Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгснөөр 2027 оны зургаадугаар сард болох байсан Ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаасаа өмнө зарлагдахаар болсон. УИХ-д суудалтай улс төрийн намууд ч эхнээсээ хурлаа хийж удирдаж ажиллах хүмүүсээ сонгоод эхэлсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн амралтын өдөр сонгуулийн штаб байгуулах зорилгоор өчигдөр /2026.11.22/ Их тэнгэрт хуралдсан. Энэ долоо хоногт тов тогтоох асуудал илүү тодорхой болно гэсэн хүлээлттэй байна. Мөн тус хурлын үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудлаар намын удирдлага, эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр гараагүй байхад зарим улстөрч бие даан байр сууриа илэрхийлж буй асуудлыг хөндсөн байна.
Тодруулбал, намын дотоод дүрэм, шийдвэр гаргах зарчмыг баримтлалгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаархлаа илэрхийлж, хувийн улс төрийн үйл ажиллагаа явуулж буй 50-иас дээш насны улстөрчдөд хатуу анхааруулга өгсөн гэх мэдээлэл байна.
МАН нь улс төрийн ууган хүчний хувьд намын сахилга бат, дотоод зохион байгуулалт, хамтын шийдвэрийг баримтлах ёстойг хурлын үеэр мөн онцолжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд намаас хэнийг нэр дэвшүүлэхийг албан ёсоор шийдээгүй байхад улстөрчид өөрсдийгөө нэр дэвшигч мэтээр олон нийтэд танилцуулж байгаа нь намын нэгдмэл байр суурь, нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна. Иймд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аливаа улс төрийн үйл ажиллагаанд намын дүрэм, эрх бүхий байгууллагын шийдвэрийг баримтлах шаардлагатайг хатуу сануулжээ. Атал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа зарим нэг нэр дэвшигчид дээрх сануулгыг үл тоож, өчигдрийн хурлаар өөрийг нь нэр дэвшүүлэхээр тохирсон гэх худал мэдээллийг түгээж байгаад МАН-ынхан ихэд бухимдаж байгаа аж. Яарвал даарна гэж…

Сэтгэгдэл бичих