Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир АНУ-ын Боловсролын яамны Мэргэжлийн, техникийн болон насанд хүрэгчдийн боловсролын асуудал хариуцсан дэд сайд Кейси Сакс, дэд сайдын орлогч Дуэйн Дункан нартай уулзаж, хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, суралцагчдын мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр АНУ-ын хэрэгжүүлж буй бодлого, туршлагыг танилцуулсан байна.
Мөн боловсролын байгууллага, ажил олгогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ технологи, хиймэл оюуны эрин үед шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилгын талаар хоёр тал мэдээлэл солилцов.
Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөд нийцсэн мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, түншлэлд суурилсан үр ашигтай санхүүжилтийн загварыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.
Талууд боловсролын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийг дэмжих чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэхээр санал нэгдэв.

Сэтгэгдэл бичих