У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид


4-р сарын 25
13 цаг 55 минут

У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирж, хаа сайгүй горилогчид тойрог нь тодорхойгүй ч тойглох ажлаа хийгээд тун завгүй. УИХ-ын гишүүд нь ч хуралдаа суухгүй, чуулган, байнгын хороодын хурал ирц бүрдэхгүй, Төрийн ордон эл хульхан байгаа энэ өдрүүдэд хэн хэн нэр дэвшихээр горилж байгаа нь анхаарал татсан сэдэв юм. Ялангуяа эрх баригч МАН доторх намын томчуудын хуваарилалтаас олон зүйл шалтгаална. Хэдийгээр МАН-ын экс дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон ч түүний нам доторх нөлөө арилаагүй гэдгийг энэ удаагийн сонгуульд горилогчдоос харж болно.

МАН-аас хэн хэнийг жагсаалтад оруулах, хэн хэнийг тойрогт нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй вэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар шийднэ гэсэн үг.  Бид энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “сойж” байгаа горилогчдыг онцолж байна.

Ерөнхийлөгчийн хувьд тойрогт өөрийн туслах, зөвлөх, төрсөн дүүгээс эхлээд олон хүн сойж байгаа бөгөөд намын жагсаалтад ч хэд хэдэн хүн багтаахаар улс төрийн хөшигний ард яригдаж буй.

У.ХҮРЭЛСҮХИЙН ТӨРСӨН ДҮҮ У.ОТГОНБАЯР

Хамгийн их анхаарал татаж буй горилогч бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр. У.Отгонбаярын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд зүүн бүст нэр дэвшихээр тойргоо тойглож яваа. Тэрбээр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажилладаг бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар зөвлөхийн ажлаа хийх нэрээр тойргоо усалж, сумдаар тойрж яваа. Ерөнхийлөгч өөрөө ч Хэнтий, зүүн бүс чиглэлээс гаралтай, УИХ-д дөрвөн ч удаа сонгогдож байсан учраас тойргоо дүүдээ “бэлэглэж”, улс төрийн ургийн мод үргэлжлүүлж байна хэмээн шүүмжлүүлж буй.

ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН  Ж.ЭНХБАЯР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз Ж.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгууль өнжиж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулсны дараа ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогдсон байдаг. Өмнө нь 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд сонгогдож, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд хийж байсан. Тэрбээр одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй. Ерөнхийлөгч энэ удаад УИХ-д өөрийн төлөөллөө оруулахдаа Ж.Энхбаярыг ирэх парламентад сонгогдох, бүр УИХ-ын дарга болгох тохироотой нэр дэвшүүлж буй хэмээн улс төрийн хүрээнд яригдаж буй. Ж.Энхбаярын хувьд ҮАБЗ-ийн даргын ажлаа өгөөд, Төвийн бүс буюу Сэлэнгэ, Дархан, Төв аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР

У.Хүрэлсүхийн цэргийн, багийн найз гэгддэг Г.Сайханбаяр түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь Батлан хамгаалын сайдаар томилогдож, Л.Оюун-Эрдэнийн үед нь сайдын албаа үргэлжлүүлж буй. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жил Архангай аймагт нэр дэвшинэ хэмээн цэргийн наадам зохион байгуулж,  юм л бол Архангайг зорьдог байсан бөгөөд энэ удаад тойрог томорч, Архангай, Баянхонгор, Өвөрхангайн хангайн бүсэд өрсөлдөхөөр яригдаж буй.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэдэг. 2016-2020 онд Б.Батцэцэг Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байгаад У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоход Гадаад харилцааны сайдаар дэвшин томилогдсон байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон ч У.Хүрэлсүхийн хэд хэдэн сайдыг хэвээр үлдээсний нэг нь Б.Батцэцэг. Б.Батцэцэгийн хувьд мөн л хангайн бүс буюу Арханхангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшихээр горилж буй. Түүнийг намын жагсаалтад орох, нийслэлийн тойрогт нэр дэвшүүлэх яриа гарч байсан ч Баянхонгор, Архангай, Өвөрхангайд нэр хүнд нь гайгүй байгаа учраас ийнхүү тойрогт нэр дэвшүүлэх тохироо хийгдсэн гэх мэдээлэл бий.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ С.ЛҮНДЭГ

