Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуур” үндэсний анхдугаар чуулганы үеэр “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг сэтгэгдлээ хуваалцав.
Тэрбээр ярихдаа “Морин хууртай амьдралаа холбосон, энэ гайхамшигтай хөгжмийн зэмсэгт хайртай хүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан морин хуурыг дэлгэрүүлэх зарлиг маш их таалагдаж байна. Сэтгэл өег явна. Үндэснийхээ өв соёлд анхаарлаа хандуулж, төр засгаас бодлогоор дэмжиж, зарлиг гаргасан нь Монгол Улсын тусгаар тогтнолд ч хамаатай бөгөөд манай улс улам их батжиж, бэхжиж байгаа юм болов уу гэж бодож байна.
Өнөөдөр уулзаагүй удсан морин хуурч, урлаачид, уран бүтээлчидтэйгээ уулзах сайхан байлаа. Нэг ёсондоо морин хуурчдын баярын өдөр гэж тодотгосон ч болохоор. Цаашид морин хуур маань улам түгэн дэлгэрэх байх. Морин хуурчид маань нэг дор цуглахдаа алдаа оноо, цаашдын хамтын ажиллагаа, шавь сургалт гэх мэт олон сэдвээр санал солилцлоо.
Манай “Хөсөгтөн” хамтлагийн морин хуур, үндэсний өв соёлоо дотооддоо төдийгүй, дэлхийд сурталчлах хувь нэмрээ оруулж яваа. Үүнээс гадна хойч үедээ энэхүү өв соёлоо зааж сургах, ирээдүйн хуурчдаа бэлтгэх үйлсэд гар бие оролцож байна. Түүнчлэн манай хамтлагийнхан шинэ уран бүтээл, шинэ пянз гаргахаар ажиллаж байгаа. Удахгүй шилдэг уран бүтээлүүдтэй пянзаа сонсогчдодоо бэлэг барих болно. Мөн ирэх сарын 13-наас эхлэн хоёр сарын хугацаатай Европоор аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна” гэв.
Сэтгэгдэл бичих