“Чингис хаан” одонгоор шагнагдах хүний нэрийг Лхагва гарагт зарлана


11-р сарын 21
11 цаг 13 минут

“Чингис хаан” одонгоор шагнагдах хүний нэрийг Лхагва гарагт зарлана.

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон. 

Тэгвэл Чингис хаан одонг нийт 14 удаа олгож байв.

"Чингис хаан" одон хүртсэн иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйл олгодог. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй байдаг. 2019 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар тус одонг нэг иргэн, эсхүл хамт олонд олгодог болсон юм. 

Ингээд 2005 оноос хойш "Чингис хаан" одон хүртсэн иргэн, хамт олныг танилцуулж байна. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат /2005 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний зарлигаар, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад анх "Чингис хаан" одонг гардуулж байв. Энэ нь Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр анхны Ерөнхийлөгчид гардуулсан онцгой тохиолдол байв.

Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав /2006 он/

Тэрээр, 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсөж, амьдралынхаа бүх цаг хугацаанд ард түмний сэтгэлд хоногшсон 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвихын сацуу 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан. Түүний хөгжмийн урлагт оруулсан хөдөлмөрийг үнэлж 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2006 онд Чингис хаан одон, 2019 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн /2009 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнд Чингис хаан одонг хүртээжээ. Ерөнхийлөгчийн зарлигт, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байна.

Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж /2010 он/

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж улсын баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Р.Гончигдоржид 2010 онд Чингис хаан одонг хүртээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди /2011 он/

Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж 2011 онд Чингис хааны одонгоор шагнажээ. 

УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл /2012 он/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одонг хүртээж байжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном /2013 он/

Д.Содном нь 1984 онд Ю.Цэдэнбалыг огцорсны дараа Улс төрийн Товчооны гишүүнээр сонгогдож Засгийн газрыг тэргүүлсэн. Түүний засаглалын жилүүдэд Монгол Улсын гадаад харилцааны салбарт ахиц гарч АНУ болон Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй дипломат харилцаа тогтоохын сацуу өөрийн нутаг дэвсгэрээс Зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргаснаар өмнөд хөрштэй хэвийн харилцаатай болох үндэс суурь тавигджээ.

Эрдэмтэн, физикч Х.Намсрай /2014 он/

Шинжлэх ухааны салбараас хамгийн анх Чингис хааны одон хүртсэн эрхэм бол академич Х.Намсрай юм. Тэрээр, Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажилласан юм. Түүний боловсруулсан "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол" физикийн салбарт шинэ чиглэл гаргажээ. Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна. Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ.

Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо /2015 он/

Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн Г. Мэнд-Ооёо яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македон хэлнээ хөрвүүлэгдсэн, дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг. 1996 онд СГЗ цол ,1998 онд "Алтан овоо" "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубийн шагнал, 2002 оны оны шилдэг зохиолч шагнал авсан аж.

Дуурийн дуулаач МУГЖ Г.Ариунбаатар /2016 он/

Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлсэн Г.Ариунбаатар нь 23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Тэрбээр, өнгөрсөн зун “ВВС” телевизийн “Cardiff Singer of the World” тэмцээний финалын үеэр шүүгч Мэри Кингийн сэтгэлийг хөдөлгөн уйлуулж, олны анхаарлыг татсан нэгэн. Өнгөрсөн 2017 онд тэрбээр Өмнөд Солонгос улсад “Кармен” дуурьд хоёр удаа дуулснаас гадна Герман, Улаан-Үд, Москва, Владивосток зэрэг ОХУ-ын хэд хэдэн хотын театрт дуулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Төрийн дээд шагнал, Чингис хаан одонг МУГЖ Г.Ариунбаатарт 2016 онд хүртээжээ. 

Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр /2017 он/

Найдангийн Түвшинбаяр нь 2008 оны Бээжингийн зуны олимпын Жүдо бөхийн төрлөөс эх орондоо олимпын наадмын анхны алтан медалийг авчирсан юм. Түүний дээрх амжилтыг нь үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол хүртээж байсан. Тэрбээр, мөн 2012 оны Лондонгийн олимпын Жудо бөхийн төрлөөс мөнгөн медаль хүртэж олимпын хос медальтан болсон.

"The Hu" хамтлаг /2019 он/

The Hu хамтлагийн 2018 оны намар YouTube цахим хуудаснаа цацсан "Yuve Yuve", "Wolf totem" хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Wolf totem дуу нь 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд Billboard-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болж тодорсон. Нэмж өгүүлэхэд, “Yuve Yuve Yu” дуу нь мөн тус жагсаалтын долоодугаар байранд жагссан амжилт гаргасан бол “Wolf totem” дуу нь “Hot rock songs” чартын 22 дугаарт бичигдэж байв. Түүгээр ч зогсохгүй, 2020 оны есдүгээр сарын 13-нд гаргасан анхны “Гэрэг” цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байв. Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг Youtube-д нэг сая subscribers-тай болж, "Golden play button" шагнал хүртжээ. 

БНМАУ, ЗХУ-ын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа /2021/

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  зарлиг гаргаж БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг Төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор 2021 оны гуравдугаар сарын 22-нд шагнасан.

Тэртээ 1981 оны гуравдугаар сарын 22-нд БНМАУ-ын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын иргэн, сансрын нисэгч В.А.Жанибековын хамтарсан баг Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн билээ.  Ж.Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхных бөгөөд Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн түүхэнд бичигдсэн юм.

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд /2021 он/

Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд энэ оны тавдугаар сарын 29-нд хүртээсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.Үнэнчимэг: Энэ онд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 18 тохиолдол оношлогдсон9 сар 29. 20:01Монгол орны байгаль, соёл, уламжлалыг сурталчилсан үзэсгэлэн Сингапурт нээгдлээ9 сар 29. 20:00Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9 сар 29. 19:59Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9 сар 29. 19:57МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав9 сар 29. 19:55Г.Буяндоржийг гэм буруутайд тооцож 40 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ9 сар 29. 19:55Б.Дөлгөөн: Энэ жил томуугийн А болон В хүрээний 4 цэнт вакцин хийгдэнэ. ХӨСҮТ аравдугаар сарын эхний долоо хоногоос хийж эхэлдэг9 сар 29. 19:54М.Тулгат: Нүүрсний хулгай гэдэг шиг автобусны хулгай гарлаа9 сар 29. 19:53Газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөвдүгээр багц ажлын гэрээ байгуулав9 сар 29. 19:522024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно9 сар 29. 19:51Шүүхийг ӨМӨӨРӨХҮЙ, ХАРААХУЙ?!9 сар 28. 21:18ЦЕГ: Рэппэр Roockie гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон байж болзошгүй үйлдлийг шалгаж байгаа9 сар 28. 21:17
© 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.