Шөлний хонь 250-350 мянган төгрөг


6-р сарын 8
13 цаг 29 минут

"Ямар хонь авах вэ. Шилж сонгоод аваарай" гэх малчид шөлний хонь сонирхож яваа хүмүүсийг дуудна. Зарим хүмүүс хонины шүд, сүүл хэсгээс нь барьж, тарга тэвээргийг нь шалгана. Худалдан авагчдын ихэнх нь жижиглэнгийн мах үнэтэй байгаа учраас шинэ шөл уунгаа амьд мал авах нь илүү дээр байна гэдгийг хэлж байв.

Нэг сарын дараа Үндэсний их баяр наадам болно. Мах магнаг болсон энэ цаг үед хотын баруун захад байрлах “Эмээлт” захыг зорих олны хөл тасрахгүй. Малчид ч хотноосоо шилж, сонгосон хэдэн хонио хот руу тууж, ачихыг нь ачиж захын хашаанд хашна. Баярын өдрүүд хаяанд ирсэн энэ л үед малчдын халаас түнтийж, иргэд халаасаа шавхдаг. Махны үнийн өсөлтөд хамгийн эмзэг ханддаг иргэд шинэ шөл ууж, халуун чулуу атгахад харин ч гар татахгүй.

Хорхогны хонь дунджаар 230-360 мянган төгрөгт хэлбэлзэх аж. Ченжүүд бүгд “Хонь аваарай”  гэж дуу дуугаа түрэх ч үнээ буулгах нь ховор.

NWS01568

Хамгийн хямд хонь 230 мянган төгрөг. Гэхдээ өчнөөн хоног ус, өвс тэжээлгүй татарч гүйцсэн төлөг ийм үнэтэй. Харин нас бие гүйцсэн, тарга тэвээргэтэйг нь авъя гэвэл 350 мянган төгрөг давна. Зарим иргэд дунджаар 200 мянган төгрөгт хонь авахаар зэхжээ. Гэвч бодсоноос үнэтэй. "Боломжийн үнэтэй хонь худалдаж авахаар хайж явна. Малын үнэ, тарга тэвээргэ хоёр хоорондоо дүйцэхгүй л байна" гэдгийг иргэн Н.Нямдорж хэлж байв.

"Эмээлт" зах амралтын өдрүүдэд гэр бүлээрээ агаар салхинд, гэртээ хорхогны шөлөө бэлдэх “иргэдийн хөлд дарагддаг байна. Малчдын хувьд килограммыг нь өнөөгийн ханшаар тооцож хонио зарж буйгаа хэлж байв. Малчдад өвөлжилт, хаваржилтын байдал хүндхэн цохилт болсныг хэлсэн юм.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Н.Даваадорж "Энэ жил нийт нутгаар хатуу өвөл, хавар боллоо. Мал одооноос л гайгүй тарга тэвээргээ авч байна. Наадам гэхэд малын тарга тэвээргэ сайхан болчихно. Улаанбаатарчууд "Амьд мал үнэтэй байна" гэж байна.

Хөдөөний малчдын өвс тэжээл нь нэг боодлыг худалдан авахад 30 мянган төгрөг давлаа. Үнэтэй байгаад шалихгүй ээ. Сайн эр хонь л 300 гаруй мянган төгрөгийн үнэтэй байна.

Хүнсний захуудаар нэг килограмм мах 14, 15 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хүнсний бусад төрлийн үнэ нэмэгдээд байхад малчдын малын мах нь үнэтэй байна гэдэг нь буруу. Хүмүүс мөнгөөрөө амьд мал худалдан авч байгаа учраас аль болох тарга хүч сайтай хонийг сонгож байна" гэв.

"Өдөр дунд хүмүүс ихтэй байлаа. Энэ жил амьд мал үнэтэй байна. "Хүчит шонхор" зах дээр жижиглэнгийн мах 14, 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэнд махны үнэ буурвал "Эмээлт" захад малын үнэ буурдаг. Худалдан авалт өнөөдөр сайнгүй л байна.

Амралтын өдөр худалдан авалт сайжирдаг юм. Хүмүүс аль болох тарга хүч сайтай мал сонгон авч байна.

Баруун аймгуудаас тарга тэвээргэ сайтай хонь орж ирэхгүй байгаа. Ихэвчлэн говь нутгаас хонь оруулж ирж байна. Зургадугаар сарын 20-ноос малын зах дүүрчихнэ. Наадам дөхөөд ирэхээр хүссэн хүсээгүй мах, малын үнэ буурна" гэдгийг Дундговь аймгийн малчин Д.Үнэнбат хэллээ.

“Эмээлт” захад хонь муулах цэгийн гадна шар тор барьсан хүмүүсийн хөл хөдөлгөөн их. Амьдаар нь ачиж явахаас илүү саяхан авсан хонио хоёр тор мах болгоод авч яваа хүн олон. Хонио зарсан ченжүүд тэргэн дээр хоёр, гурваар нь түрсээр мал муулах цэг рүү явж харагдана. Иргэд хонио өөрсдөө муулж, гэдсээ цэвэрлэхээс төвөгшөөх болжээ.

Ахмадууд нь мал мууллаа ч хүүхэд айх вий хэмээн болгоомжлохдоо ийнхүү зах дээр муулуулж, цэвэрлүүлэх нь илүү хялбар гэдгийг хэлж байсан юм.

Дээр нь хонио өөрсдөө гаргаж, цэвэрлэх нь ажиллагаатай, хагас өдрийг бардаг тул иргэдийн хувьд хонио авсан даруйдаа гаргуулдаг болсон. Үнийн хувьд өнгөрсөн жил 20 мянган төгрөг байсан бол энэ жил 25 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Малын гэдэс дотрыг нь угааж цэвэрлээд, махыг нь салгаж өгдөг гэдгийг ажилчид нь хэлсэн юм.

"Хязаалан хонийг 290 мянган төгрөгөөр худалдан авлаа. Ер нь малын тарга тэвээргэ, үнийг нь харьцуулж байгаад л худалдан авдаг. Наадам дөхөхөөр бас шөлний хонь авна. Эндээ хонио төхөөрүүлж, цэвэрлүүлээд аваад явна" гэдгийг иргэн Д.Нямсайхан хэллээ.

“Эмээлт” захад хонь зарах, төхөөрч цэвэрлэхээс авахуулаад хуйхалж, хорхог боодог хийхэд бэлдэх хүртэл бүх үйлчилгээ нэг дор төвлөрсөн нь иргэдэд амар байгааг хэлж байлаа. Үндэсний их баяр наадмын өдрүүдээр амьд хонь, ямаа худалдан авах иргэдийн тоо ч улам нэмэгддэг гэдгийг ажилтнууд онцлов.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна7 цаг 44 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо7 цаг 44 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ5 сар 8. 12:59Ч.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв5 сар 8. 12:59Эмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна5 сар 8. 12:58ОХУ-ын засгийн газар огцорчээ5 сар 8. 12:57Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн5 сар 8. 12:57“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 12:56Д.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ5 сар 8. 12:55Оюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.