"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"


5-р сарын 14
12 цаг 31 минут

"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"

Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Гадны хөрөнгө оруулалт, татвар, бизнесийн орчинд тогтмол анхаарал хандуулж, соргог байдаг танай байгууллагын хувьд уг хууль эрх зүйн шинэ орчин нөхцөлд ямар байр суурьтай хандаж байна?

-Америкийн худалдааны танхим Баялгийн сангийн хуулийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Баялгийн санг ирээдүйн өв сан, хөрөнгө оруулалтын сан, хуримтлалын сан гэсэн гурван төрлийн сантай байхаар хуульчилж үр ашгийг ард иргэддээ хүртээх асуудлыг дэмжиж байна. Хамгийн гол нь тухайн хуулийг дагалдан гарсан 2-3 хууль дээр онцгойлон анхаарах хэд хэдэн асуудал байна.

Ашигт малтмалын хуульд “нэг хувьцаа эзэмшигч ялангуяа стратегийн орд эзэмшиж байгаа нэг хувьцаа эзэмшигчийн эзлэх хувьцааны хэмжээ дээд тал нь 34 хувиас илүү хэтрэхгүй байна” гэж заасан. Стратегийн томоохон хөрөнгө оруулагч 51 хувиас дээш хувьцаа эзэмшиж байж тухайн төслийнхөө менежментийг хийж авч явах боломж нь бүрддэг.

Тиймээс төр тухайн ордын 34 хувийг эзэмших заалт оруулж ирсэнээр Рио Тинто шиг, Англи, Америкийн томоохон хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож, хөрөнгө оруулах боломжгүй боллоо гэж үзэж байна. Засгийн газраас өгч байгаа мэдээллээр Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан иргэн, ААН-үүдэд  хамаарахгүй гэсэн зүйл ярьж байгаа. Түүнчлэн төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн байх юм бол тухайн ордын 50 хувийг төр үнэгүй эзэмшинэ, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн стратегийн орд байх юм бол 34 хувийг төр үнэгүй эзэмших заалт бий.

Ингээд харахаар өнгөрсөн хугацаанд төрийн оролцоог бууруулах талаар ярьж байсан төрийн бодлого эсрэгээрээ төрийн оролцоог улам нэмэгдүүлэхээр боллоо.

Угтаа стратегийн томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх үүд хаалгыг хуулиар хааж байна.

-Монгол Улсын Засгийн газартай стратегийн том орд дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд төр 34 хувь эзэмших зүйл заалт хамаарахгүй гэх ойлголт өгсөн. Тэгэхээр нэгэнт хөрөнгө оруулах бол Засгийн газартай гэрээ хийчихвэл ямар нэгэн эрсдэл үүсэхгүй юм биш үү?

– Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан бол төр 34 хувийн хувьцаа эзэмших энэ заалт дараагийн том төслүүд дээр хамаарахгүй гэдэг асуудал ярьж байгаа. Бидэнд ямар болгоомжлол байна гэхээр одоогийн байдлаар томоохон стратегийн орд газар дээр гэрээ байгуулж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан газар зөвхөн Оюутолгой төсөл байна.  Тухайлбал, Орано групп хөрөнгө оруулалтын гэрээгээ хийж амжаагүй байгаа. Тэгэхээр Ашигт малтмалын одоо мөрдөгдөж байгаа хуулиар нэг хувьцаа эзэмшигч 34 хувиас илүүг эзэмшихгүй гэхээр Хөрөнгө оруулалтын гэрээг одоогийн байгаа Ашигт малтмалын хуульд нийцүүлж л гаргана шүү дээ. Хуулиас давсан гэрээ Засгийн газар байгуулж болохгүй. Тиймээс юу гэж хардаад байна гэхээр дараа дараагийн томоохон төслүүдэд 34 хувиас илүү хувь эзэмшихийг зөвшөөрөхгүй юм байна. Тийм учраас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан газруудад хамаарахгүй гэдэг заалт үйлчлэхгүй байх болов уу гэж болгоомжилж байна.  Энэ талаар зарим нэг хуулийн болон аудитын фирмүүдээс тодруулахад 34 хувийн тухай заалт тодорхойгүй байна гэсэн хариу өгсөн.

Хөрөнгө оруулагчдад ийм тодорхойгүй байдал үүсгэх ёсгүй учраас энэ заалтыг яаралтай тодорхой болгох шаардлагатай. Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдтай халз мэтгэлцэхэд бэлэн байна.

