Улсын хэмжээнд жишиг насан туршийн боловсролын төв ашиглалтанд орлоо


9-р сарын 7
15 цаг 03 минут

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын байгууллагын багш, ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Насан туршийн боловсролын төвийн шинэ барилгыг өнөөдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг Насан туршийн боловсролын төвийг барьсан бөгөөд тус төвд хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургууль завсардсан болон дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчид суралцана.

Мөн албан байгууллага, хувь хүмүүсийн хүсэлтээр ёс суртахууны төлөвшил, иргэний боловсрол, гоо зүйн боловсрол, англи хэл, компьютерын анхан, дунд шатны сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг насан туршдаа суралцахуйд чиглэсэн үйл ажиллагааг явуулж, багш нарыг хөгжүүлэх сургалтын цогцолбор төв болон хөгжих юм.

Анх 2010 онд “Гэгээрэл хөгжлийн төв” нэртэйгээр сургууль завсардсан хүүхэд залууст бага, суурь боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр олгож эхэлсэн уг төв өдгөө “Албан бус насан туршийн боловсролын төв” болон өргөжиж, хүний хөгжлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг болсон тул салбарын яамнаас бодлогоор дэмжин, тойргоос сонгогдсон гишүүдийн хүсэлтийн дагуу шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдэж өгөхөө БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нээлтийн үеэр онцоллоо.

Багануур дүүрэг нь боловсролын чанарын үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд тогтмол улсын дунджаас дээгүүр орж байгаа бөгөөд энэ жилийн хувьд байгалийн ухааны хичээлүүдийн ЭЕШ-ын дүнгээр улсад дөрөвдүгээрт жагсжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 93 хувьтай, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай болсон зэрэг амжилт, хөгжлийн үзүүлэлт нь улс, нийслэл, дүүргийн төсөв дээр боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэнтэй холбоотойг Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэлж байв.

“Монгол Улсын Засгийн газар 2021-2022 оны хичээлийн жилийг танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлүүлсэнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд Та бүхний өмнө цөөнгүй саад бэрхшээл тулгарах нь мэдээж. Цар тахлын эрсдэлээс хүүхэд багачуудаа хамгаалахын зэрэгцээ эх орны ирээдүй болсон тэднийгээ сурган хүмүүжүүлэх, хичээлийн хоцрогдлыг нь арилгах, анги танхимд нь хөгжүүлэх гэсэн давхар давхар үүрэг хариуцлага Та бүхний өмнө тулгараад байна. Иймд хүүхдүүдтэйгээ, эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж, сорилт бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах учиртай” хэмээн Шадар сайд С.Амарсайхан боловсролын салбарынханд хандан хэллээ.

Түүнчлэн УИХ-ын намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэн батлах бөгөөд уг хуулийн төсөлд ямар өөрчлөлт, шинэчлэл оруулах талаар болон өнөөгийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хийгээд багшийн заах арга зүй, сурлагын чанарын үнэлгээний системд гарч буй өөрчлөлтийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулж, боловсролын салбар дахь үр дүнд суурилсан тогтолцооны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ9 сар 4. 17:29Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!9 сар 4. 17:27БНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ9 сар 4. 17:26Ясны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ9 сар 4. 17:25“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ9 сар 4. 17:24Барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна9 сар 4. 17:24Фэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ9 сар 4. 17:22Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.