2019 оноос хойш алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас долоон уран зургийг олж тогтоосон гэж өнөөдөр мэдээлсэн юм.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "2019 онд Дүрслэх Урлагийн Музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулах уран зургууд алдагдсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад анх ирүүлж байсан. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн. Тухайн үеийн алдагдсан гэх зургуудын зарим нь олдсон мэдээлэл урьдчилсан байдлаар тогтоогдсон байгаа.
Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээдэд тухайн зургууд ямар зорилгоор хэзээ, яаж очсон нь шалгалтын явцад тогтоогдох учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Тухайн зураачийн уран бүтээл мөн эсэхэд холбогдох шинжилгээ хийлгэж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулдаг" гэж ярилаа.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул уран зураг алдагдсан хэрэгт хэн гэдэг хүнийг холбогдуулан шалгаж байгааг хэлэх боломжгүй гэв.
Сэтгэгдэл бичих