-Хууль эрх зүйн орчинтой холбоотой өөрчлөлтүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, зарим талаараа нөлөө үзүүлээд эхэлсэн болов уу?

-Гадны хөрөнгө оруулагчдад аль хэдийнэ буруу дохио өгөөд эхэлчихсэн. Олон улсын аудитын фирмүүдэд гэрээ контрактууд нь эхнээсээ цуцлагдаад эхэллээ. Хоёрдугаарт, стратегийн ордоос эзэмшиж байгаа 34 хувийн хувьцаагаа бэлэглэх юмуу, өвлүүлэхээр бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/-т 30 хувийн татвар оногдуулахаар заасан. Бидний хувьд уг заалтыг олон улсын жишигт нийцэхгүй байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, тодорхой стратегийн орд гэх нэрийн дор хөрөнгө оруулагчдыг ялгаварлаж байна.

Том зургаар нь аваад үзвэл нэгдүгээрт, төрийн оролцоог бууруулах биш нэмэгдүүлж хоёрдугаарт, Баялгийн сан цаашид үржиж, өсөөд иргэд, олон нийт үр ашгийг нь хүртээд явж байх ёстой байтал аль хэдийнэ тус санд төвлөрөх ёстой орлогыг хязгаарлах шийдвэр гаргаж байна. Төр 34 хувийг нь шууд эзэмших заалтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчид орж ирэхээс болгоомжилно. Ялангуяа төр дийлэнх хувийг нь эзэмшиж байгаа нөхцөлд тухайн төсөл урагшаа явахад маш хүндрэлтэй. Тийм учраас богино хугацаанд уг хуулийн гажуудлыг засч, залруулах ёстой.  УИХ-ын хаврын чуулган өндөрлөх дөхсөн энэ хугацаанд амждаггүй юм бол шинээр бүрдэх УИХ-ын гишүүд уг бодлогыг сайжруулж, засч залруулах хэрэгтэй. Өмнө нь Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдаж, гэнэтийн ашгийн 68 хувийн татвар оногдуулж байсныг дараагийн УИХ нь засч залруулж байсан. Энэ жишгээр алдаа гаргасан бол засч залруулаад явах хэрэгтэй.

"ДОЛДУГААР САРД ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА"

-Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг Монголд ирэхийг уриалж, хөрөнгө оруулагчдад нээлттэй, ээлтэй, бодлого нь тогтвортой улс болж байгаагаа зарласан. Мөн өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй гэж хэлж байсан. Эргээд харахад ам ажлын зөрүү хэр харагдаж байна?

-Ам ажлын зөрүү асар их байна. Яагаад гэхээр Засгийн газар нэг гараараа хөрөнгө оруулагчдыг урьчихаад, нөгөө гараараа түүнийхээ эсрэг ажиллаж байна. Тухайлбал, Баялгийн сангийн тухай хуулийн хэлэлцүүлэг олон нийтээр хийгдээгүй.

УИХ-д яаралтай горимоор оруулж ирээд баталсан. Бизнесийнхэн болоод хөрөнгө оруулагчид уг хуульд санаа бодлоо тусгах боломж байсангүй. Эцсийн байдлаар хэлэлцэгдэж байсан хувилбарыг үзэх боломж ч байсангүй.

Хууль болоод батлагдсаных нь дараа л мэдээлэл авч байна. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчихөөс гадна АНУ-тай байгуулсан Ил тод байдлын  хэлэлцээрийг ч мөн зөрчсөн. Түүнчлэн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн асуудал хөндөгдөх учраас англи хэл дээр танилцуулагдах ёстой ч танилцуулаагүй. Монгол Улсын Засгийн газар төрийн бизнес дэх оролцоог бууруулна гэж амласан боловч төрийн оролцоог улам нэмэгдүүллээ.

Ялангуяа “Төрийн өмчийн болон орон нутгийн оролцоотой компаниуд уг  хууль үйлчлэхгүй” гэж өөрсдөдөө давуу тал үүсгэсэн. Гэтэл хувийн хэвшлийнхэнд болохоор өөрийнхөө хайгуулаар олоод ирсэн хөрөнгийн чинь 34 хувийг нь төр үнэгүй эзэмшинэ гэдэг нь хууль ашиглаж дээрэм хийх үзэгдэл.

