"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"


11-р сарын 9
11 цаг 36 минут

Ардчилсан намын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


–Ардчилсан намын удирдлагууд Засгийн газарт хамтрахгүй гэж мэдэгдсэн ч МАН, Ардчилсан нам хоёр дээд түвшиндээ эцэслэлээ гэдэг мэдээлэл гарч, өнгөрсөн долоо хоногийн хамгийн том дуулианыг тарилаа. Харин таны хувьд ийм тохироог хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа илэрхийллээ. Үнэхээр хөшигний ард ийм тохироо яригдаж байна уу, МАН-ын явуулга юм болов уу. Та намын удирдлагаасаа тодруулав уу?

-Би гадаад яваад ирсэн учраас намынхаа удирдлагуудаас энэ талаар тодруулж амжсангүй. Ардчилсан нам Засгийн газарт хамтрах тухай олон нийтийн сүлжээнд мэдээлэлд ойр байдаг сэтгүүлчид жиргэсэн байна лээ. Тэгээд л би өөрийн байр сууриа илэрхийлсэн хэрэг. Би хүмүүсийн бичсэн жиргээ нэлээд үндэслэлтэй байж магадгүй гэж хардаж байна. Манай намынхан өнгөрсөн хавар Засгийн газрыг огцруулна гэж хэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл ойлгомжгүй, хачин авир гаргаж ирлээ. Засгийн газрыг огцруулна гэж 40 хэдэн хүн гарын үсэг зурсан гэж мэдээлсэн. Тэгснээ гэнэтхэн огцруулах гэж байгаа Засгийн газрынхаа зарим сайд нартаа хариуцлага тооц, чөлөөл гэсэн. Сүүлдээ Засгийн газар огцорвол УИХ тарах хэмжээнд хүрэх юм байна ч гэж байх шиг. Энэ мэт огцруулах гэж байсан Засгийн газрыгаа өмөөрөөд эхлэхээр нь бүр гайхаад, учрыг нь ойлгохгүй байсан юм.

МАН-ын дотоод тэмцэл ширүүсэхээр манай хүмүүс зориуд ийм тактик хэрэглэж байгаа юм байлгүй гэж бодож байлаа. Ардчилсан намтай, намгүй МАН-ынхан өөрсдийгөө унагааж байна шүү дээ. Гэтэл Ардчилсан нам Засгийн газартай хамтрах гээд байна гэдэг мэдээлэл цацагдаж эхэллээ.

Хавраас хойш манай намынхан хачин загнаад байсан нь ийм учиртай юм биш биз гэх хардлага төрүүлж эхэллээ. Ер нь Ардчилсан намаас сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг идэвхжүүлж, ордны улс төрөөс хол байна гэсэн чинь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагыг сонгож байгаа байдлыг нь ч харсан сөрөг хүчний үйл ажиллагааг идэвхжүүлэх удирдлагыг томилж чадсангүй. Харин ч эсрэгээрээ сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг идэвхжүүлэх Х.Тэмүүжин тэргүүтэй улстөрчдийг зайлуулсан. Миний хувьд энэ бүхнийг ажиглаад, улам л итгэл алдарч сууна.

-Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, ЕНБД С.Баярцогтыг огруулж,  Онц их хурал зарласан гэх мэдээлэл цацагдаж байгаа ч Ардчилсан намаас үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргалаа. Эрх баригчдаас илүү АН дотроо ингэж хагаралдаж байгаа юу гэж харж байна вэ?

-Сайн дурын "отряд" байгуулагдчихаад дур зоргоороо ярьцгааж байна. Намын Онц их хурлыг хэн дуртай нь зарладаг ч юм биш. Дүрэм, журам гэж бий. Үндсэн журмынхаа дагуу л Онц их хурлыг зарлана. Энэ бол Ардчилсан намын хагалах үйл ажиллагаа. Хяналтын ерөнхий хороо нь намын генсекийг огцруулах эрхгүй. МАН-ын оролцоо байна гэж хардаж байна.

-Хэрвээ Ардчилсан нам Засгийн газарт МАН-тай хамтарвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2028, 2032 оны сонгуулиар олонхи болно гэж харалтгүй болов уу? Ер нь хамтарсан тохиолдолд ямар эрсдэлүүд дагуулна гэж та харж байгаа вэ?

-Ардчилсан нам Засгийн газартай хамтарч байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулиа МАН-д өгөхөөр тохирсон гэсэн үг. Би энд огтхон ч эргэлзэхгүй байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй юм байна. Энэ бүх үйл явдал яг одоо зэрэгцээд яваад байгаагийн цаана МАН байна гэх хардлагыг төрүүлж байна. Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх эрхгүй болгосны дараа хамтарсан Засгийн газар байгуулж, нэг тоглоомны хүнийг нэр дэвшүүлэн МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаан хийж байна. Ардчилсан нам өмнө нь Засгийн газартай  хамтарсан гашуун туршлага бий шүү дээ.

