Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.04.22/ боллоо. Хуралдааны үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Мөн тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1,000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэв.
Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээ үзүүлдэг 20 гаруй орон нутгийн өмчит үйлдвэрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд байдаг.
Түүнчлэн энэ онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах, зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгахыг үүрэг болгожээ.
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Сэтгэгдэл бичих