Хөрөнгө оруулагчдыг яагаад заавал 34 хувиар хязгаарлаад байгаа юм.  Ирэх долдугаар сард  эдийн засгийн чуулган болно. Уг чуулганд оролцох хөрөнгө оруулагчдад Баялгийн сангийн тухай хуулиа танилцуулахдаа “Та нар стратегийн орд газруудад  34 хувиас илүү хувь эзэмшиж болохгүй”  гэвэл хөрөнгө оруулагч нарт сайхан сэтгэгдэл төрөхгүй. Харин Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан тохиолдолд уг зүйл заалт үйлчлэхгүй гэх ойлгомжгүй байдал бий болгож болохгүй. Хөрөнгө оруулагчид хуулийн орчинтойгоо нийцсэн л гэрээ байгуулна. Сүүлийн үед хууль батлахдаа хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр  яаралтай горимоор халхавчилж батлан гаргаж байгаа нь буруу жишиг тогтоож байна. Дайн байлдаан, цар тахал  гэдэг ч юм уу онцгой нөхцөл байдалд хуулийг яаралтай горимоор хэлэлцдэг. Гэтэл бизнес, эдийн засагтай холбоотой асуудлуудыг мэргэжлийн зөвлөл, холбоодтой зөвлөгдөхгүйгээр батлан гаргах нь хийдэлтэй, цоорхойтой, хуудуутай хууль батлагдан гарахын дохио.

Олон улсын зах зээл дээр Монгол Улс хөрөнгө оруулалтын ямар орчин бүрдүүлж, ямар бодлого явуулж байгааг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Гэтэл хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлөх хууль эрх зүйн орчныг гэрлийн хурдаар бүрдүүлж байна.

-Олон улсын жишгийг харахад төрийн оролцоо өндөр байх нь хөрөнгө оруулалт болоод бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагтай, ардчилсан улс гэсэн тодорхойлолттой боловч эдийн засгийн хувьд төрийн оролцоо хэт өндөр байгаа талаар судлаачид шүүмжлэх болсон шүү дээ?

-Олон улсын жишгийг харахад эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байх нь бизнесийн орчинд дандаа сөргөөр нөлөөлж байдаг.  Төрийн өмчийн оролцоо өндөр байх тусмаа авлига хээл хахууль, шилэн бус байдал, хүнд суртал гэх мэт асуудлуудын тоо хэмжээ нэмэгдсээр ирсэн.

Төр бол ерөөсөө л хууль тогтоогч, хууль дүрэм тогтоогчийнхоо үүргийг гүйцэтгэх ёстой болохоос биш нэг гараараа хууль тогтоочхоод, нөгөө гараараа хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, өөрсдөдөө давуу тал олгоод байж болохгүй л дээ.

Төрийн баталсан хууль нь төрд үйлчлэхгүй, хувийн хэвшилд үйлчилнэ гэдэг дабль стандарт  тогтоож болохгүй. Олон улсын жишгээр төрийн оролцоо их байх тусмаа бизнесүүдэд халтай, чирэгдэл учруулдаг. Эдийн засаг нь зах зээлийнхээ горимынхоо дагуу хөгждөггүй. Хувийн хэвшил эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч, татвараар орлого бүрдүүлж байдаг, технологи, нөү хау нэвтрүүлж, шинэ ажиллах хүчин оруулж ирж байдаг.

Тиймээс төр ажилгүйдлийг бууруулъя, орлогоо нэмэгдүүлье, дундаж давхаргыг бий болгоё гэсэн зорилтууддаа хүрэхийн тулд хувийн хэвшлээ дэмжээд, дүрэм журам, хууль эрх зүйн орчин тодорхой болгоод дэмжээд явах ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Америкийн худалдааны танхим, Австралийн Худалдааны танхим, Европын Худалдааны танхим хамтраад уг хууль дээр тусгагдсан дээрх хоёр заалтад хэсэгчилсэн хориг тавих хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хүлээж авсангүй. Хууль нь батлагдчихлаа. Хөрөнгө оруулагчдад өгсөн буруу дохио аль хэдийнэ түгшүүрийн харанга дэлдээд  эхэлчихлээ. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний ололт бий болж байсан.

Эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл тодорхой хэмжээнд сэргэх хандлагатай байсан бол одоо хөрөнгө оруулагчдыг улам цааш түлхсэн хууль эрх зүйн орчин бүрдүүллээ. Сонгуульд санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг бүхэлд золиослож болохгүй л дээ.

"СОНГУУЛЬ ДАГАСАН ХИЙРХЭЛ, СОЛИОРОЛ РУУ ЯВМААРГҮЙ БАЙНА"

-Монгол Улсад 2009 онд байгуулсан Оюутолгой төслийн гэрээнээс өөр гадны томоохон хөрөнгө оруулагч байхгүй. Дараагийн том төслийг хамтран хэрэгжүүлэгчээ хайж байгаа. Тухайлбал, ураны гэрээ оны дараахан зурагдах товтой байсан ч одоо болтол үзэглээгүй байна. Хэрэгжихээр ярилцаж байсан томоохон төслүүдэд ямар нөлөө үзүүлж байна?

– Ураны төсөл гэрээ зурагдаагүй удааширсан нөхцөл байдалтай байгаа. Гэтэл хуулийн орчин нь өөрчлөгдчихлөө. Дээр нь  Халзанбүргэдэй гэхчилэн дараагийн чухал ашигт ашигт малтмалын салбар, газрын тосны төсөл дээр хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа хэд хэдэн томоохон төслүүд байна. Саяхан Уул уурхайн сайд Ж.Ганбаатар хэвлэлд ярилцлага өгөхдөө газрын тосны нөөц ордыг гадныханд нээлттэй санал болгохоор сонирхож орж ирэх компаниуд алга. Ганцхан Петро Чайна, Матад сонирхож орж ирсэн. Бусад нь Монгол Улсыг сонирхохгүй гэдгийг хэлсэн.

Гэтэл бодит байдал дээр манай танхимын гишүүн газрын тосны чиглэлээр ажилладаг компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд, бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хийгээд явахаар янз бүрийн шалтгаанаар хойшлуулж, янз бүрийн хүнд суртал гаргаж, бичиг баримт бүрдүүлэлтийн явц нь урагшилдаггүй.

Нэг ёсондоо аль хэдийнэ ороод ирчихсэн байгаа хөрөнгө оруулагчийн асуудлаа шийдвэрлэхгүй байж “хөрөнгө оруулагч орж ирэхгүй байна” гээд сууж байгаа нь харамсалтай.  Салбарын сайд тухайн ярилцлагадаа “Газрын тосны салбарт 50 хувийг нь төр эзэмших нөхцөлтэй учраас, дээр нь ураны салбарт 50 хувийг нь төр эзэмшдэг учраас ямар ч хөрөнгө оруулагч эдгээр салбарыг сонирхож орж ирдэггүй” гэж ярьсан байсан.

Гэтэл Хятад улс автомашины салбартаа либерал бодлого явуулсны үр дүнд Америк, Япон, Солонгос гэх мэт автомашин үйлдвэрлэдэг томоохон зах зээлүүдийг ардаа хаяад өөрсдөө цахилгаан машин үйлдвэрлэж дэлхийд тэргүүлсэн хамгийн том үйлдвэрлэгч болчхоод байна.

Хэрэгжүүлсэн бодлогыг нь харахаар өнгөрсөн жилүүдэд Хятадад хөрөнгө оруулж байгаа автомашины үйлдвэрүүдэд Засгийн газраас татаас олгож, аажимдаа нөү хау, ажиллах хүчнээ бэлтгэж дэлхийд тэргүүлэгч машин үйлдвэрлэгч болсонтой адилхан л ийм бодлогыг Монгол Улс хэрэгжүүлэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад нөү хау, мэргэжилтэй боловсон хүчинтэй болдог. Мэргэшсэн хүний нөөц дээрээ тулгуурлаад эх орондоо дараа дараагийн үйлдвэрлэлийг явуулах боломж бүрдэнэ. Асуудлыг том зургаар нь харж шийдвэрлэхээсээ илүүтэй хэдхэн гэр бүлийн асуудлыг Монгол Улсын асуудал болгож, түүгээрээ олон улсын хөрөнгө оруулагчдад аюултай дохио өгч байна.

-Монгол Улс олон төрлийн сантай. Төрийн сангуудыг тонон дээрэмдсэн муу жишээ ч олон. Баялгийн санг бодитоор баяжуулж, үр ашгийг нь иргэдэд хүртээхийн тулд засаглал, менежментийн хувьд анхаарах шаардлагатай асуудал юу байна гэж харж байна?

