Б.Элбэгзаяа: Сэтгүүлчид гэлтгүй нийтээрээ "хоол идэлт, худалдан авалт" гэж ярин хэлээ "зэрэмдэглэж" байна


11-р сарын 24
16 цаг 14 минут

Монгол хэлний зөв бичих дүрэм, хэл зүйн хэм хэмжээ, найруулан бичих ур чадварыг хэвлэл мэдээллийн салбарт хэвшүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын монгол хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой чуулган өчигдөр (2026.11.24) болж өндөрлөлөө. 

Чуулганы үеэр гурван оролцогч илтгэл хэлэлцүүлсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа "Монгол хэлний зөв ярих, зөв дуудах хэм хэмжээ гэж бий. Бичгийн хэлэнд ч зөв дуудах хэм хэмжээ гэж байдаг. Уг хэм хэмжээг улс үндэстэн даяар тогтодог хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн юм. Нийгэм даяараа буруу ярьж байгаа мөртлөө зөвхөн сэтгүүлчдэд анхаараад байна вэ гэхээр нийгмийн хэлбэрийг тогтоож өгдөг гол салбар, хэрэгсэл юм. 

Тиймээс сэтгүүлчид өөрсдийн хэл найруулгыг засахгүй бол бусад салбарынхан буюу анагаах ухаан, эдийн засгийнхны хэлний хэм хэмжээ нэлээд алдаатай, буруу гажуу ярьдаг. Бие биенийгээ буруу ярихад даган дуурайж, чамирхахын тулд эх хэлээ хольж хутгаж байна. 

Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн орчин өргөжиж, зөвхөн мэргэжлийн байгууллагаар хязгаарлагдахаа больсон. Нийгмийн сүлжээ бүхэлдээ мэдээллийн орчин болжээ. Үүнийг дагаад хүмүүс бие биеэ дуурайн буруу, гажуу хэллэгийг шууд хэрэглэдэг болсон. 

Доод тал нь арван жил ажилласан сэтгүүлч найруулгын алдааг таньж, монгол хэлний найруулгад зохисгүй дагавар, нөхцөлийг хэрэглэхгүй байх дадалтай болсон байдаг.

Мөн шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй холбоотойгоор хиймэл оюун ухаан, хөрвүүлэг, орчуулгын программ, хүний яриаг бичвэр болгодог технологийг хэвлэл мэдээллийнхэн өргөн ашиглаж байна. Ингэхдээ тухайн материалыг шууд дамжуулах, нийтлэх тохиолдол бий. Уг нь багахан цаг гаргаж, хүний яриаг бичвэрт буулгасан ч хэл найруулгын хувьд засаж, өгүүлбэрийн эхлэл, төгсгөл, хоорондын холбоосыг зөв болгож өгөх шаардлагатай.

Зарим цахим сайтын мэдээ хүний яриагаар эхэлсээр байгаад шууд дуусдаг. Тухайлбал, эх сурвалжийн яриаг дамжуулж байгаад "Тэгж тайлбарласан юм" гэлгүй, шууд дуусчихаж байна. Сэтгүүлч тухайн мэдээллийг өөрийн найруулгаар дүгнэж, логик төгсгөлтэй болгох ёстой.

ЗӨВ ЯРЬЖ, АЛДААГҮЙ БИЧИХ ЧАДВАР ТУРШЛАГААР БИЙ БОЛДОГ

Редактор, хянагч нар бол хэл найруулгын хэм хэмжээг сахиулагчид юм. Редактор гэдэг үгийн утгыг ч манай нэрт дуун хөрвүүлэгч, соён гэгээрүүлэгч Жамцын Бадраа гуай "Журмыг сахиулагч" гэж тайлбарласан байдаг. Гэтэл өнөөдөр редакторууд энэ үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Үүнд олон шалтгаан бий.

Бид зөвхөн шинэ үеийн сэтгүүлчдийг шүүмжилж болохгүй. Сургуулиа төгсөөд нэг, хоёр жил, цаашлаад гурав орчим жил ажиллаж байгаа залуу сэтгүүлчдээс төгс найруулгатай, алдаа мадаггүй яриа, чанартай бүтээл шууд шаардах нь учир дутагдалтай. Учир нь зөв ярьж, алдаагүй бичиж нийтлэх чадвар туршлагаар бий болдог.

