Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 46 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Экспортын үнийн дүнгийн 42.7 хувийг зэсийн баяжмал, 37.1 хувийг чулуун нүүрс эзэлжээ.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр тайлант хугацаанд 7.62 тэрбум ам.долларын зэсийн баяжмал, 6.62 тэрбум ам.долларын чулуун нүүрс экспортолсон байна. Эдгээр нь нийт экспортын 79.8 хувийг бүрдүүлж байгаа юм.
Биет хэмжээгээр авч үзвэл чулуун нүүрсний экспорт 88.9 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 36.9 хувиар өсжээ. Харин зэсийн баяжмалын экспорт 2.13 сая тонн болж 15 хувиар, төмрийн хүдрийн экспорт 7.45 сая тонн болж 3.2 хувиар тус тус нэмэгдсэн байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээс боловсруулаагүй нефтийн экспорт 2.75 сая баррель болж, өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар буурчээ.Алтны экспортын биет хэмжээ 5.9 тонн болж, 30.6 хувиар багассан байна.
Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоос ямааны самнасан ноолуурын хэмжээ өссөн нь анхаарал татаж байна. Энэ оны эхний 10 сард 3.71 мянган тонн самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар нэмэгджээ. Харин малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 31.3 мянган тонн болж, 20.5 хувиар буурсан байна.
Нийт экспортын үнийн дүнгийн 5 хувийг боловсруулаагүй болон боловсруулсан алт, 2.9 хувийг төмрийн хүдэр, 1.9 хувийг хайлуур жонш эзэлжээ.
Эх сурвалж: Монголын гааль

Сэтгэгдэл бичих