Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр замын нээлтийн ёслол боллоо


9-р сарын 9
17 цаг 25 минут

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлтийн ёслол 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгой өртөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Тэрбээр энэ түүхэн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ ард иргэд, төрийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажилд нь  амжилт хүсэв.

Мөн олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, цаг хугацаа алдан, улс орны хөгжилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг мартах ёсгүйг сануулав.

Цаашид экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг дуусгах,  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангах, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.

Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая тн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Энэхүү төмөр замын гол замын урт нь 233.6 км бөгөөд 2 өртөө, 6 зөрлөг, 16 гүүрийн байгууламжтай. 

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан.

Тогтоолын дагуу үндэсний аж ахуйн нэгжүүд дөрвөн жилийн дотор  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад орууллаа.

Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 60 гаруй жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байна.

Цаашид ачилтын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хил дамнасан төмөр замтай болсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг дөрөв дахин буурах урьдчилсан тооцоо гарчээ. 

“Тавантолгой төмөр зам” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих  дөрвөн жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч компаниас төмөр замын зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулдаг, хяналт тавьдаг, төмөр замаа өөрсдөө барьдаг, тээвэрлэлтээ гүйцэтгэдэг, мэргэшсэн инженерингийн компани болж өсөн дэвжсэн гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлэв.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр зам нь Монгол Улсын экспортын орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх, байгаль орчин, хөрсний доройтлыг бууруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой.

Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 2,000 гаруй техник, машин механизм, 5,000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажилласан байна.

Ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” группын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалан “Энэ төслийг хэрэгжүүлэх нь эх орныхоо хөгжилд өөрсдийн оруулах хувь нэмэр хэмээн үзэж, төр, засаг, аж ахуйн нэгж, байгууллагуудтайгаа нэгэн зорилгын дор хичээн зүтгэлээ. Энэ бол монголчууд хамтран ажиллаж, бүтээж чаддагийг харуулсан нэг илрэл боллоо” гэж хэлэв.

Монгол Улс, БНХАУ өнгөрсөн хоёрдугаар сард Гашуунсухайт, Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэгийг эцэслэн тохиролцсон юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.