Доод тал нь арван жил ажилласан сэтгүүлч найруулгын алдааг таньж, монгол хэлний найруулгад зохисгүй дагавар, нөхцөлийг хэрэглэхгүй байх дадалтай болсон байдаг.

Өөрөөр хэлбэл, онолын мэдлэг, практик туршлага хосолж байж энэ чадвар төлөвшдөг.

Тиймээс шинээр төгссөн залуу сэтгүүлчдийг буруутгахаас илүүтэй редакторууд тэднийг халамжилж, зөвлөж, тусалж, удирдан чиглүүлэх хэрэгтэй юм. 

УИХ-ЫН ГИШҮҮД ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР "ХАРЖ", СЭТГҮҮЛЧИД ТҮҮНИЙГ ШУУД ДАМЖУУЛДАГ

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд жилийн ажлын төлөвлөгөөндөө монгол хэлний найруулгыг сайжруулах ажлыг тусгах шаардлагатай. Эрдэмтэн, судлаачидтай уулзах, сургалт зохион байгуулах, хэл найруулгын алдааг засах чиглэлээр бодлоготой ажиллах хэрэгтэй байна.

Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "согтуугаар" гэхийн оронд "согтуу үедээ" "согтуудаа" гэх мэт зөв хэллэгийг хэрэглэж хэвших шаардлагатай.

Хэрэв нэг сайд, нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл зөв хэрэглээг хэвшүүлж эхэлбэл бусад нь ч даган хэрэгжүүлэх боломжтой.

Гэтэл өнөөдөр парламентын сэтгүүлчид УИХ-ын гишүүдийн хэлж буй монгол хэлний хэм хэмжээнд нийцэхгүй үг, хэллэгийг шууд гарчиг болгон нийтэлж байна.

Энэ бол редактор ажлаа хангалттай хийхгүй байгаагийн нэг илрэл.

Нийтээрээ монгол хэлний мэдлэг багассан нь хотжилттой холбоотой. Монголчууд өмнө нь өргөн уудам нутагт тархан суурьшиж, хэлний хувьд харьцангуй уламжлалт орчинд амьдарч ирсэн. Харин хотод олон хүн төвлөрч, зөв, буруу нь ялгагдахаа больсон нэг төрлийн хэлний орчин бий болж байна. 

Бидний үеийнхэн харьцуулах зүйлтэй. Аав, ээж маань хүүхэд байхад ийм үг хэллэг хэрэглэдэггүй байсан гэдгийг санаж байна. Тухайлбал, "Би ингэж харж байна" гэхээс илүүтэй "Би ингэж бодож байна", "Надад ингэж санагдаж байна", "Миний үзэж байгаагаар" гэж хэлдэг байлаа.

Мөн "Хуулийн төсөл орж ирнэ" гэх мэт хэллэгийг ч анхаарах хэрэгтэй. Хүн орж ирдэг болохоос хуулийн төсөл амьд зүйл биш.

Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүдээс эхлээд олон хүн аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ "Би ингэж харж байна" гэж ярих болжээ. Юмыг нүдээр харж болох ч аливаа асуудлын талаар санал бодлоо илэрхийлэхдээ "бодож байна", "үзэж байна" гэж хэлэх нь монгол хэлний утга найруулгад илүү нийцнэ.

Эндээс хүмүүс аливаа зүйлийг уншиж судлан, тунгаан бодохоос илүүтэй өнгөц дүгнэх болсон юм биш биз гэсэн асуулт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, зөв, буруу хэрэглээг харьцуулж таних уламжлалт хэлний орчин суларч байна.

Мөн "Хуулийн төсөл орж ирнэ" гэх мэт хэллэгийг ч анхаарах хэрэгтэй. Хүн орж ирдэг болохоос хуулийн төсөл амьд зүйл биш. Иймээс "Хуулийн төслийг манай байнгын хороогоор хэлэлцэнэ гэх мэтээр утга, найруулгад нь нийцүүлэн илэрхийлэх нь зөв.