-Баялгийн сангийн талаар зөв сайн ойлголттой болох хэрэгтэй. Тухайлбал, хуримтлалын сан, хөгжлийн сан, ирээдүй өв сан дээр мэргэжлийн, бизнесийн чадвартай менежерүүдийг ажиллуулах нэн шаардлагатай.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тусгай сангууд яаж тоногдож, хаягдсан талаар олон гашуун түүх бий. Тиймээс эдгээр сангуудад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Баялгийн сангуудыг хэрхэн арвижуулах юм. Баялгийн сангаа бүрэн дүүрэн байгууулж ч амжаагүй байхад эхнээсээ хуримтлалын сан гэж үүсгээд тус сангаас аль хэдийн 10 мянган айлын ипотекийн зээл санхүүжүүлэх шийдвэр гаргаж, эхнээсээ гэрчилгээ гардуулаад эхэлчихлээ. Хуримтлалын сангаа байгуулсан өдрөө л хуримтлалын сангаа үгүй хийсэн ийм байдлаар явах юм бол Баялгийн сангийн үндсэн ойлголт, зарчим алдагдана. Баялгийн сан гэдэг бол тухайн санд хэсэг хугацаанд хуримтлал бий болгоод, тухайн хуримтлалыг олон улсын зах зээлд хөрөнгө оруулж арвижуулаад  иргэддээ жил бүр ногдол ашиг  тараах зарчимтай. Гэтэл Баялгийн сангаа байгуулсан өдрөө тараагаад, хуваагаад эхэлсэн түүх дэлхийд байхгүй. Энэ бол маш харамсалтай хэрэг. Ийм байдлаар явах юм бол Баялгийн сангууд цаашдаа балгийн сан болно. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үржихийн хүрдээр урагшилах биш хуваагдахын хүрдээр хорогдох асуудал болно. Тийм учраас аль болохоор богино хугацаанд зөв голдиролд нь оруулж, олон нийтэд тус сангийн талаар зөв ойлголтуудыг өгөх хэрэгтэй. Дэлхийд нийтдээ 50 гаруй Баялгийн сан байдаг юм байна. Эдгээр сангуудын зарчим нь ерөөсөө эрүүл бизнесийн ухаан, эдийн засгийн бодлогоор л явдаг. Түүнээс биш популист байдлаар хөрөнгө нь төвлөрөөгүй, бүрдээгүй байхад тараагаад явуулчихдаг бол асуудал болно. Эцэст нь Баялгийн сандаа төвлөрүүлэх орлогоо 34 хувийн заалтаар хязгаарлачихаад иргэд, олон нийтэд ямар ногдол ашиг тарааж өгөх юм. Эдгээр сангууд арвижихгүй, хөгжихгүй байсаар сонгуулийн өмнө ашигладаг Тавантолгойн ХХК-ийн  хувьцаа шиг ийм юм болгочих вий дээ гэж болгоомжилж байна. Тийм учраас шилэн болгох, дотоод хяналт тавих, олон нийтийн компани болгох зэрэг ажлуудыг яаралтай хийхгүй Монголбанк, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эдийн засаг хөгжлийн яам хариуцаж ажиллах юм байна. Эдгээр яамдууд Засгийн газрын бүрдэл хэсэг болсон газрууд.

Өнгөрсөн хугацаанд ямар бодлого явуулж, иргэдийн өв хөрөнгийг шамшигдуулаад байгааг нь бид мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад л ийм сан одоо бий болчихмооргүй л байна.Эдийн засаг сонгуулийн өмнө богино хугацаанд тэлж, халсан байна.

Тэтгэвэр, цалин нэмсэн, ипотекийн зээлд 500 тэрбум, малчны зээлд их хэмжээний мөнгө төсөвлөсөн, ногдол ашиг гэх мэт бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, эдийн засаг халж байгаа учраас Сонгуулийн дараа инфляци нэмэгдэж, эдийн засгийн байдал хүндэрнэ, цахилгааны үнэ нэмэгдэнэ. Зөв л бодлого явуулмаар байна. “Алсын хараа байхгүй бол ойрын зовлон мундахгүй” гэдэг шиг сонгууль дагасан хийрхэл, солиорол руу явмааргүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.