Узбекистаны нийслэл Ташкент хотод самбо бөхийн 50 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.
101 орны самбочид оролцсон нь 1973 оноос эхлэлтэй ДАШТ-ий бүх цаг үеийн дээд амжилт байв. Олон улсын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Шестаков нээлтэд үг хэлэхдээ, “1973 онд болсон самбо бөхийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 улс оролцсон. Түүнээс хойш оролцогч орнуудын тоо ес дахин өссөн байна. Холбооны түүхэнд анх удаа ДАШТ-ий хөтөлбөрт харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн самбо бөхийн төрөл багтсан нь онцлог юм. Манай холбоо хүртээмжтэй байдлыг зарчим болгож, энэхүү спортын дэлхийн хөгжлийг дэмжих үүрэг амлалтаа харууллаа” хэмээжээ.
Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээний байлдааны самбо бөхийн эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд дэлхийн хошой аварга, олон улсын хэмжээний мастер Г.Баяндүүрэн шигшээ тулаанд эзэн орны бөх Лутфиллаа Сайдаматовыг ялснаар төрийн дууллаа Ташкентад эгшиглүүллээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат тэрбээр ДАШТ-ий байлдааны самбын төрөлд гурав дахиа түрүүлж байгаа нь энэ юм. Тэрбээр гурван алтаас гадна нэг хүрэл, нийт дөрвөн медальтай боллоо. Тэгвэл спорт самбо бөхийн эмэгтэйчүүдийн 54 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Сарантуяа, 59 кг-д Б.Алтанцэцэг нар мөнгө, 50 кг-д Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулсан байна.
Түүнчлэн Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Х.Батхишиг Олон улсын самбо бөхийн холбооны дээд шагнал хүртэж, хүндэтгэлийн Гэрэгэ гарджээ.

Сэтгэгдэл бичих