Ер нь монгол хэлний зөв хэрэглээг төлөвшүүлэхийн тулд зөвхөн сэтгүүлчдэд шаардлага тавих бус, нийгмийн бүх түвшинд хэлний боловсролыг дэмжих хэрэгтэй. Гэр бүл, сургууль, их дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн байгууллага бүгд өөр өөрийн үүргийг хариуцлагатай биелүүлэх шаардлагатай" хэмээн ярилаа.

 "ЗӨВХӨН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАР ГЭЛТГҮЙ НИЙТ ИРГЭДИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ СУЛ БАЙНА"

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулгын зөв хэрэглээний талаар бид олон жилийн турш хөндөж ирсэн Сэтгүүл зүйн хэл найруулгын асуудлыг 1970-аад оноос эхлэн ярьж, тухайн үед тулгарч байсан алдааг засаж залруулахын төлөө мэргэжлийн байгууллагууд анхаарч эхэлсэн. Мэдээж бүх алдааг зуун хувь арилгах боломжгүй ч зөв хэрэглээг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна. 

Бид өөрсдөө яриа, бичгийн хэлэндээ үүнийг анзаарахгүй явсаар өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулга бүхэлдээ алдаатай мэт ойлголт төрүүлж байна.

Өнөөдөр сэтгүүл зүйн салбарын хэл найруулгын тухай ярихад бид ихэвчлэн гаргаж буй алдааг тоочих төдий байна. Харин тухайн алдаа яагаад үүсэж байгаа, цаана нь ямар шалтгаан байгааг төдийлөн ярьдаггүй. Тухайлбал, хэл зүй, бүтээвэр, дагавар, нөхцөлийн хэрэглээний хувьд яг юун дээр алдаж байна вэ? Аль дагавар, нөхцөлийг буруу хэрэглэж байна вэ? Үүний уг шалтгааныг тодорхойлох шаардлагатай.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй алдаа мадагийг тоочих нь гол биш. Харин эдгээр алдааг засахын тулд юу хийх, ямар мэдлэг, ойлголтыг түгээх шаардлагатай вэ гэдэгт анхаарах цаг болсон.

Тухайлбал, үйл үгээс нэр үг үүсгэдэг "-лт" дагавар, үйлдэгдэх хэвийн дагавар, олон тооны дагавар, нөхцөлийг буруу хэрэглэх тохиолдол цөөнгүй байна. Эдгээрийн хэрэглээ тогтсон хэм хэмжээнээс хэтэрч, буруу хэвшсэнээр алдаа үүсдэг.

Бид өөрсдөө яриа, бичгийн хэлэндээ үүнийг анзаарахгүй явсаар өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулга бүхэлдээ алдаатай мэт ойлголт төрүүлж байна. 

Мөн гадаад хэлнээс, тухайлбал англи, орос хэлнээс орчуулахдаа нэр үг болон үйл үгийн хэлбэрийг шууд буулгах тохиолдол бий. Ингэхдээ монгол хэлэнд тохирохгүй "-лт" дагавартай хэлбэрийг хэвээр нь орчуулж байгаа нь алдаа юм. Гадаад хэлний бүтцийг шууд хуулбарлахын оронд монгол хэлний зүй тогтол, өгүүлбэрийн бүтэц, хэлний хэм хэмжээнд нийцүүлэн орчуулах шаардлагатай.

Нөгөө талаас зөвхөн хэвлэл мэдээллийн салбар гэлтгүй нийт иргэдийн монгол хэлний боловсрол суларч байна. Үүний нэг илрэл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч буй эх сурвалжуудын ярианаас харагддаг. Эх сурвалжийн алдаатай яриаг агуулгыг нь өөрчлөхгүйгээр, зөвхөн хэлний талаас нь засаж, редакторлах шаардлагатай. Гэвч өнөөдөр ийм ажил хийдэг редактор ховордсон байна.