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын  хүү С.Лүндэг У.Хүрэлсүхийг Шадар сайд байхаас нь хамт ажиллаж, шадар туслах, зөвлөхийн ажлыг нь хийж яваа. Өнгөрсөн дөрвөн жил аавынхаа төрсөн нутаг Төв аймгийг тойглож, битүүхэн нэр дэвших бэлтгэлээ хангаж байсан ч тойрог томорсон учраас түүний нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байсан юм. Гэвч тэрбээр Төв, Дархан, Сэлэнгэ аймагт Ж.Энхбаяртай хоршиж, горилж яваа.  С.Лүндэг одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажилладаг бөгөөд тойрог руугаа үе үе явж, сонгуулийн бэлтгэлээ хангасаар байгаа гэх.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.ДАВААДАЛАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хэд хэдэн зөвлөхөө сонгуульд “сойж” байгаа бөгөөд тэдний нэг нь эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай. Баянхонгор аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж удаан хугацаанд явсан ч тойрог томорсон учраас Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий. Д.Даваадалайгийн хувьд МАН-д элсээд удаагүй, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдоод удаагүйг нь зөвхөн Ерөнхийлөгчийн ивээлд орж, нэр дэвших хүсэлтэй яваа гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ч.ДАВААБАЯР

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярыг олон нийт баялаг бүтээгчдийн холбоогоор нь сайн танина.  Угтаа Ч.Даваабаяр Ардчилсан намын гишүүн байсан ч намын удирдлагатайгаа таарамжгүй харилцаатай байсаар ийн Ерөнхийлөгчийг У.Хүрэлсүхийг түших болсон. Ч.Даваабаяр 2012 онд Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр яригдаж байсан, АН-ын үед МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан хувьдаа телевиз, вэб сайттай. Түүнийг энэ удаад орон нутагт бус хотын тойрогт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ө.ЗОЛБАЯР

Ө.Золбаярын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь түүний хэвлэлийн албанд ажиллаж байгаад Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн.  Сэтгүүл зүй, тэр дундаа телевизийн салбарт олон жил ажилласан, туршлагатай Ө.Золбаяр Өмнөговь аймгийнх. Тиймээс ч тэрбээр энэ удаад говийн бүст нэр дэвшихээр горилж буй.  Говийн бүс буюу 7-р тойрог  Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймаг юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Т.МӨНХСАЙХАН

Т.Мөнхсайханы хувьд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Эрүүл мэндийн сайдаар нь ажиллаж байгаад хамт огцорсон бөгөөд ингэхдээ УИХ-ын  гишүүн болох тохироотойгоор сайдын албаа өгч, Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажилласан.  Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан,  “цагаан халад”-аасаа ч салдаггүй Т.Мөнхсайхан энэ удаад Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХ З.МЭНДСАЙХАН

У.Хүрэлсүхийн үед түүний танхимд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаад Засгийн газар огцорход хамт ажлаа өгсөн байдаг. Түүний дараа хэсэг хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад саяхнаас Ерөнхийлөгчийг түшиж, түүний квотоор нэр дэвшихээр горилж буй. Т.Мөнхсайханы хувьд Ховд аймгийн угшилтай бөгөөд тус тойрогт нэр дэвшихээр бэлтгэлээ эртнээс хангасан ч тойрог томорч, 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт нэр дэвшихээр яригдаж байна.

Сануулахад, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тавдугаар сарын 15-аас хойш тодрох бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан цагаас эхлэн албан ёсоор нэр дэвшигчид болж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх учиртай.

Ш.ЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.