“Морьт говь ойл” ХХК-ийн шинээр барьсан, тус бүр нь 1000 м/куб, нийт 3000 метр кубийн багтаамжтай, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах гурван савыг өнөөдөр ашиглалтад орууллаа.
АҮЭБЯ-наас арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээл олгосноор 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд агуулах барьж байгаа. Ингэснээр импортын шатахууныг их хэмжээгээр нөөцлөх, нийлүүлэлтийн түр зуурын саатлыг давах, иргэд, аж ахуйн нэгжүүдийг шатахуунаар тогтвортой хангах боломж нэмэгдэхийг АҮЭБЯ мэдээлэв.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах хүчин чадлыг үе шаттай нэмж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхийг тусгасан. Шатахууны нөөцийг 6 сар хүртэлх хугацаанд хадгалах зорилгоор улсын төсөв, гадаадын зээл тусламжаар 250-300 тоннын багтаамжтай агуулах, савны цогцолбор барих төсөл хэрэгжүүлж байгаа билээ.
Манай улсад газрын тосны бүтээгдэхүүн, шатахуун хадгалах 300 орчим агуулах, савны байгууламж бий. Эдгээр нь 600-750 мянган тонныг багтаах хүчин чадалтай. Эдгээр савыг бүрэн дүүргэхэд манай улсын ердийн хэрэглээний шатахууны 30-45 хоногийн нөөцийг хадгалах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих