Монгол банхар дэлхийн аварга боллоо


5-р сарын 8
16 цаг 24 минут

Олон улсын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “World dog show 2024” Хорватын нийслэл Загреб хотод болж, монгол банхар анх удаа дэлхийн тавцанд өрсөлдөн тэргүүн байр эзлээд өчигдөр эх орондоо ирлээ.

Тус тэмцээнд 98 улсын 376 үүлдрийн 18 350 нохой оролцсоноос Монголын уугуул үүлдэр монгол банхар анх удаа дэлхийн дэвжээн дээр гарч өрсөлдсөн нь онцлог үйл явдал байлаа. Монголоос оролцсон хамт олон монгол уламжлалт гэрээ үзүүлэн, эдлэл хэрэгсэл, уугуул банхрын түүхийг дэлгэн, үндэснийхээ хувцсыг өмссөн нь нохой сонирхогчид төдийгүй тэмцээний шүүгчдийн сонирхлыг их татжээ. FCI нь нийт нохдыг үүрэг зориулалтаар нь 10 группт ангилдаг бөгөөд дэлхийд бүртгэгдээгүй ч бүртгүүлэхээр төлөвлөж байгаа үүлдрийн нохдыг 11-р группт тооцон өрсөлдүүлдэг. Монгол орноос улсын аварга цолтой Хангарьд, Толигор, Гүен нэртэй гурван нохой дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Үүнээс Шандын харуул Хангарьд нь 11 дүгээр группт өрсөлдөн 18 үүлдрийн нохдоос тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон. Харин Гүен, Толигор ноход нь Хорватын аваргаар тодорчээ.

Монголын нохой судлалын холбоо, Монгол банхар судлалын холбооны хамт олон монгол банхраа дэлхийд бүртгүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Монголын нохой судлалын холбооноос “World Dog Show 2024” монгол банхар тэмцээнд оролцсоноор цаашдаа 2025 онд тус үүлдрийг Олон улсын нохой судлалын холбоонд бүртгүүлэх хүсэлт гаргахад том нөлөө үзүүлэх аж. Сонирхуулахад, Олон улсын нохой судлалын холбоонд нийт 367 үүлдэр албан ёсоор бүртгэгджээ.

Монголын нохой судлалын холбооны тэргүүн Б.Энхбаяр ярихдаа, “Дэлхийн 100 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын нохой судлалын холбоо гэж байгууллага бий. Уг байгууллагад манай холбоо 2009 онд гишүүнээр элсээд, өнгөрсөн жил албан ёсны эрхтэй гишүүн болсон. Харин ирэх жил монгол банхар нохойг албан ёсны үүлдрээр бүртгүүлэх гэж байна. Энэ хүрээнд Монголоос гурван банхар “World Dog Show 2024” тэмцээнд оролцууллаа. Анх удаа оролцсон манай баг Хорватын аварга, 11-р группийн дэлхийн аваргад болоод эх орондоо ирж байна. Монгол банхар анх удаа дэлхийн рингэнд гарснаараа онцлогтой. Олон улсын нохой судлалын холбооноос тавьсан шаардлагуудыг хангасан учраас ДАШТ-д оролцох эрх авсан. Хол газрыг зорьсныхоо хэргийг гаргалаа.

Цэвэр үүлдрийн уугуул нохой мөн эсэхийг шалгадаг хэд хэдэн шалгуур бий. Тэр бүхнийг хангасан учраас 2025 онд Финландын Хельсинк хотод болох олон улсын чуулган дээр монгол банхрыг албан ёсоор танилцуулж, дэлхийн албан ёсны үүлдрээр бүртгэх юм.

Загребт болсон тэмцээний үеэр дэлхийн нохойн мэргэжилтнүүд монгол банхартай албан ёсоор танилцлаа. Бид зөвхөн тэмцээнд оролцоод зогсохгүй эх орноо давхар сурталчиллаа” гэв.

Дэлхийд 260 гаруй цэвэр цусны үүлдэр бүртгэлтэй байдаг. Үүнээс 50 орчим үүлдрийн нохой Монголд бий. Тэгвэл Монголын нохой судлалын холбоонд 12 мянган цэвэр үүлдрийн нохой бүртгэгдсэнээс 8000 нь зөвхөн монгол банхар байдаг ажээ. Түүнчлэн ирэх сарын 14-16-нд “Mongol nomad 2024” нохойн олон улсын үзэсгэлэн, тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тэгвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Хангарьд хэмээх монгол банхар нь өдгөө таван настай.

Түүний эзэн Д.Түвшинтөр ярихдаа, “Би нохой тэжээгээд 38 жил болжээ. Монгол банхрыг онцолж тэжээдэг. Нохой маань Шандын харуул-Хангарьд гэдэг. Монгол нохой яг монгол хүн шиг ямар нөхцөлд маш хурдан дасан зохицох чадвартай, тэсвэр тэвчээртэй гэдгийг сая мэдэрлээ. Хоол солигдох, урт аялал, цаг агаар гэх мэт зүйлээс болж ядрах болов уу гэтэл огт тэгээгүй. Хангарьд маань маш адал явдалтайгаар энэхүү тэмцээндээ оролцсон. Хангарьд маань миний анх тэжээж байсан Хаба хэмээх нохойны минь гурав дахь үе. Монгол банхар хамгийн гол нь эрүүл бие цогцостой байх ёстой. Хэтэрхий том байх нь биеийн анатомийн гажигтай байх магадлалтай учраас монгол банхарт стандарт батлуулсан. Монгол банхар цоо эрүүл, ажлын чадамж маш өндөр, өөртөө итгэлтэй байх ёстой” гэв.

Харин Хорватын аваргаар шалгарсан Гүен, Толигор нарын эзэн Л.Билгүүн, “Миний хоёр нохой Хорватын аваргаар тодорлоо. Маш сайхан байна. Толигор дөрөв, Гүен нэг настай. Багаасаа л нохой тэжээх, үржүүлэх хоббитой байлаа. Харин 2016 оноос цэвэр цусны монгол банхар үржүүлж, тэжээж эхэлсэн. Толигор, Хангарьд нарын эцэг нь Дайчин нэртэй Монгол Улсын аварга нохой байдаг. Монгол банхар бусад үүлдрийн нохойг бодоход тэжээхэд хялбар, хүндрэлгүй. Үндэсний онцлог юм уу даа. Дөрвөн улиралд маш сайн дасан зохицох чадвартай” хэмээн ярилаа. 

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.