Монгол Улсаас экспортолж буй барааны гарал үүслийн цахим гэрчилгээг худалдааны түнш орнуудад харилцан хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар төр, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөл хэлэлцлээ.
Тодруулбал, Ази, Номхон далайн бүс нутгийн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх суурь хэлэлцээр (CPTA)-ийн хүрээнд хөнгөлөлттэй бус гарал үүслийн цахим гэрчилгээ (e-NPCOO)-г харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар Үндэсний ажлын хэсгийн наймдугаар өргөтгөсөн хуралдаан зохион байгуулжээ.
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатарын мэдээлснээр, тус танхим 2026 оны нэгдүгээр сарын 2-ноос экспортын барааны гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн байна. Гэвч зарим улс цахим гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй, цаасан хувилбарыг давхар шаарддаг хэвээр байгаа аж.
Иймээс улс хооронд цахим гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгох шаардлагатайг тэрбээр онцолжээ.
Энэ асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэж, гишүүн орнуудын хооронд цахим гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх эрх зүйн болон институцийн боломжийг судлах ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Бангкок хотод болсон CPTA-ийн Байнгын хорооны дөрөвдүгээр хуралдаанаас энэ чиглэлээр санамж бичиг эсвэл протокол боловсруулах боломжийг судлахыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст даалгажээ.
Хуралдаанаар цахим гарал үүслийн гэрчилгээг олгох, солилцох, баталгаажуулах, харилцан хүлээн зөвшөөрөх тухай протоколын төслийн зорилго, ач холбогдол болон Монгол Улсын эрх зүйн, техникийн бэлэн байдлыг хэлэлцсэн байна.
Мөн экспортлогч, импортлогчдод тулгарч буй хүндрэл, гадаад улсаас олгосон цахим гэрчилгээг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим

Сэтгэгдэл бичих