Сэтгүүлчийн өөрийн бичсэн мэдээ, сурвалжилга зэрэг бичвэрт ноцтой алдаа харьцангуй бага ажиглагддаг. Харин эх сурвалжийн ярилцлагад өгүүлбэрийн утга, үгийн сангийн хэрэглээний олон алдаа гарч буй.

Бүх зүйлийг "-лт" дагавартай хэлбэрээр илэрхийлэх нь буруу хэрэглээг бий болгодог. Үүнтэй адил өөрөө үйлдэх хэвээр илэрхийлэх ёстой зүйлийг бусдаар үйлдэгдэх хэвээр орчуулах нь ч алдаа юм. Ингэснээр өгүүлбэрийн утга өөрчлөгдөж, идэвхгүй хэвийн хэрэглээ хэт нэмэгдэж байна.

Тэгэхээр идэвхтэй үйлийг идэвхгүй хэвээр орчуулахаар утга агуулга нь гажчихна. Монгол хэл чинь өөрөө их идэвхтэй хэл. Тэр үндсэн мөн чанар зарчмаа алдахгүйгээр хэдүүлээ зөв найруулдаг байя" хэмээн МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор М.Одмандах ярилаа. 

ХҮҮХДҮҮД ГАДААД ХЭЛИЙГ МОНГОЛ ХЭЛЭЭС ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙГАА НЬ БОЛОВСРОЛЫН БОДЛОГОТОЙ ХОЛБООТОЙ

Хүмүүс гадаад хэл сурч байгааг буруушааж болохгүй. Харин төрөлх хэлээрээ илэрхийлж болох үг, өгүүлбэрийг гадаад хэлтэй хольж хэрэглэх нь монгол хэлний онцлог, баялаг чанарыг алдагдуулж байна.

Монгол хэл бол монгол хүний, монгол үндэстний төрөлх хэл учраас юугаар ч сольж болохгүй үнэт зүйл юм. Мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын мэдлэгийг монголчууд төрөлх хэлээрээ дамжуулан авч ирсэн, цаашид ч авах ёстой. Гадаад хэл сурахын хэрээр төрөлх хэлний үнэлэмж буурч байгаа нь гадаад хэл сурч байгаатай холбоотой асуудал биш. Харин төрийн бодлого, ялангуяа боловсролын салбарын бодлогод алдаа байгаатай холбоотой юм. 

Тухайлбал, гуравдугаар ангиас нь буюу есөн настай хүүхдэд англи хэл зааж эхэлж байна. Зургаан настайдаа нэгдүгээр ангид орсон хүүхэд есөн насандаа монгол хэлээ бүрэн эзэмшиж амжаагүй байхад гадаад хэлтэй зэрэгцүүлэн суралцаж эхэлж байгаа хэрэг. Үүнд хүүхдийг буруутгах аргагүй. 

Тиймээс гадаад хэл сурахыг хориглох, буруушаах биш, харин хэдэн наснаас, ямар зорилгоор, ямар үе шаттайгаар заах вэ гэдгийг бодлогын түвшинд шийдэх шаардлагатай. Мөн сурах бичгийн агуулга, багш нарын бэлтгэл, төрөлх хэлтэй нь хэрхэн уялдуулж заах асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй.

Хүүхдийн хэлний боловсролд гэр бүлийн орчин маш чухал. Эцэг эх, ах эгч нар хүүхэдтэйгээ зөв, цэгцтэй монгол хэлээр ярьж, үгийн зөв хэрэглээг үлгэрлэн харуулах ёстой. Тухайлбал, хүүхдэд "Бая" гэж хэлэхийн оронд "Баяртай, дараа уулзъя" гэх мэт монгол хэлний бүрэн утгатай үг хэллэг хэрэглэж сурах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, монгол, гадаад хэлийг хольж хэрэглэх асуудлыг зөвхөн сургуульд даатгаж болохгүй. Сургууль, төрийн байгууллага, гэр бүл бүгд өөр өөрийн үүргийг хариуцлагатай биелүүлэх шаардлагатай юм.

