Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд


11-р сарын 24
16 цаг 10 минут

Тайландын Хаант улсад аялж жуулчлах, суралцах, хөдөлмөр эрхлэх болон бусад зорилгоор зорчих Монгол Улсын иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.


Тайландын Хаант улсад визгүй зорчих нөхцөлд 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс өөрчлөлт орж, Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид тус улсад нэг удаад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр өмнө нь мөрдөж байсан 60 хүртэл хоног визгүй зорчих нөхцөл хүчингүй болсон. Хөдөлмөр эрхлэх, суралцах, урт хугацаагаар оршин суух болон аялал жуулчлалаас бусад зорилгоор Тайландын Хаант Улсад зорчих иргэд тухайн зорилгод нийцсэн ангиллын визийг Тайландын цахим визийн систем (https://www.thaievisa.go.th)-д урьдчилан мэдүүлж, шаардлагатай зөвшөөрлийг урьдчилан авах ёстой. Аялал жуулчлалын зорилгоор визгүй нэвтэрсэн иргэд холбогдох зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэхийг хориглодог болохыг анхаарна уу. Мөн нийгмийн сүлжээгээр өндөр цалинтай ажилд зуучлах, виз болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн зар, мэдээллийн үнэн зөвийг сайтар нягталж, хүн худалдаалах гэмт хэрэг, хөдөлмөрийн мөлжлөг, цахим залилангийн хохирогч болохоос сэрэмжилнэ үү.
 
Тайландын Хаант улсын хил залгаа бүс нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан газрын хилээр зорчих иргэдийг дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах болсныг анхаарна уу.
 
Тайландын Хаант улсад зорчих иргэд аялалд гарахын өмнө дараах шаардлагыг анхаарна уу. Үүнд:
  • Гадаад паспорт: Гадаад паспортын хүчинтэй хугацаа Тайландын Хаант улсад нэвтрэх өдрөөс хойш зургаан сараас доошгүй байх шаардлагатай.
  • Хилээр нэвтрэх цахим мэдүүлэг: Тайландын хилээр нэвтрэх цахим мэдүүлэг (Thailand Digital Arrival Card буюу TDAC)-ийг https://tdac.immigration.go.th цахим хуудаст бөглөнө (үнэ төлбөргүй).
  • Аялалтай холбоотой баримт бичиг: Хилээр нэвтрэх үед буцах, эсхүл цааш зорчих нислэгийн тийз, байрлах газрын мэдээлэл, аяллын зардлаа санхүүжүүлэх чадавхтай эсэхийг нотлох баримт шаардаж болзошгүй тул эдгээрийг бэлэн байлгана.
  • Визний хугацаа: Тайландад визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 500 тай баат (THB)-ын торгууль ногдуулах, албадан гаргах, тус улсад дахин нэвтрэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авна.

Тайландын Иргэний нисэхийн ерөнхий газар (CAAT)-аас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нислэгийн тээшийг шалгах шинэ зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Уг зохицуулалтын дагуу нисэх буудлын аюулгүй байдлын алба бүртгүүлсэн тээшинд сэжигтэй, хориглосон, эсхүл нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй эд зүйл байж болзошгүй гэж үзвэл холбогдох журмын дагуу зорчигчийг байлцуулахгүйгээр тээшийг нээж шалгах боломжтой.

Иймд иргэд онгоцны ачаанд өгч буй тээшиндээ хориглосон болон аюултай эд зүйл хийхгүй байх, гадаад паспорт, мөнгө, үнэт эдлэл, чухал баримт бичиг, зөөврийн цэнэглэгч (power bank) зэрэг эд зүйлээ гар тээшиндээ авч явах, агаарын тээврийн компани болон нисэх буудлын аюулгүй байдлын шаардлагыг чанд мөрдөхийг зөвлөж байна.

Тайландын Хаант улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум болон бусад хориглосон бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, эзэмших, худалдахтай холбоотой аливаа үйлдэлд хатуу хууль, дүрэм үйлчилдэг. Ялангуяа цахилгаан тамхи, түүний төхөөрөмж болон дагалдах хэрэгслийг Тайландад импортлохыг хориглодог болохыг анхаарна уу. Тайландын хилээр нэвтрэхэд согтууруулах ундааг нэг литр, тамхийг 200 ширхгээс хэтрүүлэхгүй байх ерөнхий хязгаарлалт үйлчилдэг.

Их хэмжээний бэлэн мөнгө (15,000 ам.доллар), эм, хүнсний бүтээгдэхүүн болон гаалийн мэдүүлэг шаардлагатай бусад бараа, бүтээгдэхүүн авч яваа тохиолдолд холбогдох журмын дагуу гаальд мэдүүлнэ.

Мөн Та бүхэн аялалынхаа турш Тайландын Хаан, хааны гэр бүл, шашин шүтлэг, соёл, зан заншлыг хүндэтгэж, тус улсын хууль тогтоомжийг чанд мөрдөнө үү.

Тайландын Хаант улсад зорчих, оршин суух хугацаанд яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд дараах утсаар холбогдоно уу.
• Цагдаа: 191
• Түргэн тусламж: 1669
• Жуулчны цагдаа (Tourist Police): 1155
• Гал түймрийн дуудлага: 199
Монгол Улсын иргэд Тайландын Хаант улсад зорчих, оршин суух хугацаандаа эрх зүй, эрүүл мэнд, аюулгүй байдал болон бусад асуудлаар консулын зөвлөгөө, туслалцаа авах шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Тайландын Хаант улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдоно уу.
Холбоо барих:
Утас: +66 (0)2 168 8598
Шуурхай утас: +66 061-026-9692
Цахим шуудан: bangkok@mfa.gov.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ3 минут 38 секундын өмнө19 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө4 минут 24 секундын өмнөБ.Элбэгзаяа: Сэтгүүлчид гэлтгүй нийтээрээ "хоол идэлт, худалдан авалт" гэж ярин хэлээ "зэрэмдэглэж" байна17 минутын өмнөСэтгүүлч Б.Даваахүү шүүх хуралд цахимаар оролцоно19 минут 16 секундын өмнөИрэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв19 минут 36 секундын өмнөМамдани 9/11-ний халдлагатай холбоотой 84 мянган баримт дэлгэлээ20 минут 13 секундын өмнөОХУ-д ажилд зуучлах нэрээр иргэдээр цэргийн гэрээнд гарын үсэг зуруулжээ20 минут 44 секундын өмнөТайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд21 минут 9 секундын өмнөУлс тунхагласны баяраар одон медаль хүртэх эрхмүүд22 минут 7 секундын өмнө“Төрийн нууц нэрээр халхавчилсан гэрээ, хэлцлийг ил тод болгоно”1 цаг 11 минутын өмнөШ.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална11 сар 23. 17:04Өвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана11 сар 23. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.