Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ.
Тус тэмцээнд 82 орны 600 орчим жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч зодоглохоор Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Чэмпионс Чэмп” баазад бэлтгэлээ базааж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр, 66 кг-д Б.Тэмүүжин, 73 кг-д Ц.Мишигтогоо, 81 кг-д Г.Түвдэнренчин, 90 кг-д А.Оджавхлан, Д.Ууганбилэг, -100 кг-д У.Мөнгөн-Учрал, +100 кг-д М.Тэмүүлэн нар барилдах аж. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, Л.Булган, 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Т.Ариунзаяа, Б.Батсувд, 63 кг-д Х.Маралмаа, Х.Ариунтунгалаг, -78 кг-д Э.Буян-Өлзий, +78 кг-д Ж.Анар гэсэн есөн тамирчин эх орноо төлөөлнө.
Залуучуудын ДАШТ-д оролцох Монголын багийг “Чэмпионс Чэмп” бааз болон “Батсол” компанийн захирал Н.Батсайхан ахална. Харин ахлах дасгалжуулагчаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Д.Энхбаатар, Ш.Цэвэлмаа, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн, Г.Бат-Эрдэнэ, Ц.Тэнгис нар ажиллах юм. Баг тамирчид энэ сарын 17-нд Ташкентыг зорих ажээ.
Ташрамд дурдахад, залуучуудын ДАШТ-ээс гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам нар алтан медаль хүртэж байв. Түүнчлэн гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг хошой мөнгө, Л.Энхрийлэн мөнгө, Ж.Амарболд, Л.Өнөболд нар хүрэл медаль хүртэж байсан юм.

Сэтгэгдэл бичих