Сэтгүүлчдийг ажилд авахдаа монгол хэлний мэдлэг, зөв хэрэглээг нь шалгах хэрэгтэй. Радио, телевиз, томоохон мэдээллийн сайтуудад ажиллах сэтгүүлчдээс хэл найруулгын шалгалт авч, ажлын явцад нь ч тогтмол хянадаг байх шаардлагатай. Мэдээний үг хэллэгийг яагаад ингэж хэрэглэж байгааг нь асууж, монгол хэлэнд тохирох өөр үг байгааг тайлбарлаж, зөв хэрэглээнд сургах хэрэгтэй.

Бүх шатанд ийм зарчмыг хэрэгжүүлж чадвал алдаа багасна. Эцсийн дүндээ төрөөс олон хууль, дүрэм журам боловсруулдаг ч түүнийг мөрдөж, хэрэгжүүлэх шатанд хариуцлага алдагдаж байна. Энэ нь зөвхөн төрийн байгууллагын бус, бидний өөрсдийн ч хариуцлагын асуудал юм.

Сэтгүүлчид бол олон нийтэд мэдээлэл түгээдэг хамгийн чухал байгууллагын төлөөлөл. Тиймээс бичгийн хэлийг орхигдуулж, ярианы хэлээр мэдээлэл хүргэх нь монгол хэлний баялаг, илэрхийлэх боломжийг хязгаарлах эрсдэлтэй.

Хоёр дахь шат нь тухайн сэтгүүлчийн ажилд орсон байгууллага юм. Сонин, сайт, радио, телевиз гээд хаана ч ажилласан туршлагатай ахмад сэтгүүлчид залуу ажилтнууддаа зөвлөгөө өгч, алдааг нь засаж, дадлагажуулах хэрэгтэй. Ингэхдээ буруутгаж, зэмлэхээс илүүтэйгээр зөв хэрэглээнд сургах, алдааг нь ойлгуулж засахад анхаарах нь чухал.

Хүнийг яллаж, шийтгэхээс илүүтэйгээр зөв болоход нь тусалдаг арга барил дутагдаж байна. Энэ нь монгол хүний мэдлэг, ухаан, сэтгэл дутсандаа гаргаж байгаа алдаа биш. Харин хариуцлагын тогтолцоо, ажлын дэг журам алдагдсантай холбоотой.

Энэ асуудал зөвхөн сэтгүүлчид, монгол хэлний хэрэглээнд хамаарахгүй. Бүх салбарын ажилтнуудын хариуцлагын тогтолцоонд ажиглагдаж байгаа нийтлэг асуудал юм. Хариуцлагын ийм сулрал бүх мэргэжлийн салбарт нөлөөлж, улмаар хүүхэд, залуусын хэл яриа, хэрэглээнд ч дам нөлөө үзүүлж байна" хэмээн МУИС-ийн Хэл бичгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Баянсан үзэл бодлоо хуваалцлаа. 

Сэтгүүлчид ард түмний хоолой, олон нийтийг санаа бодлыг төлөвшүүлэх гол хүмүүс учир эх хэлээрээ алдаа мадаггүй, зөв зүйтэй бичихийг уриалж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ3 минут 39 секундын өмнө19 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө4 минут 25 секундын өмнөБ.Элбэгзаяа: Сэтгүүлчид гэлтгүй нийтээрээ "хоол идэлт, худалдан авалт" гэж ярин хэлээ "зэрэмдэглэж" байна17 минут 1 секундын өмнөСэтгүүлч Б.Даваахүү шүүх хуралд цахимаар оролцоно19 минут 17 секундын өмнөИрэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв19 минут 37 секундын өмнөМамдани 9/11-ний халдлагатай холбоотой 84 мянган баримт дэлгэлээ20 минут 14 секундын өмнөОХУ-д ажилд зуучлах нэрээр иргэдээр цэргийн гэрээнд гарын үсэг зуруулжээ20 минут 45 секундын өмнөТайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд21 минут 10 секундын өмнөУлс тунхагласны баяраар одон медаль хүртэх эрхмүүд22 минут 8 секундын өмнө“Төрийн нууц нэрээр халхавчилсан гэрээ, хэлцлийг ил тод болгоно”1 цаг 11 минутын өмнөШ.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална11 сар 23. 17:04Өвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана11 сар 23. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.