Ер нь парламентад сөрөг хүчний дуу хоолой улам бүр суларч, унтарч байна. МАН-ын дотоод хагарал хүндрэх тусах Ардчилсан намын эв нэгдэл, дуу хоолой хүчтэй болох ёстой байтал эсрэгээрээ улам суларч байна.

Улс төрийн логик нь ойлгомжгүй. Яг үнэнийг хэлэхэд, гудамжинд алхаж яваа захын хүнээс асуухад, МАН бол Засгийн газрын эрх барьж чадахгүй юм гэдгийг хэлнэ. Юун Ерөнхийлөгч, олонхи болох вэ. Наадуул чинь чадахгүй гэдгийг хэнээс ч асуусан хэлээд өгнө. МАН дотроо хагарч, шившгээ хутгаж байгаа нь үнэн шүү дээ. Энэ шившгийн улмаас улс орныг самарч дууслаа. Эрх барьж чадахгүй байхад яагаад Ардчилсан нам найр тавьж, хамтрах тухай яриад байна вэ.

"МАН-ЫН БАГА ХУРЛААР АН-ТАЙ ХАМТРАН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХГҮЙ ГЭДЭГ ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН"

-МАН өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх барилаа. Энэ хугацаанд Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ хэр гүйцэтгэсэн гэж харж байна вэ. Ардчилсан намын бүлгийнх нь удирдлагуудын томилгоо хүртэл МАН-ын БЭТ-үүд гэх шүүмжлэл дагуулах. Ерөнхийлөгчийн сонгууль угтаж ийм томилгоо хийлээ гэх яриа ч дуулдах?

-МАН үнэхээр эрх барьж чадахгүй байгааг нь олон түмэн харж, ойлгочихоод байхад сонгуулиар олонхи болсон. Энэ чинь Ардчилсан нам ажлаа хийж чадаагүй гэсэн үг. Ард иргэд нь ойлгочихоод байхад сөрөг хүчин нь ойлгохгүй байна гэсэн үг. Сонгогчид ойлгочихоод байхад Ардчилсан нам ойлгохгүй байгаад л байдаг. Би Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлд найдлага тавьж байгаа. Энэ хүн манай намаас сонгогдсон нэр цэвэр улстөрч хүний нэг. Харин одоо гайхаад л байна. Хамтарсан Засгийн газар чинь дундаасаа л нэг Ерөнхийлөгч нэр дэвшүүлнэ биз дээ. Ардчилсан намаас нэг тоглоомын хүн нэр дэвшүүлэх гэж байна. Ийм зүйл хийвэл О.Цогтгэрэл болих хэрэгтэй.

Ардчилсан намын гишүүд Засгийн газартай хамтрах асуудлыг эсэргүүцэж, шаардлага тавих ёстой. Миний бие шаардлага тавихыг уриална. Хамаагүй ээ тав байна уу, 10 хүнтэй ч байсан тэмцэж, Төв талбай дээр гарна. МАН бас хамтарсан Засгийн газар байгуулах тухай ярьж байгаа бол маш ноцтой асуудал үүснэ. МАН-ын Бага хурлын тогтоолоор Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулахгүй гэдэг шийдвэрийг гаргасан шүү дээ. Үүний өмнөхөн хамтарсан Засгийн газраа огцруулсан.

-МАН, Ардчилсан намын гишүүд халаас нэгтэй болсон юм болов уу?

-Би янз бүрийн таамаг яримааргүй байна. Улс төрийн нөхцөл байдлыг ярьж байгаа юм.

–Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан улстөрчдийг хууль шүүхээр боомилж, хааж байна гэдгийг намын нөхөд нь хэлж, шүүмжилж байна. Ер нь Ардчилсан нам ямар зарчмаар нэр дэвшигчээ тодруулах ёстой вэ?

-Юуны өмнө Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэх дархан эрхээ хамгаалах ёстой. Энэ бол Ардчилсан намын онцгой, дархан эрх. Бид өөрсдөө сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг шийднэ. Тэрнээс биш ил, далд аргаар Ардчилсан намаас нэр дэвшигчдийг зайлуулах үйл ажиллагаа хийхийг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв хөндлөнгөөс Ардчилсан намаас нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлавал сонгуульд оролцож болохгүй. Ардчилсан нам сонгуулийг бойкотлох хэрэгтэй. Яагаад гэхээр өмнө нь МАН-ын захиалгаар Ардчилсан намынхныг нэр дэвшүүлээгүй баримтууд бүгд тодорхой болсон шүү дээ.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас сонгуульд нэр дэвших эрхэнд МАН халдсаар ирсэн гэсэн үг. МАН-ынхан Сонгуулийн ерөнхий хороо болон шүүхээр дамжуулан нэр дэвших эрхэд халдсаар ирсэн.

Энийг нь бид хүлээн зөвшөөрсөөр байгаад өөрсдийнхөө үндсэн эрхээ эдэлж чадахгүй байдалд хүргэж байна. Тийм учраас Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг бид өөрсдөө л шийднэ. Ардчилсан намаас хэн нэгэн нэр дэвшигчийг шийдээгүй байхад хөндлөнгөөс халдвал сонгуульд оролцож болохгүй. МАН-ынхан өөрсдийн тоглоомын намуудтайгаа сонгуулиа хийдэг юм байгаа биз. Гэхдээ Ардчилсан намаас хүлээн зөвшөөрөөгүй хүн удаан Ерөнхийлөгчөөр ажиллаж чадахгүй.

"УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"

-Хотын дарга Б.Пүрэвдагва ажлаа хэр сайн хийж байна вэ. Өмнөх даргынхаа хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг гацааж, зогсоосон гэх шүүмжлэлийг ч хэлж байна. Та ямар дүн тавих бол?

-Би шууд хэлье. Одоогийн Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва ажлаа хийж чадахгүй байна. Түүний хувьд ажлаа хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Хурим дээрээс хүн авч ирэх нь буруу юм байна гэж харж байна. Яг ямар ажил хийсэн бэ. Энэ хүн чинь одоо болтол юу хийхээ ойлгохгүй байх шиг.

-Хотын дарга метротой болох ажлыг 2027 оноос эхлүүлнэ гэж мэдээлсэн. Энэ удаа ажил хэрэг болж чадах болов уу. Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд хэр итгэл үнэмшилтэй байна вэ?

-Метротой болно гэж МАН-ынхан дандаа худлаа ярьсан. Эхлээд 2016 онд УИХ-ын сонгуульд МАН ялаад хамгийн түрүүнд метро төслийг зогсоосон. Дараа нь хотын дарга асан Х.Нямбаатар метроны ажлыг эхлүүлэх юм болсон чинь бас бүтэлгүйтсэн. Эрх баригчид метрогоор пи-ар хийдэг л болсон юм биш үү. Уг нь метрогоо барьсан бол 2020 оны есдүгээр сард ашиглалтад орох ёстой байлаа.

-Туулын хурдны замын ажлыг үргэлжлүүлэхдээ трассыг өөрчилж, нийслэлээс баруун тийш гарах гарц барина гэж байна. Ингэснээр хотын түгжрэл буурах болов уу?

-Би эрх баригчдын ярианд үнэмшихээ больсон. Энэ талаар ямар нэгэн тайлбар хийх сонирхолгүй болсон. Нэг нь төслөө хийнэ гэхээр нөгөөх нь болиулна гэх юм. Ер нь Туулын хурдны зам чинь зайлшгүй тавих шаардлагатай бүтээн байгуулалт. Туул голын үерийн даланг бэхжүүлэх зорилгоор дээгүүрээ хурдны зам тавих саналыг анх гаргасан. Яагаад гэхээр, Био комбинат, Шувуун фабрик одоогийн Дархан шиг хот болох ёстой юм. Харин Налайх чинь Эрдэнэт шиг дагуул хот болох ёстой байсан. Энэ хоёр хотыг холбосон хурдны зам тавихгүй бол Улаанбаатарын зам дээр асар том ачаалал ирнэ гэж тооцоолсон.

Тэгээд би Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Туул голын үерийн далан дээгүүр хурдны зам тавихаар ТЭЗҮ-ийг нь хийсэн юм. Тэгсэн чинь Х.Нямбаатар гарч ирээд Туул голын голдирол руу оруулж, усны урсгал дээгүүр тавихаар болсон. Хэзээ гол дээгүүр хурдны зам тавьж байсан юм бэ.

Яагаад ч ингэж хурдны зам тавьж болохгүй. Ер нь Туул голын үерийн даланг бэхжүүлэх шаардлага үүсээд байгаа учраас нэг сумаар олон туулай буудахаар анх төлөвлөж байсан хэрэг. Тэрийг нь гол дээгүүр тавихаар болгож, иргэдийн шүүмжлэл дагуулсан. Бүр болохгүй бол Богд уулынхаа урдуур хурдны замаа хийх хэрэгтэй шүү дээ.

-Засгийн газраас 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Ингэхдээ төрийн өмчит орон сууцанд зорилтот бүлгийн иргэдэд зөвхөн түрээслэхэд 700 мянга, түрээслээд өмчлөхөд 1.5 сая төгрөг гэж байна. Гэвч дан ганц тэтгэвэр, тэтгэмжээр амьдардаг, өрх толгойлсон өрхүүд энэ орон сууцанд хамрагдах боломжгүйг хэлж байна. Таны үед айл өрхүүдийг хэрхэн газар чөлөөлөлтөд хамруулж, орон сууцанд хамруулахдаа ямар зорилго тавин ажиллаж байв?

-Эрх баригчид худлаа ярьж байна. Хоёрт, Төлбөрийн чадавхид нийцсэн орон сууцны хөтөлбөр гэж бий. Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй зогсоосон. Тэрийг хэрэгжүүлж чадаагүй байж юун 100 мянган айлын орон сууц вэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно4 минут 25 секундын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"6 минут 1 секундын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ14 минут 26 секундын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов15 минут 17 секундын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ16 минут 5 секундын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ16 минут 39 секундын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна19 минут 17 секундын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ19 минут 48 секундын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ20 минут 11 секундын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.