөлс хөдөлмөрийг үнэлж, Олимпын хорооноос шагнасанд талархлаа. Олон жилийн турш өөртөө тавьсан зорилгоо биелүүлж, мөн улс маань үүнийг үнэлсэнд баяртай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав26 минут 52 секундын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв27 минут 30 секундын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана29 минут 59 секундын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно30 минут 47 секундын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ31 минут 37 секундын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ32 минут 26 секундын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно33 минут 21 секундын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв34 минут 14 секундын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.