Аюулгүй сургуулийн хүрээнд зөвхөн сургуулийн орчны аюулгүй байдлыг хангахаас гадна хүүхдийн гэрээсээ сургуульдаа ирэх, тараад харих замын аюулгүй байдал, цахим болон олон нийтийн сүлжээн дэх аюулгүй байдлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна.
Харин ухаалаг сургуулийн хүрээнд сургалтын үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлж, багшийн ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ сургалтын үр дүнг дээшлүүлэх зорилт тавьжээ.
Энэ хүрээнд өнгөрсөн хичээлийн жил нийслэлийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийг Google Reference School буюу Google-ийн шаардлага, стандартыг хангасан жишиг цахим сургууль болгон хөгжүүлсэн. Уг туршлагыг цаашид түгээн дэлгэрүүлж, 2027 онд аймаг, дүүрэг бүрд нэг жишиг сургууль байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Google Reference School-ийн гол онцлог нь сурагчид сургалтын үйл ажиллагаандаа цахим төхөөрөмж ашиглах, багш нар цахим технологид суурилсан арга зүйгээр хичээл заах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Ингэснээр багшийн цахим ур чадвар дээшилж, сурагчдын бие даан суралцах чадвар хөгжихөөс гадна мэдээллийг шүүн тунгаах, зөв мэдээлэл боловсруулах, ашиглах чадварт суралцах боломж нэмэгдэнэ.

Сэтгэгдэл бичих