Хятад улс хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж, төрөлт буурч буйтай холбоотойгоор 2030 он гэхэд ахмад настнууд болон хүүхдэд зориулсан асаргаа, халамжийн байгууллагуудыг шинэчлэх арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. Шинэчлэлтийн төлөвлөгөөг Иргэний хэрэг эрхлэх, Эрүүл мэнд, Боловсролын яамд хамтран боловсруулсан байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон үйлчилгээний чанарыг зэрэг сайжруулж, ахмад настны асаргаа, хүүхэд харах үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, нийцтэй байлгах нь уг төлөвлөгөөний зорилго юм.
Шинэчлэлтийн хүрээнд 2030 он гэхэд ахмадын асрамжийн газруудын орны 73 хувийг сувилахуйн тусламж шаардлагатай ахмадуудад зориулсан болгох, ахмадуудад зориулсан олон нийтийн асаргаа, үйлчилгээний төвүүдийг орон нутгийн нийт хамрах хүрээний 70 хувьд хүргэх зорилт тавьжээ. Мөн ахмадад зориулсан 2000 орчим төрийн өмчит асрамжийн газрыг шинэчлэхээр төлөвлөж байна.
Хүүхэд асрах үйлчилгээний тухайд бүх мужийн түвшний хотуудад хүүхэд асрах үйлчилгээний төвүүдийг байгуулах, гурав хүртэлх насны хүүхдийн хамрагдалтын түвшнийг 2025 оны түвшнээс зургаан нэгж хувиар нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Мөн цэцэрлэгүүдэд 2-3 насны хүүхдэд зориулсан анги нээхийг дэмжих, ажил олгогчдыг өөрсдийн байр талбайг ашиглан ажилчдынхаа хүүхдэд зориулсан асрах үйлчилгээ үзүүлэхийг дэмжихээр шинэчлэлтийн төлөвлөгөөнд тусгасан байна.
Эдгээр төслийг төв засгийн газрын төсөв, орон нутгийн засгийн газрын тусгай зориулалтын бонд болон арилжааны зээлээр санхүүжүүлэх бөгөөд ахмадын асрамжийн газрын урьдчилгаа төлбөртэй холбоотой залилангаас сэргийлэхийн тулд хяналтыг чангатгах ажээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл бичих