Авлигатай тэмцэх газарт албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нийт 1,112 өргөдөл, гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс 1,032-ыг нь 2026 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хянан шийдвэрлэсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо 185 нэгжээр буюу 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх нь боловсрол, эрүүл мэнд, газрын алба болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой байна.
Тодруулбал, сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилох, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас хандив, тусламж авч өөртөө давуу байдал олгох, худалдан авалт болон тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой гомдол зонхилжээ.
Авлигатай тэмцэх газар хяналт шалгалтаар Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдийг тогтоон шийдвэрлэсэн байна.
Энэ хүрээнд албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох чиглэлээр холбогдох байгууллагуудад нийт 156 албан бичиг хүргүүлжээ.
Мөн зөрчил гаргасан 69 албан тушаалтанд сануулах, албан тушаалын цалинг бууруулах, албан тушаал бууруулах болон нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцуулсан байна.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Сэтгэгдэл бичих