Төв аймаг энэ жил 490.783 тонн ургац хураан авч, газар тариалангийн үйлдвэрлэлээр улсын хэмжээнд тэргүүлсэн бол аймгийн хэмжээнд Эрдэнэсант сум хамгийн их ургац хураажээ.
Эрдэнэсант сумын эдийн засгийн 43.9 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг бөгөөд энэ жил 13154 га талбайд улаан буудай тариалж, 24052 тонн ургац хураан авсан байна.
Түүнчлэн улаан буудайн нэгжийн ургацаар сумын “Буянт төв” ХХК тэргүүлсэн байна. Тус компани 2026 онд 1069 га талбайд улаан буудай тариалж, га-гаас 40 центнер буюу нийт 4276 тонн ургац хураан авчээ. “Буянт төв” ХХК нь “Лидер-80” сортын үрийн туршилтын талбай ажиллуулдгаараа онцлогтой.
Эрдэнэсант сум нийт 22.747 га эргэлтийн талбайтай. Ургац хэвийн сайн жилд 12.612 га талбайгаас 21.302 тонн үр тариа хураан авч байсан үзүүлэлттэй юм.
Төв аймаг энэ жил үр тариа, төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээр улсын хэмжээнд тэргүүлж, сүүлийн 40 жилд авч байгаагүй өндөр ургац хураан авсан нь газар тариалангийн салбарын онцлох амжилт боллоо.

Сэтгэгдэл бичих