Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2019 оноос хөгжүүлж ирсэн MEDLE цахим контентын нэгдсэн санг шинэчилж, MEDLE 2.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ.
Боловсролын салбар энэ онд 7.1 их наяд төгрөгийн төсвийг батлуулсан. Энэ жилийн боловсролын салбарын төсөв өмнөх жилийнхээс 70 гаруй хувиар өссөн байна. Энэ онд боловсролын салбарт зургаан шинэчлэлийг хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд боловсролын салбарын төсвийг боловсролын шинэчлэл, хөрөнгө оруулалт, багш нарын цалин хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах аж. Дээр дурдсан зургаан шинэчлэлийн нэг болох цахим шилжилтийг шинэ шатанд гаргаж хөдөө орон нутгийн болон алслагдсан сум, дүүргийн хүүхдүүдийн цахим хэрэглээг хангах, интернэтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүллээ.
Covid-19 цар тахлаас хойш боловсролын салбар цахим платформ руу шилжээд байна. Монгол Улс ч мөн үүнээс хоцрохгүй хөл нийлүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээндээ өнгөрсөн хугацаанд сургуулийн интернэт хангамж, хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, цахим контентийн санг хөгжүүлж ирсэн. Харин одоо интернетийн хурдыг илүү нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг албаныхан хэлэв.
СУРГУУЛЬ БҮРД ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТ, ХҮҮХЭД БҮРД ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ТЭГШ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ
Боловсролын салбарын цахим дэд бүтцийг өргөжүүлэх, сургалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “GIGA санаачилга: Сургууль бүрд интернэт, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол” арга хэмжээ зохион байгууллаа.
GIGA санаачилгын хүрээнд Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн ерөнхий боловсролын сургуулиудыг интернэтээр хангах чиглэлээр МЦХ, Mobinet, Nexmind, G-Mobile, Kewiko компанитай ерөнхий гэрээ байгуулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн интернэтийн ашиглалт, үйлчилгээний ерөнхий гэрээг харилцаа холбооны оператор компаниудтай байгуулж, “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” санаачилгыг хэрэгжүүлж байна. Сургуулиудыг эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль болгох санаачилгын хүрээнд ХХБ, Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Nexmind, Mobinet, Монголын цахилгаан холбоо ХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Сэтгэгдэл бичих