"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"


5-р сарын 17
16 цаг 31 минут

"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"

"ШҮҮГЧИД ӨӨРСӨДДӨӨ ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХГҮЙ БАЙХ ЛОББИГ ХҮЧТЭЙ ХИЙСЭЭР БАЙНА"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуул тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Шүүх засаглал бие даасан байх ёстой, шүүгч итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргадаг байх ёстой. Гэтэл шүүх заримдаа улс төрд нөлөөлөх гээд байгаа юм гардаг. Өвөрхангай аймагт болсон УИХ-ын сонгуульд 2012 онд Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгогдсон байсан. Маргаан үүсээд шүүхийнхэн дотроо ярьж байгаад харьяаллыг нь өөрчилж, Улаанбаатар хотод авч ирж шүүгээд сонгогдсон хоёр гишүүний эрхийг байхгүй болгоод оронд нь өөр хүмүүсийг УИХ-д оруулж ирж байсан.

Хоёр дахь тохиолдол нь УИХ-ын гишүүн газар дээрээ л гэмт хэрэг үйлдэж байгаад баригдчихаагүй бол хорих хориотой. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байгаа хүн ийм дархлаатай, барьж хорь болдоггүй юм аа гээд байхад "Дархлаа гэдэг чинь УИХ-ыг хэлдэг юм аа" гээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өрсөлдөөд явж байхад нь шоронд хийгээд сонгуулийг нь тасалдуулж байсан.  Одоо энэ сонгуулиар ийм зүйл гарахгүй гэх баталгаа байна уу.

Дээрх шийдвэрийг гаргасан шүүгч шүүгчээсээ больсон гэсэн, ял хүлээсэн үү. Шүүгчээ хийхээ болихоор тэр нь шийтгэл болдог юм уу. Шүүхийн ерөнхий зөвлөл цаашдаа ямар арга хэмжээ авах вэ.  

Сонгууль болох гэж байна, мөнгөөр жагсалтад орох эрхээ худалдан авч байна гэдэг яриа их явах боллоо. Мэдээлэл байна уу, хянаж л байх ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд байдаг, ямар ч нүх цоорхойгүй хийлээ гэтэл мөнгө чихээд байвал сонгууль юу болж таарах вэ?

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Парламент бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Ард түмний сонголт эцсийнх байдаг. Шүүхэд ард түмний сонголтыг засварлах эрх байхгүй тэр тусмаа нэг шүүгчид. Таны хэлсэн Өвөрхангай аймагт болсон сонгуулийн үр дүнг нэг хоногийн дотор харьяаллыг нь өөрчилж байгаад Хан-Уул дүүргийн шүүгч засварлаж Өвөрхангай аймгийн 100 мянга гаруй иргэний сонголтыг засварлаж, ард түмний төрөө мэдэх эрхэд халдаж байсан асуудал байдаг. Энэ өдрүүдэд шүүх засаглал ямар хэмжээнд хонгил угсрагдаж явж байгаа вэ гэдэг асуудал илүү тодорхой болж байна. УИХ-аас 2001 онд Шүүхийн тухай хуулийнг баталж байсан нь зөв байжээ гэдэг нь улам бүр тодорхой болж байна.

Шүүхийн тухай хуулийн үзэл санаа бол нэг хүний буюу Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч зэрэг өндөр албан тушаалтнуудаас шүүх эрх мэдлийг хараат бус дарга хэв шинжтэй байдлыг халахад бүх зорилго чиглэж байсан.

2008-2012 оны парламентаас хоёр хүнийг хонгилдоод чирэхэд сөрөг хүчин байсан нам нь олонхи болж байсан. Энэ явдлыг давтан гаргахгүй байхад онцгой анхаарч байгаа.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг улс төрийн шалтгаанаар баривчлах саатуулах ард түмний сонголтод нөлөөлөх асуудлыг гаргуулахгүй.

Харин жагсаалтаа зарах гээд байгаа, зараад байгаа уул уурхайн том компаниудаас мөнгө гуйгаад явж байгаа, 10 тэрбум төгрөг өгчихвөл жагсаалтын тавд орох гээд байна гээд явж байгаа хүмүүс энэ санаархлаа зогсоогоорой.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг:

-Шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой асуулт асуусан учраас хариулах боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Шүүгч биш хүн ч ойлгомоор заалт шүү дээ. Ж.Эрдэнэбат гишүүн хулгай хийж яваад газар дээрээ баригдсан гэж ойлгохгүй байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүн нь дархлаатай гэдгийг мэдсээр байж хуурамч тайлбар хийгээд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад Шүүхийн сахилгын хороо,  Шүүхийн ерөнхий зөвлөөс авсан арга хэмжээ гэж байна уу. Тэр нь бидэнд хамаагүй Ерөнхийлөгч нь мэддэг юм байгаа биз гээд орхичихдог юм уу?

Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөр:

-2021 оны гуравдугаар сарын 1-ээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болж, Шүүхийн сахилгын хороо нь тухайн оны сүүлээр шинэ гишүүнтэйгээр байгуулагдсан. Шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороонд өмнөх Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгч, шүүх байгууллагатай холбоотой 283 өргөдөл гомдол шилжиж ирсэн. Түүнийг хороогоор хэлэлцэхэд таны ярьсан асуудалтай холбогдох гомдол ирээгүй байсан. Өргөдөл гаргавал Сахилгын хороо шалгах ажиллагаа явуулж байж, тухайн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой материал авч байж, санал дүгнэлт бичиж, Сахилгын хорооны хурлаар оруулж байж сахилгын зөрчил мөн биш эсэхийг шийдэх боломжтой. Өргөдөл ирээгүй учраас шалгах ажиллагаа яваагүй гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Өнгөрсөн онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхад 2022 оны Шүүхийн сахилгын хорооны тайланг сонсоход Шүүхийн сахилгын хороо ажиллаж эхэлсэн нэг жилийн хугацаанд сүүлийн 10 жилийн хугацаатай дүйцэхүйц хэмжээний шүүгч нарт хариуцлага тооцсон дүн мэдээ гарсан. Өөрөөр хэлбэл, 2019 онд Шүүхийн сахилгын хороог хараат бусаар байгуулсан нь үр дүнгээ өгч эхэлж байгаа гэдэг нь харагдаж байгаа.

Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лобби хүчтэй явсаар байгаа.

Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа гишүүн шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэж, Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан зарласан байгаа. Чоно борооноор гэгчээр шүүгчид хариуцлага тооцдог болсон энэ заалтыг нурааж унагах ажиллагаа хийх гэж байгаа гэлээ.

Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдтэй холбоотой ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 26 саналаар санал хураалаа. Уг төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд дэмжсэн юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.